"МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ ЖУРАМ"-ЫН ТӨСЛИЙН САНАЛ АВЧ БАЙНА

A- A A+

 

танилцуулга

 

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1, 9.3 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 24.1.5, 37.2.5, 38.2-т заасныг тус тус үндэслэн “Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа.

Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив 2012 оноос хойш шинэчлэгдээгүй бөгөөд салбарт төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2023 оны “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив батлах тухай” 200 дугаар тогтоолыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Засгийн газрын 200 дугаар тогтоолоор Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын 2023 оны батлагдсан төсөвт багтаан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, багш ажилчдын нийгмийн баталгааг хангах боломжийг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүдийг тусгаснаараа онцлог юм.

Боловсролын багц хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын хувьсах зардлын хэмжээг баталсан Засгийн газрын баталсан 200 дугаар тогтоолыг шинэчлэх шаардлага үүсээд байна.

"Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардал, түүний бүрэлдэхүүн"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын байршил, суралцагчийн тооноос хамаарсан итгэлцүүр”-ийг хоёрдугаар хавсралтаар, “Хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журам”-ыг гуравдугаар хавсралтаар батлуулахаар Засгийн газрын тогтоолын төслийн санал боловсрууллаа.

---oOo---

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН

 ГАЗРЫН ТОГТООЛ Төсөл

 

МЭРГЭЖЛИЙН болон техникийн

боловсрол сургалтын байгууллагын НЭГ

СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДлын

дундаж норматив БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1, 9.3 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 24.1.5, 37.2.5, 38.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардал, түүний бүрэлдэхүүн"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын байршил, суралцагчийн тооноос хамаарсан итгэлцүүр”-ийг хоёрдугаар хавсралтаар, “Хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журам”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.”Мэргэжлийн болон техникийн боловсролын мэргэжлийн чиглэл болон тэргүүлэх, нэн шаардлагатай мэргэжлийг дэмжих бодлогын итгэлцүүр”-ийг хамтран батлахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.

3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийг үнэлэх, үр дүнд суурилсан оновчтой хэлбэрээр санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 200 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой  мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын санхүүжилтийг харьяа төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвөөс санхүүжүүлнэ.

6.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

 

 

Засгийн газрын 2023 оны.... дугаар

тогтоолын 3 дугаар хавсралт

 

ХУВЬСАХ ЗАРДАЛ БОЛОН ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭНД

ТӨСӨВ ТООЦОХ АРГАЧЛАЛ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг ашиглан сургалтын үйл ажиллагааны зардлыг тооцож хуваарилах, санхүүжүүлэх, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурлан олгох үр дүнгийн санхүүжилтийг тооцох, хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаанд энэ журмыг мөрдөнө.

 1.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламжийн ашиглалт, их засварын зардал, дотуур байрны хоолны зардал, гэрээгээр гүйцэтгүүлж буй харуул хамгаалалтын зардал, багш, ажилчдын нийгмийн баталгааны зардал нь хувьсах зардлын бүрэлдэхүүнд тооцогдохгүй.

1.3. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн харьяа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагийг Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүжүүлнэ.

1.4.Хувийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын улсын төсвөөс нэг суралцагчид ногдох хувьсах зардлын санхүүжилт олгох үндэслэл нь байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, сургалтын үйл ажиллагааны хамрах хүрээ, тогтвортой байдал, үр дүнг илэрхийлсэн албан ёсны статистик, төсвийн төсөлд өгсөн санал, дээд шатны төсвийн захирагчтай байгуулсан гүйцэтгэлийн гэрээ, гэрээнд туссан шалгуур үзүүлэлтийн биелэлт байна.

