Улсын Их Хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн батлагдсан Дээд боловсролын тухай хуулийн 26.6-д төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага дундын Удирдах зөвлөл байгуулж болно гэж тусгагдсан бөгөөд хуулийн 26.7-д дундын Удирдах зөвлөл байгуулах тохиолдолд зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална гэсний дагуу “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын дундын Удирдах зөвлөлийн дүрэм”-ийн төслийг боловсруулсан.
Та бүхэн дүрмийн төсөлтэй танилцан саналаа oyunbilegoirov@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Төсөл
ДУНДЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл:
1.1. Төрийн өмчийн зургаан их сургуулийн (Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Соёл, урлагийн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль) дундын Удирдах зөвлөл /цаашид “Дундын Удирдах зөвлөл” гэх/ нь их сургууль хоорондын хамтын үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг дээшлүүлэх, дээд боловсролын тогтолцоог сайжруулах зорилго бүхий орон тооны бус зөвлөл мөн.
1.2.Дундын Удирдах зөвлөл нь Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
1.3. Дундын Удирдах зөвлөл нь сургуулийн академик эрх чөлөөг хангах, ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөх, нээлттэй, ил тод, олон талын оролцоог хангах, хамтын сайн засаглалын зарчмыг мөрдлөг болгон ажиллана.
Хоёр. Дундын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1. Дундын Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, оюутан, төгсөгч, ажил олгогчийн төлөөллөөс бүрдэнэ. Дундын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 жил тутамд Засгийн газраас шинэчлэн батална.
2.2.Дундын Удирдах зөвлөл нь судалгаа хийх, санал, зөвлөмж боловсруулах, хэлэлцүүлэх чиг үүрэг бүхий хороо байгуулж ажиллуулна. Хороог удирдах зөвлөлийн аль нэг гишүүн ахлах бөгөөд гаднаас хөндлөнгийн судлаач, шинжээчдийг оролцуулж болно. Удирдах зөвлөл нь дор дурдсан хороотой байна:
2.2.1. Стратеги, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хороо;
2.2.2. Сургалтын бодлого, цахим шилжилтийн хороо;
2.2.3. Ахисан түвшний сургалт, судалгааны хороо;
2.2.4. Төр-их сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны хороо;
2.2.5. Чанарын удирдлага, хяналтын хороо;
2.2.6. Бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн хороо.
2.3. Хороо нь 7-оос 9 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна. Хорооны бүрэлдэхүүнийг зургаан их сургуулиас нэр дэвшүүлсэн тухайн чиглэлээр мэргэшсэн судлаач, багшийг дундын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр томилно.
2.4. Дундын Удирдах зөвлөл нь Ажлын албатай байна. Ажлын албаны дарга нь дундын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах бөгөөд зөвлөлийн хуралд саналын эрхгүйгээр оролцоно.
2.5. Ажлын албаны цалин, хөлс болон үйл ажиллагаанд шаардагдах зардлыг зургаан их сургууль тэнцүү хуваан санхүүжүүлнэ.
2.6. Ажлын алба ажиллах журамтай байна. Ажиллах журам, Ажлын албаны дарга, мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг дундын Удирдах зөвлөлийн хурлаар батална.
2.7. Ажлын алба нь зургаан их сургуультай зөвшилцөх замаар дундын Удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх багш, оюутан, төгсөгчийн зургаан төлөөллийн талаарх саналаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захирааны төв байгууллагад хүргүүлнэ. Их сургуулиуд багш, оюутан, төгсөгчийн төлөөллийг хоёр жил ээлжлэн хэрэгжүүлж болно.
2.8. Ажлын алба нь албан бичиг, хурлын шийдвэр, тэмдэглэл гаргах хэвлэмэл хуудастай байх ба түшиглэсэн их сургуулийн тэмдэг дарж баталгаажуулна.
Гурав. Дундын Удирдах зөвлөлийн чиг үүрэг
3.2. Зургаан их сургуулийн бүтэц, зохион байгуулалтын талаар судалгаа хийж, санал, зөвлөмж боловсруулан Ажлын албанд хүргүүлнэ.
3.3. Шинжлэх ухаан, технологийн сан, бизнесийн байгууллага болон гадаадын холбогдох байгууллагуудад эрдэм шинжилгээ, судалгааны төслийг санхүүжүүлэх асуудлыг тавьж шийдвэрлүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлнэ.
