"ТӨРИЙН ӨМЧИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭМШИЖ, АШИГЛАЖ БАЙГАА ХӨРӨНГИЙН ТОГТМОЛ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна.

A- A A+

Улсын Их Хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн батлагдсан Дээд боловсролын тухай хуулийн 32.2.3, 32.5-т заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ын төсөл болон “Хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагад нэмэлт санхүүжилт олгох тухай журам”-ын төслийг тус тус боловсруулаад байна.

Дээр дурдсан хоёр журмын төсөлтэй танилцан саналаа oyunbilegoirov@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

 

            Төсөл                                               

ТӨРИЙН ӨМЧИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭМШИЖ, АШИГЛАЖ БАЙГАА

ХӨРӨНГИЙН ТОГТМОЛ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Дээд боловсролын тухай хуулийн 32.2.3 дэх хэсэгт заасан төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг (цаашид “тогтмол зардал” гэх) улсын төсвөөс олгоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Тогтмол зардлыг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургууль” гэх)-д олгоно.

1.3.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.“Хөрөнгө” гэж сургуулийн эзэмшиж, ашиглаж байгаа төрийн өмчийн барилга, байгууламжийг хэлнэ.

1.3.2.“Эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгө” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5.1-т заасан эд хөрөнгийг хэлнэ.

1.3.3.“Тогтмол зардал” гэж сургуулийн үндсэн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах барилга байгууламжийн ашиглалтын тогтмол шинжтэй зардлыг хэлнэ.

1.4.Тогтмол зардалд гэрэл, цахилгаан, түлш, халаалт, цэвэр, бохир усны хэрэглээтэй холбоотой зардлууд хамаарна.

1.5.Сургуулийн эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн тогтмол зардлын санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

1.6. Тогтмол зардлыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоол, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 96 дугаар тогтоолоор тус тус батлагдсан тарифын дагуу олгох бөгөөд тухайн зардал нь сүүлийн гурван жилийн дундажаас илүүгүй байна. 

Хоёр. Тогтмол зардал олгоход тавигдах шаардлага

2.1.Эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгө нь сургуулийн санхүүгийн тайланд бүртгэлтэй сургалтын болон оюутны дотуур байрны зориулалтаар ашиглаж буй барилга байгууламж байна.

2.2.Тогтмол зардал авах сургууль нь дараах шаардлагыг хангасан байна:

2.2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13.4-т заасан ангилалд орсон байх;

2.2.2.Улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.11-т зааснаар Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн гэрчилгээ авсан байх;

2.2.3.Цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны хэрэглээг хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсэн байх;

2.2.4.Эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэн дүгнэлт гаруулсан байх;

2.2.5. Нэгдсэн халаалтын системд холбогдсон барилга байгууламжийг хэмнэлтийн горимд тохируулан тоолуур ашигладаг байх;

2.2.6.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гүйцэтгэлийн гэрээний хэрэгжилтийг 70 дээш хувиар үнэлүүлсэн байх.

2.3. Сургууль нь Дээд боловсролын тухай хуулийн 12.9-т эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарыг үнэлүүлэх зорилгоор өөрийн сургуулийн мэдээллийг Дээд боловсролын цахим мэдээллийн санд холбогдох журмын дагуу оруулсан байна.

Гурав. Тогтмол зардал олгох

 3.1. Сургууль нь Дээд боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд тогтмол зардалд шаардагдах зардлыг тооцож, 07 дугаар сарын 25-ны дотор дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ:

   3.1.1. Тогтмол зардал олгох шаардлага хангасныг тодорхойлсон сургуулийн гүйцэтгэх удирдлагын гарын үсэгтэй албан бичиг;

3.1.2. Сүүлийн гурван жилийн тогтмол зардлын мэдээлэл /тайлан, баланс/.

   3.1.3. Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар.

   3.1.4. Цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны хэрэглээг хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлангийн хуулбар.

   3.1.5. Эрчим хүчний аудитын дүгнэлтийн хуулбар.

   3.1.6. Халаалт, цэвэр, бохир усны тоолууур заалт.