 

Хоёр.Нэр томьёо

 

 2.1.Энэ аргачлалд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1."Хувьсах зардал" гэж Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стандартыг хангахад зайлшгүй шаардлагатай, суралцагч суралцагчийн тооноос шууд хамааралтайгаар өөрчлөгдөх нийт зардлын нэг суралцагчид ногдох  дундаж хэмжээг;

2.1.2. "мэргэжлийн боловсрол" гэж Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4.1.2-д заасныг;     

2.1.3. "техникийн боловсрол" гэж Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4.1.3-д заасныг;     

Гурав. Нэг суралцагчид ногдох хувьсах зардал түүний бүрэлдэхүүн

 3.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардалд үндэслэн олгох санхүүжилт нь сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, захиргаа, удирдлагын болон мэргэжлийн чадварлаг багшлах хүний нөөцөөр хангагдах, сургалтын орчинг сайжруулах, хичээл, дадлагын үйл ажиллагааг хэвийн явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн дадлага гүйцэтгэх, боловсролын стандартыг хангах, дотуур байрны хэвийн үйл ажиллагаа, сургалтын үйл ажиллагааны мэдээлэл, технологийн орчин бүрдүүлж, ном сурах бичгээр хангахад чиглэсэн үйл ажиллагааны зайлшгүй шаардлагатай урсгал зардалд хүрэлцэхүйц байна.  

 3.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хувьсах зардал нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

3.2.1.Багш, багш бус ажилтны цалин хөлс, түүнд хууль тогтоомжид заасны дагуу ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал;

3.2.2.сургалтын хөтөлбөрийн дагуу хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, материал буюу сургалтын үйл ажиллагааны зардал;

3.2.3.багш, суралцагчийн сургалт, дадлагын ажлын үед ашиглагдах хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зардал;

3.2.4.сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтын байранд хийгдэх хичээл, дадлага ажлын материалын зардал;

3.2.5.сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах захиргаа, аж ахуйн үйлчилгээний ажилтны цалин хөлс, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон мэдээлэл технологийн үйл ажиллагаа, багшийн хөгжил, эрүүл мэндийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, дотуур байрын үйлчилгээ, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зардал.

 3.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээг инфляц, улсын дундаж цалин хөлс болон эдийн засгийн өсөлтийг харгалзан 2 жилд нэг удаа шинэчлэн батлуулж, шаардлагатай санхүүжилтийг дараа оны төсвийн төсөлд тусгана.

Дөрөв.Хувьсах зардалд тохируулга хийх

 

 4.1.Сургалтын хөтөлбөрийн болон сургалт явуулж байгаа үр дүн гүйцэтгэлийн санхүүжилтийн онцлог байдлыг харгалзан нэг суралцагчид ногдох хувьсах зардалд дор дурдсан тохируулга хийж төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл түүний эрх олгосноор төсвийн төвлөрүүлэн захирагч хуваарилалт хийнэ:

4.1.1.өмчийн бүх хэлбэрийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид ногдох хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж тооцно;

4.1.2. мэргэжлийн болон техникийн боловсролын тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг дэмжих, олон улсын жишиг хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх итгэлцүүрээр тооцно.

4.2.Төсвийн жилд хамрагдах суралцагчийн тоо нь дуусах хичээлийн жилд хамрагдах 6 сар болон ирэх хичээлийн жилд хамрагдах 4 сард суралцах суралцагчийн тооны нийлбэрийг хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацаанд хуваасантай тэнцүү байна. 

4.3.Төсвийг тооцохдоо суралцагчийн тоог мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт хамрагдах албан ёсны статистикийн суралцагчийн тоогоор, дотуур байрны хувьд албан ёсны статистикийн суралцагчийн тооноос хэтрэхгүй байхаар тооцно.

 4.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад шаардлагатай багшийн орон тоог тухайн хичээлийн жилд хамрагдах суралцагчийн тоо, тооцсон бүлгийн тоо, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг үндэслэн тодорхойлно.

4.5.Багшийн долоо хоногийн танхимаар заах хичээлийн цагийн норм нь эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тогтоосон багшийн ажлын норм болон багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журамд зааснаар тодорхойлогдоно.

