"ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ "-ЫН ТӨСЛИЙН САНАЛ АВЧ БАЙНА

A- A A+

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаа болон түүнтэй холбогдох бусад харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2.Зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаанд аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хууль, шударга ёс, тэгш байдал, академик эрх чөлөөг эрхэмлэнэ.

1.3.Зөвлөлийн үйл ажиллагаа нь докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл (диссертаци)-ийн онол, аргазүйн түвшин, үр дүн,  ач холбогдлын талаарх судалгаа, туршилтын ажлын үнэн зөвийг магадлан тогтоох, бусад судлаачдынхаас ялгаатай эсэхийг үнэлэхэд чиглэгдэнэ.

1.4.Зөвлөлийн хамгаалуулах чиглэлийг тогтоох, түшиглэх их сургуулийг сонгох Дээд боловсролын зөвлөлийн  дүгнэлтийг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Хамгаалуулах чиглэлээр зөвхөн нэг зөвлөл байна.

1.5.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Дээд боловсролын зөвлөлийн дүгнэлтийг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 3 жил тутам шинэчлэн батална.

1.6.Зөвлөл нь түшиглэсэн их сургуулийн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ. 

Хоёр. Түшиглэх их сургуульд  тавигдах шаардлага, хүлээх үүрэг

 

2.1.Зөвлөлийн түшиглэх их сургууль дор дурдсан шаардлагыг хангасан байна:

2.1.1.их сургуулийн докторын зэрэгтэй үндсэн багшийн тоо нь нийт багшийн тооны 45 хувиас багагүй байх;

2.1.2.хамгаалуулах чиглэлээр докторын зэрэг олгох сургалт эрхлэх зөвшөөрөл авсан байх;

2.1.3.хамгаалуулах чиглэлээр сургалт, судалгааны ажил гүйцэтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн нэгжтэй байх;

2.2. Түшиглэсэн их сургууль дараах үүргийг хүлээнэ:

2.2.1.зөвлөлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэн, үйл ажиллагааны зардал, гишүүн, шүүмжлэгчид цагийн хөлс олгох асуудлыг шийдвэрлэнэ.

2.2.2.зөвлөлийн гишүүдийн мэдээллийг дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем (цаашид “ДБУМС” гэх)-д жил бүрийн 10 дугаар сарын 25-ны дотор оруулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон даруй ДБУМС-д холбогдох өөрчлөлтийг оруулна.

Гурав. Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнд тавигдах шаардлага

3.1.Зөвлөлийн гишүүдийн тоо нь 9-ээс цөөнгүй 13-аас ихгүй эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн гишүүд нь дараах шаардлагыг хангасан байна:

3.1.1.тухайн хамгаалуулах чиглэлээр докторын зэрэгтэй, дэд профессор буюу түүнээс дээш цолтой байх;

       3.1.2.сүүлийн таван жилд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүл (Web of Science, Scopus)-д нэгдүгээр зохиогч, хамтран зохиогчоор, эсхүл хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд 4-өөс доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байх;

       3.1.3.зөвлөлийн гишүүн нь докторын судалгааны ажил удирдаж, хамгаалуулсан туршлагатай, тухайн шинжлэх ухааны чиглэлээр нэг сэдэвт бүтээл 2-оос доошгүйг туурвисан байх;

       3.1.4.сүүлийн таван жилд эрдэм шинжилгээ, судалгааны төсөл удирдсан, оролцсон, оюуны өмчийн бүтээл туурвисан туршлагатай, сургалтын үйл ажиллагаанд оролцсон байх;

3.2.Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

3.3.Зөвлөлийн даргыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно. Нарийн бичгийн даргыг түшиглэсэн их сургуулийн гишүүдээс зөвлөлийн дарга томилно. Зөвлөлийн орлогч даргыг түшиглэсэн их сургуулиас өөр байгууллагын төлөөллөөс нэр дэвшүүлж, зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

3.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэг байгууллагын төлөөллийн тоо зөвлөлийн нийт гишүүдийн гуравны нэгээс ихгүй байна.

3.5.Зөвлөлийн гишүүн хоёр хүртэлх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах боломжтой. Хоёр зөвлөлд ажиллаж буй гишүүний тоо тухайн зөвлөлд гурваас ихгүй байж болно.

3.6. Докторын зэрэг горилогч (цаашид “горилогч” гэх)-ийн суралцсан чиглэл, диссертацийн сэдвийн онцлогийг харгалзан санал өгөх эрхтэй хоёр хүртэл эрдэмтнийг зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нар зөвлөлдөн хамгаалалтын өргөтгөсөн хуралдаанд томилон оролцуулж болно.