   3.1.7. Сургуулийн гүйцэтгэх удирдлагын боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гүйцэтгэлийн гэрээний үнэлгээний хуудас.

   3.1.8. Оюутны дотуур байрны орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээнд өмнөх жил сургуулиас оруулсан хөрөнгө оруулалт /олгож байгаа тогтмол зардлын 30-50-аас дээш хувьтэй дүйцэх хөрөнгийг зарцуулсан байх/.

  3.2. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 3.1-т заасан баримт бичгийн бүрдлийг нятглан 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтмол зардал олгоход шаардагдах хөрөнгийг нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд тусган 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулах арга хэмжээ авна.

3.4.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт хуваарилсан тогтмол зардлын зориулалттай зардлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дамжуулан сургуульд олгох ажлыг зохион байгуулна.

3.5. Тогтмол зардлын зориулалтаар батлагдсан хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

Гурав. Бусад

   4.1. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж, тайлагнах үүргийг хүлээнэ.

   4.2. Сургуулийн эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн тогтмол зардлыг давхардуулан олгохгүй.

4.4. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцно.

 

---оОо---

Төсөл

                                               

ХӨГЖМИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД

НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ

   1. Дээд боловсролын тухай хуулийн 32.5-д заасны дагуу ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн болон дээд боловсрол эзэмшүүлэх шаталсан сургалттай хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагад хуулиар зөвшөөрсөн нийтлэг санхүүжилтийн эх үүсвэрээс гадна үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэл, онцлогоос хамаарч улсын төсвийн нэмэлт санхүүжилт (цаашид “нэмэлт санхүүжилт” гэх)-ийг олгоход энэ журмыг мөрдөнө.

2. Энэ журам нь Дээд боловсролын тухай хуулийн 6.6-д тодорхойлогдсон дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “Консерватор”)-д хамаарна.

3. Консерваторын гүйцэтгэх удирдлага нь улсын соёл, урлагийн хөгжлийн бодлоготой уялдуулан сургуулиа хөгжүүлэх таван жилийн стратегийн төлөвлөгөөг Удирдах зөвлөлөөр батлуулсан байна.

4. Нэмэлт санхүүжилтийг журмын 3-т заасан стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан сургалт, дотуур байрны орчин, нөхцөлийг сайжруулах, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг худалдан авах, багшлах боловсон хүчнийг сургах, дахин сургах зорилго бүхий арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгоно.  

5. Консерватор нь дор дурдсан шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийг бүрдүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 07 дугаар сарын 25-ны дотор ирүүлсэн байна:

5.1.Нэмэлт санхүүжилт хүссэн Консерваторын гүйцэтгэх удирдлагын гарын үсэгтэй албан бичиг.

5.2.Нэмэлт санхүүжилтийг зарцуулах Консерваторын Удирдах зөвлөлийн баталсан төсөв, сарын хуваарь.

5.3.Гадаадаас худалдан авах сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсгийн үнийн харьцуулалт, судалгаа.

5.4. Мэргэжлийн зөвлөлөөр баталгаажсан техник, эдийн засгийн үндэслэл.

6. Нэмэлт санхүүжилтийн хэмжээ нь жилд .......................................төгрөгөөс доошгүй байна.

7. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын нэгж нь Консерватороос ирүүлсэн нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг нягтлан үзэж, төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд Консерваторын нэмэлт санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг  жил бүр төсөвтөө тусган батлуулна.

8. Нэмэлт санхүүжилтийн зарцуулалтад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулна.

9. Нэмэлт санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтогдвол холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---

ТАНИЛЦУУЛГА

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж,

ашиглаж байгаа хөрөнгийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам

Улсын Их Хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн батлагдсан Дээд боловсролын тухай хуулийн 32.2.3, 32.5-т заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ын төсөл болон “Хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагад нэмэлт санхүүжилт олгох тухай журам”-ын төслийг тус тус боловсруулаад байна.