4.6. Засгийн газраас тогтоосон мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын норм, норматив болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөөнд үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах боломжит багш, ажилтны орон тоог батлагдсан төсөвтэй уялдуулан тухайн сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Төсвийн шууд захирагч тогтооно.

Тав. Хувьсах зардал төлөвлөх, хуваарилах

 

 5.1.Төсвийн шууд захирагч мэргэжлийн үндэслэн тогтоосон нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар тооцож, тухайн жилийн төсвийн төсөл боловсруулах удирдамж, чиглэлд нийцүүлэн боловсруулж төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагч нь саналыг хянан, нэгтгэж, төсвийн ерөнхийлөн захирагчид Төсвийн тухай хуульд заасан хугацаанд хүргүүлнэ.

 5.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээг энэ аргачлалын 3.6-д заасны дагуу шинэчлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн төслийн санал боловсруулж батлуулна.

 5.3.Төсвийн ерөнхийлөн захирагч, эсвэл түүний эрх олгосноор төсвийн төвлөрүүлэн захирагч нь батлагдсан төсвийг бодит тоо, мэдээлэлд үндэслэн үндэслэн тогтоосон нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар тооцоолж төсвийн шууд захирагч тус бүрээр батална.

 5.4. Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын санхүүжилтийг төсвийн төвлөрүүлэн захирагч хянаж, баталсан хуваарьт нийцүүлэн сар бүр төсвийн шууд захирагчид олгоно.

 5.5. Нэг суралцагчид ногдох хувьсах зардалд үндэслэн олгох санхүүжилтийн гүйцэтгэлийг суралцагч өдрөөр хянаж хагас, бүтэн жилээр тооцон зохих өөрчлөлтийг тусгаж болно. 

 5.6.Улсын хэмжээнд болон тухайн орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал, онцгой нөхцөл байдал тогтоосон үед боловсролын байгууллагын танхимын сургалтыг онлайн, теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн тохиолдолд нэг суралцагчдад ногдох өртөгт суурилсан хувьсах зардлыг тухайн хичээлийн жилийн албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн хуваарилна.  

5.7.Давагдашгүй хүчин зүйл үүссэн, төсвийн захирагч нарын үйл ажиллагаа тогтворжоогүй байгаа нөхцөлд төсвийн ерөнхийлөн захирагч улсын хэмжээнд нийт төсвийн хуваарилалтыг сар бүрээр, байгууллагын нийт дүнгээр баталж мөрдүүлж болно.

Зургаа. Хувьсах зардлыг санхүүжүүлэх

 6.1.Төрийн болон орон нутгийн өмчит мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдлага нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлын санхүүжилтийг зарцуулахдаа дараах зарчимд үндэслэнэ:

6.1.1.сургалтын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах нөхцөлийг хангах;

6.1.2.сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай багшийн тоо, тухайн хичээлийн жилийн суралцагчдын тоо, тооцсон бүлгийн тоонд үндэслэн сургалтын төлөвлөгөөг оновчтой баталж, мөрдүүлэх;

6.1.3.багшийн цалин хөлс, урамшууллыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн гүйцэтгэл, үр дүнг нь харгалзан тухайн сургалтын байгууллагын баталсан жилийн төсөвтөө багтаан тогтоож, олгох;

6.1.4.Төсөвт байгууллагын өөрийн орлогын хэмжээг батлах, түүнийг захиран зарцуулах, багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт хийх, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, шийдвэр гаргахад удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж хамгийн өндөр эрэмбэлэгдсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;

6.1.5.сургалтын байгууллагын төсөв хуваарилах, хэрэгжүүлэхэд ил тод байдал, олон нийтийн  оролцоог хангах.

 6.2.Төрийн болон орон нутгийн өмчит мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, бусад ажилтны цалингийн санд үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл, Засгийн газрын тогтоолоор баталсан бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, тэдгээрт ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл тус тус багтана;

6.3.Бүх шатны төсвийн захирагч нь хувьсах зардалд үндэслэн олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй.