3.7.Зөвлөлийн бүрэлдэхүүнд дор дурдсан шалтгаанаар өөрчлөлт оруулна.

3.7.1.эрүүл мэндийн шалтгааны улмаас зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон;

3.7.2.нэгээс дээш жилийн хугацаагаар гадаад улсад урт хугацаагаар амьдарч, ажиллах болсон;

3.7.3.ажил, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдсөн;

3.7.4.нас барсан;

3.7.5.гишүүн зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарах хүсэлт гаргасан;

3.7.6.зөвлөлийн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа  тасалсан.

3.8. Зөвлөл нь төрийн болон албаны, хувь хүний нууцын хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллана.

Дөрөв. Горилогчид тавигдах шаардлага

4.1. Докторын хөтөлбөрийн сургалт, эрдэм шинжилгээний багц цагийг бүрэн дүүргэж, хангалтай үнэлгээ авсан байна.

4.2.Горилогчийн судалгааны ажлын сэдэв нь тухайн зөвлөлийн хамгаалуулах чиглэлд хамаарагдсан байна.

4.3.Горилогч нь судалгааны ажлынхаа хүрээнд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүл (Web of Science, Scopus)-д нэгдүгээр зохиогч, хамтран зохиогчоор, эсхүл хянан магадлагаа хийгддэг дотоодын мэргэжлийн сэтгүүлд 3-аас доошгүй өгүүллийн нэгдүгээр зохиогч, үүнээс 2 өгүүллийг удирдагчтайгаа хамтран хэвлүүлсэн байна. Төрийн болон цэргийн албаны нууцад хамаарна гэсэн дүгнэлттэй бол хэвлүүлсэн байхыг шаардахгүй байж болно.

4.4.Горилогч нь урьдчилсан хамгаалалтаас өмнө судалгааны ажлын үр дүнгээ докторын сургалтын хөтөлбөртэй их сургуулийн мэргэжлийн тэнхим эсхүл Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн эрдмийн зөвлөлөөр 2-оос доошгүй удаа хэлэлцүүлсэн байна.

Тав. Зөвлөлийн чиг үүрэг,  үйл ажиллагаа

5.1. Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.1.1.зөвлөл нь горилогчийн диссертацийг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, дүгнэлт гаргах;

5.1.2.диссертацийн хамгаалалттай холбоотой асуудлаар горилогчид зөвлөгөө, мэдээлэл өгөх;

5.1.3.диссертаци шаардлага хангасан эсэх талаар шийдвэр гаргах

5.2.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь диссертацийн сэдэв, горилогчийн талаарх мэдээлэл, докторын зэргийн хамгаалалтын хуралдааны зарыг горилогчийн суралцсан сургууль, түшиглэсэн их сургуулийн албан ёсны цахим хуудаст байршуулна.

5.3.Горилогч хамгаалалт болохоос 10-аас доошгүй өдрийн өмнө хамгаалалтын зарыг, хамгаалалт болсноос хойш 15 өдрийн дотор судалгааны ажлын товч үр дүнг үндэсний өдөр тутмын тогтмол хэвлэлд Зөвлөлийн нарийн бичгийн даргаар хянуулан, нийтлүүлнэ. Зар болон судалгааны ажлын үр дүнг нийтлүүлэхтэй холбогдох зардлыг горилогч хариуцна.

5.4.Диссертацийг монгол хэлээр бичнэ. Диссертацийн товч хураангуйг англи хэл дээр 3 хуудаст багтаан бичиж судалгааны ажилд хавсаргана. Горилогч диссертациа англи хэлээр бичиж, хамгаалж болно.

  1. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хамгаалалтаас өмнө горилогчоос дараах баримт бичгийг хүлээн авна.

5.5.1.хамгаалалтад оруулахыг дэмжсэн ахисан түвшний нэгжийн дүгнэлтийг зөвлөлд хүргүүлэх тухай горилогчийн суралцсан сургуулийн захирлын албан бичиг;

5.5.2.хамгаалалтад оруулахыг хүссэн горилогчийн өргөдөл;

5.5.3.докторын зэрэг горилсон диссертаци;

5.5.4.докторантын диссертацийн сэдвийг баталсан болон удирдагч томилсон шийдвэр;

5.5.5.түшиглэсэн их сургуулийн судалгааны ажлын хуулбар шалгахүйл ажиллагаа хариуцсан нэгж эсхүл ажилтнаас авсан диссертацийн хуулбарлалтын хувийг тогтоосон лавлагаа, дүгнэлт.