Манай улс дээд боловсролын сургалтын байгууллагыг улсын төсвөөс бүрэн санхүүжилдэг тогтолцооноос 1993 оноос татгалзсан. Дээд боловсролын сургалтын байгууллагад олгодог тогтмол зардлын санхүүжилтийг 2018 оноос зогсоосон. Ингэснээр дээд боловсролын салбарт зөвхөн оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг, хөнгөлөлт, тусламж болон оюутны хөгжлийн зээлээр дамжуулан санхүүжилт олгож байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны зардлын дийлэнх хувийг буюу ойролцоогоор 84 хувийг сургалтын төлбөрийн орлогоор бүрдүүлж ирсэн нь их, дээд сургуулийн сургалт, судалгааны чанарт сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлийн нэг болсон. Харин оюутны хөгжлийн зээл нь сургалтын чанар сул дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн гол эх үүсвэр болж байгаа талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж ирсэн.

Дээд боловсролын сургалтын байгууллагын нийт суралцагчдын 79,718 буюу 54,9 хувь нь төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд нэг жилийн сургалтын төлбөрийн хэмжээ 3,0 саяас 8,0 сая төгрөгийн хооронд байна. Шинэчлэн батлагдсан Дээд боловсролын тухай хуулиар /хуулийн 27.1.4 заалт/ сургалтын төлбөр, оюутны үйлчилгээний зардал, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг төрөөс хараат бусаар тогтоох болсонтой холбогдуулан сургалтын төлбөр нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь өрхийн санхүүд ирэх ачааллыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.   Иймд дээд боловсролын зах зээлийн үнийг тодорхойлогч төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардлыг төрөөс олгосноор сургалтын төлбөрийн өсөлтийг сааруулна гэсэн хүлээлтэй байна.

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн тогтмол зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тооцож үзэхэд нийт 14.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгийн тогтмол зардлыг улсын төсвөөс санхүүжүүлснээр:

            1. Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны зардлын дийлэнх хувийг бүрдүүлэгч сургалтын төлбөрийн өсөлтийг тодорхой хэмжээгээр барих;

            2. Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй болсноор хөрөнгийн удирдлага, хяналтыг хэрэгжүүлэх;

            3. Дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжлийг дэмжих замаар сургалт, судалгааны чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Монгол Улсын Консерватор нь анх 1937 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны 04 сарын 10-ны өдрийн 45 дугаар тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/84 тоот тушаалаар Монгол Улсын Консерватор (хөгжмийн дээд боловсролын байгууллага) болж, бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөн.

Монгол Улсын Консерватор нь  Ерөнхий боловсролын сургууль, Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургууль, Хөгжмийн ухаан, дуулаачийн сургууль, Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль болон Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль гэсэн 5 бүрэлдэхүүн сургуультай. Хичээлийн хоёр байртай.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас Монгол Улсын Консерваторын хөгжмийн зэмсэг худалдан авахад 2021 онд 270 сая төгрөг, 2022 онд 250 сая төгрөг, 2023 онд 450 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон. Сургуулийн урсгал зардалд 2018 оноос хойш 6 жилийн хугацаанд нийт 29,2 тэрбум төгрөгийг /нэг жилд дунджаар 4,8 тэрбум төгрөг/ зарцуулсан боловч энэ зардал нь шаталсан сургалттай сургуулийн ерөнхий болон мэргэжлийн боловсролыг олгох сургалтуудад зарцуулагдаж ирсэн.

Тус сургуулийн сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсгийг 2010 оноос хойш хэсэгчлэн шинэчлсэн. Цаашид хөгжмийн дээд боловсролыг дэлхийн жишигт хүргэхэд Консерваторын сургалтын онцлогийн харгалзан сургуулийн сургалтын орчныг сайжруулах,  хөгжмийн зэмсэг, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх шаардлагатай байна.  

Иймд Монгол Улсын Консерваторыг хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллага болгон хөгжүүлэхэд тодорхой хугацаанд улсын төсвөөс нэмэлт санхүүжилтийг олгох шаардлагатай гэж үзэж байгаа болно.

---о0о---