3.4. Зургаан их сургуулийн саналыг үндэслэн дундын тэнхим, судалгааны төв, хамтарсан хүрээлэн байгуулах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг судлах, дэмжих, холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
3.5.Судалгаа, шинжилгээ, инновацын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор гурвалсан сүлжээ загварыг хэрэгжүүлнэ.
3.6. Дундын Удирдах зөвлөлийн гишүүн дор дурдсан эрх хэмжээг хэрэгжүүлнэ:
3.6.1. дундын Удирдах зөвлөлийн хурлыг таслахгүй, хурлын эхлэх цагаас хоцрохгүй, хурлын дэгийг баримтлан, хуралд хэлэлцэж байгаа асуудлаар бэлтгэл хангаж оролцох, санал, дүгнэлт гаргах;
3.6.2. зургаан их сургуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл гаргуулах, боловсруулан гаргаж буй аливаа баримт бичиг, төсөл, төлөвлөгөө, тайлантай танилцаж саналаа тусгуулах;
3.6.3. зургаан их сургуулийг хөгжүүлэх талаар удирдах зөвлөлөөс гаргасан бодлого, хамтын шийдвэрийг хэрэгжүүлэх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хариуцлага хүлээх:
3.6.4. байгууллагын албан хэрэг хөтлөлтийн болон Хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбогдох хууль, журамд заасан мэдээллийн нууцлалыг хадгалах.
Дөрөв. Дундын Удирдах зөвлөлийн хурал
4.1. Дундын Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд нийт гишүүдийн 75 хувиас доошгүй ирцтэй байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
4.2. Дундын Удирдах зөвлөл нь улиралд нэг удаа хуралдана. Хурлыг зөвлөлийн дарга удирдах бөгөөд шаардлагатай тохиолдолд түүний эзгүйд зөвлөлийн гишүүдийн аль нэг нь зөвлөлийн даргын шийдвэрээр түүнийг орлоно.
4.3. Хүндэтгэх шалтгаантай дундын Удирдах зөвлөлийн гишүүн хуралдаанд цахимаар оролцож болно. Хуралд цахимаар оролцох тохиолдолд Дундын Удирдах зөвлөлийн Ажлын албанд нэг хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэн байна.
4.4. Дундын Удирдах зөвлөл нь хуралдах хуваариа хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн дарга хурлыг хугацаанаас нь өмнө зарлан хуралдуулж болно.
4.5. Дундын Удирдах зөвлөлийн хурлыг Ажлын алба зохион байгуулна.
4.6. Дундын Удирдах зөвлөлийн хуралд нийт гишүүдийн олонх нь оролцсоноор тухайн хурлыг хүчинтэйд тооцно. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд зөвлөлийн даргын саналыг харгалзана. Хурлын тэмдэглэлийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтлөх бөгөөд уг тэмдэглэлд зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
4.7. Дундын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж, дийлэнх олонхын саналаар шийдвэр /тогтоол/ гаргана.
4.8. Дундын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хурлын тэмдэглэл, шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.9. Дундын Удирдах зөвлөл нь зөвлөлөөс гарсан шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудаст байршуулна.
4.10. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Дундын Удирдах зөвлөлийн хуралд зургаан их сургуулийн гүйцэтгэх удирдлага оролцож санал өгөх эрхгүйгээр мэдээлэл, танилцуулга, тайлбар хийж болно.
---о0о---
Төсөл
ТӨРИЙН ӨМЧИЙН ЗУРГААН ИХ СУРГУУЛИЙН
ДУНДЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
|
Дарга: |
- Боловсрол, шинжлэх ухааны сайд |
|
Гишүүд: |
|
|
|
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд; |
|
|
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд; |
|
|
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; |
|
|
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; |
|
|
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; |
|
|
- Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; |
|
|
Монголын их, дээд сургуулиудын консерциумын төлөөлөл; |
|
|
- ... их сургуулийн багш; |
|
|
- Их, дээд сургуулийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл /багш/ |
|
|
- Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагын төлөөлөл; |
|
|
- ... их сургуулийн төгсөгчийн төлөөлөл |
|
|
- ... их сургуулийн төгсөгчийн төлөөлөл; |
|
|
- .... их сургуулийн оюутны төлөөлөл; |
ТАНИЛЦУУЛГА
Төрийн өмчийн зургаан их сургуулийн дундын Удирдах зөвлөлийн
бүрэлдэхүүн, дүрмийн төслийн талаар
Энэ ч утгаар зургаан их сургуулийн дундын Удирдах зөвлөлийг Засгийн газрын 2022 оны “Төрийн өмчийн зарим их сургуулийн хэмжээнд дундын хэлбэрээр байгуулах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний тухай” 283 дугаар тогтоолоор байгуулсан байдаг. 2022 онд байгуулагдсан дундын Удирдах зөвлөл нь зургаан их сургуулийн бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар нэг судалгаа, нэг олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулсан байна.
