Инновацийн тухай хуулийн 11.1.3, 7.1.3 дах заалтын тус тус үндэслэн “Орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн төслийн нээлттэй шалгаруулалт зохион байгуулах, инновацийн грант олгох үлгэрчилсэн журам”-ын төсөлд санал авч байна. Та бүхэн журамтай танилцан саналаа uribold@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Төсөл
Орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн төслийн нээлттэй шалгаруулалт зохион байгуулах, инновацийн грант олгох үлгэрчилсэн журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Инновацийн тухай хуулийн 11.1.3-д заасан аймаг, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн төслийг сонгон шалгаруулах, грант олгох, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулахад оршино.
1.2. Инновацийн төсөл (цаашид “Төсөл” гэх) гэдэгт Инновацийн тухай хуулийн 3.1.6-д заасан баримт бичгийг ойлгох бөгөөд уг төсөл нь мөн хуулийн 4.1.2-т заасан зарчимд нийцсэн байна.
1.3. Грант гэдэгт Инновацийн тухай хуулийн 3.1.7-д заасан хөрөнгийг ойлгох бөгөөд нийслэлд жил бүр 3-аас доошгүй, аймагт 1-ээс доошгүй төслийг нээлттэй сонгон шалгаруулж, грант олгоно.
1.4. Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 хүртэлх жил байна.
Хоёр. Төсөлд тавигдах шаардлага
2.1. Төсөл нь Инновацийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1. орон нутгийн нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх;
2.1.2. төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү байдал)-уудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх;
2.1.3 бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх
2.1.4. төслийн үйл ажиллагаанд орон нутгийн иргэд болон холбогдох талуудын оролцоог хангасан байх.
2.2. Төсөл хэрэгжүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1. гэрээнд заасан хугацаанд инновацийн төслийг хэрэгжүүлэх боломжтойг нотолсон байх;
2.2.2. төслийг амжилттай хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;
2.2.3. аливаа хэлбэрийн санхүү, хөрөнгийн өр төлбөргүй байх;
2.2.4. нэг төсөлд олгох грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 70 хувиас ихгүй байх бөгөөд үлдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, гадаад улс болон олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын хөрөнгө)-ээс бүрдүүлсэн байх.
2.3. Грантыг төслийн судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад зарцуулахгүй.
2.4. Тухайн орон нутгаас өмнө нь грант олгосон төсөлд дахин грант олгохгүй.
Гурав. Сонгон шалгаруулах
3.1. Төсөлд грант олгох нөхцөл, шаардлагыг аймагт Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлд Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгж тухайн оны 09 дүгээр сард багтаан олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.
3.2. Төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргагч этгээд нь энэхүү журмын хоёрдугаарт болон энэхүү журмын 3.1-т заасан нөхцөл, шаардлагын дагуу төслөө боловсруулан тогтоосон хугацаанд хариуцсан нэгжид хүргүүлнэ.
3.3. Энэхүү журмын хоёрдугаарт болон энэхүү журмын 3.1-т заасан нөхцөл заасан нөхцөл, шаардлагыг хангасан төслийг шалгаруулалтад оролцуулна. Өмнө нь өөр төсөлд өрсөлдөж, грант авсан тохиолдолд давуу тал гэж үзэхгүй.
3.4. Дээрх нөхцөл шаардлагын дагуу ирүүлсэн төслийг тухайн салбарын мэргэжлийн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн баг болон аймагт Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлд Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгж аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй хамтран шалгаруулна.
3.5. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудал хариуцсан нэгж сонгон шалгаруулалтын дүнг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга шалгаруулалтын дүнг үндэслэн төсөлд грант олгох тухай шийдвэрийг тухайн оны 10 дугаар сард багтаан гаргана.
Дөрөв. Гэрээ байгуулах, санхүүжүүлэх
4.1. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгж төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч /цаашид “Талууд” гэх/ энэхүү журмын 2.6-д заасан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор төсөл хэрэгжүүлэх гэрээ /цаашид “Гэрээ” гэх/ байгуулна.
4.2. Нэг төсөлд олгох грантын хэмжээг төслийн цар хүрээ, үр дүнгээс хамааруулан тогтоох бөгөөд энэ талаар гэрээнд нарийвчлан тусгаж грантыг энэхүү журмын 3.5-д заасан шийдвэрийн дагуу дараа жилийн орон нутгийн төсөвт тусгаж нэг удаа бүрэн хэмжээгээр олгоно.
4.3. Төсөл хэрэгжүүлэгчээс гаргасан гэрээ сунгуулах хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл Засаг даргын шийдвэрээр 1 /нэг/ жилийн хугацаагаар сунгаж болно.
4.4. Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ өөр этгээдэд шилжүүлж болохгүй.
Тав. Хэрэгжилтэд хяналт тавих
5.1. Аймагт Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлд Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгж төслийн хэрэгжилтэд хяналт тавина.
5.2. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилтийн явц болон санхүүжилтийн тайланг жил бүрийн 09 дүгээр сард багтаан аймагт Боловсрол, шинжлэх ухааны газарт, нийслэлд Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгжид тус тус хүргүүлнэ.
5.3. Төсөл хэрэгжүүлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш 2 сарын дотор төслийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланг аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн аймагт Боловсрол, шинжлэх ухааны газарт, нийслэлд Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудал хариуцсан нэгжид хүлээлгэж өгнө.
5.4. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгж аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хамтран төслийн үр дүн, гэрээний биелэлтэд үнэлгээ хийж дүгнэлт гаргана.
5.5. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлд Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгж төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий мэргэжлийн шинжээч ажиллуулж болно.
5.6. Төслийн гүйцэтгэлийн явц нь санхүүжүүлэгчээс үл хамааран удаашрах, төсөл хэрэгжүүлэгч энэхүү журмын 5.2-т заасныг хэрэгжүүлээгүй, гэрээнд заасан үр дүнд хүрээгүй тохиолдолд Засаг даргын шийдвэрээр гэрээг хугацаанаас өмнө цуцална.
5.7. Энэхүү журмын 5.6-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд аймаг, нийслэлийн засаг дарга санхүүжүүлсэн хөрөнгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.8. Аймаг, нийслэлийн засаг дарга энэ журмын дагуу грант олгосон төслийн явцын тайланг жил бүрийн 10 дугаар сарын 25-ны дотор Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Зургаа. Бусад
6.1. Төслийн сонгон шалгаруулалтын үр дүнгээс үл хамааран гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд грант олгогч хариуцлага хүлээхгүй.
6.2. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох аливаа зөрчил маргааныг Талууд үл маргах замаар шийдвэрлэх бөгөөд тохиролцож чадаагүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.
---оОо---