  1. Зөвлөлийн нарийн бичгийн дарга хамгаалалт болохоос 10-аас доошгүй өдрийн өмнө гишүүдэд диссертацийг хүргүүлнэ.
  2. Энэхүү дүрмийн 4 дүгээр бүлэгт заасан шаардлагыг бүрэн хангаагүй, дүрмийн 5.5.1-5.5.5-д заасан баримт бичгүүдийн бүрдэл дутуу тохиолдолд зөвлөл горилогчийн өргөдлийг хүлээн авахаас татгалзана.
  3. Зөвлөлийн үйл ажиллагааг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө татан буулгаж, шинээр байгуулна. Үүнд:

5.8.1.дүрмийн 5.7-д заасан шаардлагыг зөрчсөн.

5.8.2.зөвлөл үйл ажиллагаандаа хууль тогтоомжийн болон ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа гаргасан нь мэргэжлийн байгууллага эсхүл боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон.

Зургаа. Докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаа

6.1.Докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаа нь урьдчилсан хамгаалалт,  хамгаалалт гэсэн хоёр шаттай байна. Зөвлөл урьдчилсан хамгаалалт, хамгаалалтыг хариуцан зохион байгуулна.

6.2.Горилогчийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор урьдчилсан хамгаалалтыг зохион байгуулна.

6.3.Урьдчилсан хамгаалалтын 2 шүүмжлэгчийг зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргатай хэлэлцэж томилно.

6.4.Горилогчийн диссертаци урьдчилсан хамгаалалтын шаардлага хангасан тохиолдолд зөвлөлийн хуралдаанаас албан ёсны 2 шүүмжлэгчийг томилно.

6.5.Зөвлөлийн нарийн бичгийн дарга диссертацийг шүүмжлэгч нарт хүргэнэ.

6.6.Шүүмжлэгч нь ажлын 10 өдөрт багтаан тухайн диссертацийн шүүмжийг зөвлөлийн нарийн бичгийн даргад бичгээр хүргүүлнэ.

6.7.Зөвлөлийн нарийн бичгийн дарга шүүмжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан горилогч болон удирдагчид хүргүүлнэ.

6.8.Зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэл хөтөлж, зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч даргаар баталгаажуулна.

6.9. Зөвлөлийн нарийн бичгийн дарга хамгаалалтын хуралдааны тэмдэглэл, шийдвэр, холбогдох баримт бичгийг хуралдаан болсноос хойш ажлын 15 өдөрт багтаан горилогчийн суралцсан их сургуульд хүлээлгэн өгнө.

6.10. Хамгаалуулах зөвлөлийн холбогдох баримт бичгийг түшиглэсэн их сургуулийн архивд хадгалуулна.

Долоо. Урьдчилсан хамгаалалт, хамгаалалтын

хуралдааны дэг

7.1.Урьдчилсан хамгаалалт болон хамгаалалтын хуралдааныг зөвлөлийн гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр зохион байгуулна.

7.2.Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаа зөвлөлийн даргад урьдчилан бичгээр эсхүл цахим шуудангаар мэдэгдэж зөвшөөрөл авч, урьдчилсан хамгаалалт, хамгаалалтын хуралдаанд цахимаар оролцож болох бөгөөд цахимаар оролцогч гишүүд хуралдаанд оролцож байгаа гишүүдийн 30 хувиас хэтрэхгүй байна. Урьдчилсан хамгаалалт болон хамгаалалтын хуралдаанд цахимаар оролцох тохиолдолд тухайн гишүүнийг хуралдаанд оролцсонд тооцож, ирцийг бүртгэнэ.

7.3.Урьдчилсан хамгаалалт болон хамгаалалтыг танхимаар хийнэ. Горилогч хүндэтгэн үзэх шалтгаанаа зөвлөлийн даргад урьдчилан бичгээр эсхүл цахим шуудангаар мэдэгдэж, зөвшөөрөл аван хамгаалалтад цахимаар оролцож болно.

7.4.Зөвлөлийн даргын эзгүйд хуралдааныг зөвлөлийн орлогч дарга удирдана. Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёул эзгүй тохиолдолд хуралдааныг хойшлуулна.

7.5.Урьдчилсан хамгаалалт болон хамгаалалтын хуралдааны үнэлгээг  зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар дүгнэнэ.