Дундын Удирдах зөвлөлийн судалгаагаар 1 багшид 1.2-3.1 захиргааны ажилтан ногдож, багш ба багш бус ажилтан ажилчдын харьцаа 41.5%-аас 60% байгаа эрүүл бус харьцаа гарсан. Иймд зөвлөлөөс (1) нэг багшид ногдох захиргааны ажилтан, багш ба багш бус ажилтны харьцаа, нэг багшид ногдох оюутны тоо зэргийн оновчтой харьцааг тогтоох, (2) их сургуулийн захирлын үйл ажиллагааг дэмжих үүднээс ажлын алба байгуулан хуулийн зөвлөх, гадаад харилцаа, мэдээллийн асуудлаа хариуцуулан ажиллуулах, (3) их сургуулийн үйл ажиллагааны цөмд оюутан байх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс оюутны үйлчилгээ, дэмжлэг хариуцсан газрыг тусгайлан байгуулан оюутныг дэмжих, тэдэнд үйлчилгээ үзүүлэх ажлыг шинэ шатанд гаргах зөвлөмжийг гаргасан.
Зөвлөл нь НҮБ, ЮНЕСКО-тэй хамтран НҮБ-ын “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалт, ЮНЕСКО-ийн Дэлхийн дээд боловсролын 3 дугаар Ерөнхий бага хурал, НҮБ-ын Дээд боловсролын 2030 он хүртэлх замын зураглал, Тогтвортой Хөгжлийн Боловсрол (ТХБ), Монголын дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд “Монгол Улсын дээд боловсролын Анхдугаар форум”-ыг 2023 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ЕНБД С.Болдсайхан нар оролцсон. Анхдугаар форумын үеэр дээд боловсролыг даяаршлын гол шинж чанаруудад хандуулан өөрчлөх, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад уялдуулах, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэх арга замын тухайд онцгой ач холбогдол өгч хэлэлцүүлгийг өрнүүлсэн.
Дундын Удирдах зөвлөлийг шинэчлэн батлагдсан Дээд боловсролын тухай хуулийн хүрээнд байгуулах, өнгөрсөн нэг жилийн хугацаанд дундын Удирдах зөвлөлийн ажилласан байдалд дүн шинжилгээ хийж, зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг харгалзан дундын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, зөвлөлийн дүрмийг төслийг Засгийн газраар батлуулах саналтай байна.
Цаашид дундын Удирдах зөвлөлийг дээр дурдсан зургаан их сургуулийн хэмжээнд байгуулах, зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, зөвлөлийн Ажлын албаны санхүүжилт, зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах талаарх зохицуулалтыг дүрмийн төсөлд тусгасан.
Дундын Удирдах зөвлөл нь орон тооны бус зөвлөл байх бөгөөд зөвлөл нь Ажлын албатай байх бөгөөд Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудаас гаргуулах зохицуулалтыг хийнэ. Ажлын албаны орон тоог - дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн 3 - нийт 5 хүнтэй байхаар тооцоод байна.
Дундын Удирдах зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 24.2.1, 24.2.2, 24.2.3-т заасан дээд боловсролын удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.
Хүлээгдэж буй үр өгөөж, үр дүн:
Дундын Удирдах зөвлөлийг байгуулснаар дараах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэж харж байна.
- Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын сургалт, судалгаа, хүний нөөц, хөрөнгө оруулалтын талаар нэгдсэн бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэх;
- “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, улс орны түвшинд хэрэгжүүлэх мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх;
- Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын судалгаа хөгжүүлэлтийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөний хүрээнд дэвшүүлсэн зорилтуудтай уялдуулах;
- Хариуцсан чиглэлийн дагуу асуудлыг судалж, үнэлгээ дүгнэлт гарган Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар болон төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгөх.
---о0о---