ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НИЙТЛЭГ ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

A- A A+
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН  УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НИЙТЛЭГ ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НИЙТЛЭГ ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Боловсролын багц хуулиуд Улсын Их Хурлаар 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдан, энэ оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан шинэчлэн батлагдсан Боловсролын багц хуулиудын хүрээнд өмнө мөрдөж байсан их, дээд сургуулийн удирдах зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан батлуулахаар бэлтгээд байна.

Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн төсөлд Дээд боловсролын тухай хуульд тусгагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөл сургалтын төлбөр, оюутны үйлчилгээний зардал, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу төрөөс хараат бусаар тогтоох, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах, гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг үнэлэх зэрэг Удирдах зөвлөлийн шинэ чиг үүргийг тусган орууллаа.

Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсгийг дагуу Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Дүрмийн төслийн талаарх саналаа oyunbilegoirov@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Баярлалаа.

 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НИЙТЛЭГ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Дээд боловсролын сургалтын байгууллага /цаашид “сургууль” гэнэ/-ын өөрийн удирдлагыг Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.
  2. Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь сургуулийг зохион байгуулалт, санхүү, материаллаг баазын хувьд бэхжүүлэх, бодлого, стратегийг тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, захирлын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд оршино.
  3. Удирдах зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын тухай багц  хууль бусад хууль тогтоомж болон энэ нийтлэг дүрмийг удирдлага болгоно.
  4. Энэ нийтлэг дүрэмд нийцүүлэн сургуулийн удирдах зөвлөл өөрийн дүрмээ боловсруулан баталж мөрдөнө.
  5. Харьяа сургуулийн удирдах зөвлөл нь энэ дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Хоёр. Удирдах зөвлөл байгуулах

2.1. Удирдах зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 26.2-т заасан бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Дээд боловсролын тухай хуулийн 26.3-т заасан төлөөллийн оролцоог хангасан байна.

            2.2.Сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг дор дурдсанаар томилно:

а.төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын үүсгэн байгуулагчийн төлөөллийг /8 хүн/ боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно;

б.төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын төлөөллийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр томилно.

2.3. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарын үйлдвэрчний эвлэлийн нэг төлөөллийг оруулах боломжтой бөгөөд уг төлөөлөл нь багш нарын төлөөллийн нэг байна.

2.4. Удирдах зөвлөл дэх багш, суралцагч, төгсөгчдийн төлөөллийг тэдгээрийн хамт олны 50-иас доошгүй хувийн ирцтэй хурлаас сонгоно.

2.5.Харьяа сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөлөлд харьяалах сургуулийн нь захиргаа, удирдах зөвлөл, орон нутгийн захиргааны төлөөллийг оролцуулах чиглэлийг баримтална.

       2.6.Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгох бөгөөд жил бүр зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг шинэчилж болно. Томилсон, сонгосон төлөөллөө татах буюу солих тухай үүсгэн байгуулагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага, хамт олны хурлын шийдвэр, эсхүл гишүүний өөрийн хүсэлтийг үндэслэн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна.

2.7.Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн саналаар 3 жилийн хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно. Удирдах зөвлөлийн даргыг хуулийн заалт, үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчилж болно.

2.8.Удирдах зөвлөл нь гишүүдийнхээ дотроос сонгосон нарийн бичгийн даргатай байна.

Гурав. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа

3.1.Удирдах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг үндэс болгон дор дурдсан чиг үүргийг гүйцэтгэнэ:

3.1.1. дээд боловсролын сургалтын байгууллагыг  хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, хөтөлбөрийг батлах, өөрчлөх;

3.1.2. дээд боловсролын сургалтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, тухайн жилийн төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;

3.1.3. аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив, тусламж авах журам тогтоох, зарцуулалтад хяналт тавих;

3.1.4. сургалтын төлбөр, оюутны үйлчилгээний зардал, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу төрөөс хараат бусаар тогтоох;

3.1.5. дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

3.1.6. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан, сургуулийн үйл ажиллагааны тайланд хийсэн дүгнэлтийг үүсгэн байгуулагчид танилцуулах;

3.1.7. нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг 5 жилийн хугацаагаар томилж, гэрээ байгуулах, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;

3.1.8. төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журмын дагуу гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулж, томилон ажиллуулах гэрээ байгуулах, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;

3.1.9. гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг үнэлэх, гэрээ дүгнэх журмыг батлах, өөрчлөх;