 6.4. Хувьсах зардалд олгосон санхүүжилтийн жилийн эцсийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн сургалтын байгууллагын хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, багшийн хөгжлийг дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах зориулалтаар сургалтын байгууллага зохих хууль тогтоомжийн хүрээнд зарцуулж болно.

 6.5.Энэ аргачлалын 6.4-д заасан шийдвэрийг сургалтын байгууллагын өөрийн удирдлагын саналыг үндэслэн тухайн сургалтын байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ.

6.6.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын жилийн эцсийн дансны үлдэгдлийг дараагийн төсвийн жилд шилжүүлнэ.

Долоо.Төсвийн гүйцэтгэл, төлбөр тооцоо, тайлагналт

 

7.1. Мэргэжлийн болон техникийн  боловсролын сургалтын байгууллагын төсвийн гүйцэтгэлийн тайланг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан гаргана.

9.2.Төсвийн гүйцэтгэлийн тайланг гаргахдаа санхүүгийн программаар боловсруулж, мөнгөн гүйлгээний тайланд тохируулга хийж бэлтгэнэ.

9.3.Сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг Төсвийн тухай хууль, холбогдох эрх зүйн актын хүрээнд төсвийн төвлөрүүлэн захирагч хянаж, нэгтгэн дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ.

9.4.Төрийн болон орон нутгийн өмчит мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь хөрөнгийн өөрчлөлтийг тухай бүр Боловсролын мэдээллийн нэгдсэн санд оруулж, тайлагнана.

Найм. Төсвийн удирдлага, зохион байгуулалт

 

8.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төсөв, санхүүгийн өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл болон төсвийн шууд захирагчаас бүрдэнэ.

8.2.Удирдах зөвлөл нь сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан тухайн жилд хэрэгжих арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх зардлын хэмжээг төсвийн жилийн эхний 10 хоногт багтаан батална.

8.3.Удирдах зөвлөл нь нэмэлт орлогын төлөвлөгөө, үйлчилгээний төлбөрийн хэмжээ байгууллагын хөгжлийн төлөвлөгөө, онцлогт тохируулан зарцуулах зориулалтыг батална.

8.4.Удирдах зөвлөл нь батлагдсан төсөвт багтаан тухайн жилд мөрдөх орон тооны хязгаар, багш ажилтын цалин, урамшуулал хэмжээ, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэнэ.

8.5. Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн тухайн жилийн төсөв нь төвийн шууд захирагчийн дээд шатны төсвийн захирагчтай байгуулсан санхүүжилтийн гэрээнд заасан шалгуур үзүүлэлтийн биелэлтийг хангах боломжтой байна.

8.6. Удирдах зөвлөл нь дээд шатны төсөвт нэмэлт өөрчлөлт хийгдсэний улмаас тухайн шатны төсөвт нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон, урьдчилсан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсөвт байгууллагын төлөвлөсөн орлогын хэмжээнд өөрчлөлт орох, зардал нэмэгдэх нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн жилийн батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн шууд захирагчийн саналыг хэлэлцэнэ.

 8.7. Санхүүжилтийн гэрээ нь төсвийн шууд захирагч болон дээд шатны төсвийн захирагч хооронд байгуулагдах бөгөөд салбарын бодлого, түүнийг хэрэгжүүлэх үндсэн шалгуур үзүүлэлт, тусгай шалгуур үзүүлэлтийг багтаасан байна.

8.8.Санхүүжилтийн гэрээ түүнд заасан шалгуур үзүүлэлтийн биелэлтийг боловсролын үнэлгээ хариуцсан байгууллагаас жил бүрийн 11 дүгээр сарын 1-15 өдрийн хооронд зохион байгуулж тайланг ажлын 3 өдөрт багтаан төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

8.9. Үр дүнгийн санхүүжилт нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хувьсах зардлаар тооцсон тухайн төсвийн жилд улсын төсвөөс олгох санхүүжилтийн арван хувиас ихгүй байна.