7.6.Нууц санал хураалтын үнэлгээгээр зөвлөлийн гишүүдийн 75 хувь ба түүнээс дээш хувиар дэмжсэн санал авсан тохиолдолд диссертацийг хамгаалсанд тооцно. Гишүүдийн саналыг  энэ дүрмийн хавсралтаар баталсан “Саналын хуудас”-аар авч нэгтгэн дүгнэнэ.

7.7.Урьдчилсан хамгаалалт болон хамгаалалтаар дэмжсэн санал авч чадаагүй тохиолдолд урьдчилсан хамгаалалт, хамгаалалтыг дахин нэг удаа зохион байгуулж болно. Дахин зохион байгуулах урьдчилсан хамгаалалт, хамгаалалтын зардлыг горилогч хариуцна.

7.8.Хуралдаанд цахимаар оролцсон гишүүн саналаа тооллогын комиссын даргад цахим шуудангаар өгч санал хураалтад оруулна. Комиссын дарга саналын нууцлалыг хариуцна.

7.9.Урьдчилсан хамгаалалт, хамгаалалтын хуралдаанд оролцохгүйгээр санал өгөх, хуралдаанд ирсэн боловч санал хураалтаас өмнө урьдчилж санал өгөхийг тус тус хориглоно.

7.10. Урьдчилсан хамгаалалт, хамгаалалтын хуралдааны дэг:

7.10.1.Хуралдааныг зөвлөлийн дарга нээж, ирц, хэлэлцэх асуудал, дэгийг гишүүдэд танилцуулах, батлуулах;

7.10.2.Горилогчийн тухай мэдээллийг зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах;

7.10.3.Горилогч диссертациа хураангуйлан илтгэх;

7.10.4.Албан ёсны шүүмжлэгчид шүүмжээ танилцуулах;

7.10.5. Горилогч албан ёсны шүүмжид хариу тайлбар хийх;

7.10.6.Удирдагч санал дүгнэлтээ танилцуулах;

7.10.7. Зөвлөлийн гишүүд горилогчид асуулт тавьж, хариулт авах;

7.10.8. Зөвлөлийн гишүүд санал, дүгнэлтээ илэрхийлэх;

7.10.9.Тооллогын комиссыг байгуулах;

7.10.10.Тооллогын комисс нууц санал хураалтын явуулж, дүнг нэгтгэж, тооллогын комиссын тогтоолыг танилцуулах;

7.10.11.Хуралдааны тогтоолын төслийг хэлэлцэн тогтоол гаргах;

7.10.12. Зөвлөлийн дарга хуралдааныг хаах.

Найм. Бусад

8.1.Хамгаалалт,  зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргааныг түшиглэсэн их сургууль ажлын 30 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

8.2.Горилогчийн судалгааны ажлын сэдэв нь тухайн зөвлөлийн хамгаалуулах чиглэлд хамаарахгүй байхад хамгаалалтад оруулахыг дэмжсэн дүгнэлт гаргасан ахисан түвшний нэгж ба сургуулийн удирдлага болон хамгаалтад оруулсан зөвлөлийн нарийн бичгийн даргад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.3.Горилогчийн диссертацийн шинжлэх ухааны түвшин, арга зүйн боловсруулалтын чанар болон судлаачийн ёс зүйтэй холбоотой санал гомдлыг тухайн хамгаалуулах чиглэлийн нэр хүндтэй эрдэмтдийг оролцуулсан ажлын хэсгийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулж, холбогдох дүрэм, журмын хүрээнд шийдвэрлэж болно.

8.4.Горилогчийн дипломын ажилд судалганы ёс зүйн ноцтой зөрчил илэрч энэ нь Судалгааны ёс зүйн дэд хороогоор тогтоогдсон тохиолдолд горилогчийн тус чиглэлээр судалгааны ажил хийхийг зогсоож, докторант, удирдагч багшид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.4.Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---

 

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙН ХАВСРАЛТ

 

САНАЛЫН ХУУДАС

 ...................................................................

/зөвлөлийн нэр/

Хуралдаан зохион байгуулсан огноо:

 

 

Горилогчийн овог, нэр:

 

Өгөх саналын дугаараа дугуйлж тэмдэглэнэ үү.

 

 

  1. ШААРДЛАГА ХАНГАСАН

 

 

  1. ШААРДЛАГА ХАНГААГҮЙ

 

 

Жич: Саналын хувилбарыг алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсхүл хоёуланг нь дугуйлж тэмдэглэсэн, дугуйлахаас өөр хэлбэрээр тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.

Журмын төсөлтэй танилцан саналаа battsetseg@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

---оОо---