3.1.10. гүйцэтгэх удирдлагын гэрээг жил бүр дүгнэж, үр дүнд үндэслэн сунгах эсэхийг шийдвэрлэх;

3.1.11. Дээд боловсролын үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах;

3.1.12. Дээд боловсролын тухай хуулийн 32.1.1, 32.1.2, 32.1.3, 32.1.4, 32.1.5, 32.1.6, 32.1.7, 32.1.8, 32.1.9, 32.1.10, 32.1.11, 32.1.12, 32.1.13-т заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогыг захиран зарцуулах журмыг батлах;

3.1.13. Дээд боловсролын тухай хуулийн 12.4-т дурдсан хөндлөнгийн үнэлгээг хийх;

3.1.9. Дээд боловсролын тухай хуулийн 22.4-д дурдсан нэгжтэй бол тухайн нэгжийн журмыг батлах.

 

            3.2. Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг удирдах зөвлөлийн гишүүн ахална.

3.3. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн 60-аас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар олонхын саналаар шийдвэр /тогтоол/ гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, сургуулийн тэмдэг дарж баталгаажуулна.

            3.4.Удирдах зөвлөлийн хурлаар үүсгэн байгуулагчийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор зөвшилцөж тохиролцсон тодорхой асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэж чадаагүй тохиолдолд тухайн хурлын шийдвэрийг үүсгэн байгуулагч түдгэлзүүлж болно.

             3.5.Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Харин ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагчийн, Зөвлөлийн даргын, эсвэл 3-аас доошгүй гишүүний санаачилгаар хуралдуулж болно. Гүйцэтгэх удирдлага энэ талаар санал гаргаж болно.

             3.6.Удирдах зөвлөлийн хурлын товыг хурал болохоос 3-5 хоногийн өмнө зарлаж, нарийн бичгийн дарга нь холбогдох материалыг гишүүдэд хүргүүлнэ.

             3.7.Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гүйцэтгэх удирдлага, сургалтын албаны дарга, ерөнхий /ахлах/ нягтлан бодогч, багш, суралцагчийн төлөөлөгчийг оролцуулан санал, хүсэлт, тайлбарыг сонсож болно.

           3.8. Удирдах зөвлөлийн дарга дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.8.1. Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг үүсгэн байгуулагчтай, сургуулийн захиралтай тохиролцох, хурлыг зохион байгуулах, шийдвэрийг батламжлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

3.8.2. Удирдах зөвлөлийн гишүүдэд ажил үүргийн хуваарь гарган хариуцуулах, биелэлтийг хянах, зөвлөх;

3.8.3. Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийг тогтоох, төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих;

3.8.4. үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг тайлбарлах, ойлгуулах, зөвшилцөх ажлыг зохион байгуулах;

3.8.5. Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа, оролцооны талаарх үнэлэлт, дүгнэлтийг тухайн төлөөллөө сонгосон байгууллагад нь мэдэгдэх.

 

           3.9.Удирдах зөвлөлийн гишүүн дор дурдсан чиг, үүргийг хэрэгжүүлнэ:

3.9.1. сургуулийг хөгжүүлэх талаар гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх;

3.9.2. хариуцуулсан ажил, үүрэг, даалгаврыг чанартай биелүүлж, зөвлөлийн хурал, даргад мэдээлэх;

3.9.3. Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа

үзүүлэх, сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, эрх хэмжээнийхээ  хүрээнд хянан шалгах ажиллагаанд оролцох;

3.9.4. Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст шаардлага тавих, тайлбар гаргуулах, хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх.

Дөрөв. Удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчийн  хамтын

ажиллагаа

            4.1.Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа явц, үр дүнг үүсгэн байгуулагчийнхаа өмнө тайлагнана. Хэлэлцэх асуудлын талаар үүсгэн байгуулагчтай зөвшилцөж ажиллана.

             4.2.Үүсгэн байгуулагч нь Удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай бол энэ дүрмийн 2.7, 2.8-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.

            4.3. Дээд боловсролын сургалтын байгууллага татан буугдсан нөхцөлд Дээд боловсролын тухай хуулийн 10.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Тав. Бусад зүйл

            5.1.Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна. Удирдах зөвлөлийн албан хэрэгт дээд боловсролын сургалтын байгууллагын тэмдгийг хэрэглэнэ.

            5.2.Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах бичиг, хэрэг томилолтын зардал болон бусад зардлыг дээд боловсролын сургалтын байгууллагын тухайн жилийн төсөвт тусган зарцуулна.

  •