8.10.Санхүүжилтийн гэрээний биелэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч баталгаажуулж үр дүнгийн санхүүжилтийг дараах хувь хэмжээгээр тооцон олгоно:

Үнэлгээ

Биелэлт

Үр дүнгийн санхүүжилт

Гүйцэтгэл маш сайн

Шалгуур үзүүлэлтийн биелэлт 95-100 хувь биелсэн

100 хувь олгоно

Тодорхой үр дүнд хүрсэн

Шалгуур үзүүлэлтийн биелэлт 85-94.9 хувь биелсэн

80 хувийг олгоно.

Сайжруулах шаардлагатай

Шалгуурын биелэлт 70-84,9 хувь биелсэн

70 хувийг олгоно.

Гүйцэтгэл хангалтгүй

Шалгуурын биелэлт 60-70 хувь биелсэн

50 хувийг олгоно.

Гүйцэтгэлийг үнэлэх боломжгүй

Шалгуурын биелэлт 60-аас доош хувиар биелсэн

Олгохгүй.

Ес. Төсвийн хяналт

9.1.Төрийн сан нь төсвийн зарцуулалтыг хөтөлбөр, зориулалт, арга хэмжээний ангиллаар хянаж, санхүүжилт олгоно.

9.2.Төсвийн ерөнхийлөн захирагчаас өгсөн чиглэл, батлагдсан төсвийн хуваарилалт, энэ аргачлалын дагуу холбогдох албан хаагчид төсвийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналтыг удирдан зохион байгуулна.

9.3.Бүх шатны төсвийн захирагч нь төрийн сангийн төлбөр тооцооны системээр дамжуулан төсвийн хуваарилалт, санхүүжилт, гүйцэтгэлд хяналт тавина.

9.4.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсролын сургалтын байгууллагын төсвийн төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэл, тайлагналтыг цахим мэдээллийн системд үндэслэн гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн байна. Цахим систем нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд ашиглаж байгаа цахим системтэй мэдээлэл солилцох, харилцан уялдаатай ажиллах боломжтой байна.

9.5.Төрийн албаны цалингийн мэдээллийн систем дэх цалингийн гүйцэтгэлийн мэдээллийг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон боловсролын мэдээллийн систем хөрвүүлж авах бөгөөд энэ нь салбарын орон тоо, цалингийн сангийн албан ёсны суурь мэдээлэл болно. 

9.6.Төрийн сангийн төлбөр тооцооны системээс гаргасан мэдээлэлд үндэслэн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн программаар боловсруулсан боловсролын салбарын байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгож, дараагийн сарын 05-ны өдрийн дотор боловсролын мэдээллийн системд хөрвүүлсний үндсэн дээр салбарын төсвийн гүйцэтгэлийн тайланг бэлтгэнэ.

Арав. Бусад

10.1.Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төсөв нь дараах эх үүсвэртэй байна:

10.1.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын харъяан дахь чадамжийн төв, салбар дундын дадлагын бааз, бизнес инкубатор төв, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон өөрийн орлого;

10.1.2.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нутгийн өөрөө удирдах байгууллагаас баталсан төсөв;

10.1.3.дотуур байрны хоолны зардал, багш ажилчдын нийгмийн баталгааны зардал, хувьсах зардлаар тооцсон гүйцэтгэлд, үр дүнд суурилсан төсөв.

10.1.4. хуульд заасан бусад орлого.

10.2. Төрийн болон орон нутгийн өмчийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр сургалтын бааз суурийг ашиглан ерөнхий боловсрол сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, сургалтын болон дотуур байрны тавилга, эд хогшлыг бэлтгэн нийлүүлэх замаар орлого бүрдүүлж болно.

Журмын төсөлтэй танилцан саналаа Adiyasuren@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

---o0o---