Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу "Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа tvets@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 8.3-т “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан. Энэ хүрээнд тус журмын төслийг боловсруулан танилцуулж байна.
Хүчингүй болсон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.4.11, 8.4.12 дахь заалтыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-аар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төгсөгчийн үнэлгээ, баталгаажуулалттай холбоотой харилцааг зохицуулдаг байсан.
Монгол Улсад 2016 оноос мэргэжлийн сургалтын байгууллага буюу хөдөлмөрт бэлтгэх богино хугацааны сургалтын байгууллагад мэргэжил эзэмшсэн төгсөгч, иргэн, ажлын байр дээрх мэргэжилтэй ажилтныг үнэлж, баталгаажуулах тогтолцоог нэвтрүүлсэн ба 2016-2022 онд “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв”, 2022-2023 онд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт” мэргэжлийн сургалтаар нийт 46,268 төгсөгчдөд үнэлгээ, баталгаажуулалт хийж, чадамжийн гэрчилгээ олгосон байна.
2022 оны эхний байдлаар чадамжийн гэрчилгээ авсан иргэдийн ажил эрхлэлтийн байдлыг тандах үүднээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт албан хүсэлт гаргаж мэдээллийг авахад 51.1% нь /нийгмийн даатгалын шимтгэл төлж/ албан ёсны бүртгэлтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа үзүүлэлттэй байсан.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам”-ыг шинэчлэн баталснаар дараах үр дүн гарна. Үүнд:
- Төгсөгчид мэргэшлийн түвшнээ тогтоолгож, цаашид шатлан суралцах хэрэгцээгээ тодорхойлох.
- Монгол Улс болон гадны улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн чадамжийн гэрчилгээтэй хөдөлмөр эрхлэх.
- Ажил олгогч, мэргэжлийн сургалтын байгууллага хамтран үйлдвэрлэл, технологид нийцсэн онол, дадлагын сургалтыг зохион байгуулах, ажлын байр дээрх хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, баталгаатай ажлын байраар хангах, ажил олгогчдын ажилтан хайх цаг хугацаа, зардлыг хэмнэх, үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр баталгаажсан мэдлэг, ур чадвартай, ажиллах хүчин нийлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
ЖУРМЫН ТӨСӨЛД ТУСГАСАН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ
Үнэлгээний зарчим, төрөл, шалгуур, зохион байгуулалт, талуудын эрх, үүрэг, үнэлгээний болон баталгаажуулагч, үнэлүүлэгчид тавигдах шаардлага, үнэлгээ, баталгаажуулагчийн эрх, үүрэг, чанарын баталгаажилтыг хангах, санхүүжилт, бусад гэсэн бүлэгт гол нэмэлт өөрчлөлт оруулав.
Мэргэжлийн /богино хугацаа/ сургалт нь хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалтыг хэлнэ.
Хөндлөнгийн үнэлгээ нь: Тухайн үнэлүүлэгч чадамж эзэмшсэн эсэхийг батлах нотолгоо цуглуулж, үнэлгээ дүгнэлт өгөх үйл явц юм. Эрх бүхий төрийн байгууллага нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажил олгогч, мэргэжлийн холбоо үнэлгээний ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан эрх бүхий гэрчилгээ, мандаттай багш, инженер техникийн ажилтантай хамтран үнэлгээ, баталгаажуулалт хийж үр дүнд чадамжийн гэрчилгээ олгодог.
Журам батлагдсанаар гарах үр нөлөө:
- Хөдөлмөрийн зах зээлд нийт хүн амын дундах ажил эрхлэлтийн байдал нэмэгдэнэ.
- Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, зохистой ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
- Мэргэжлээрээ ахиж дэвших, шатлан суралцах боломж бүрдэнэ.
- Ажилчдын хөрвөх чадвар сайжирна.
- Сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтыг хангана.
- Үнэлгээний чанарт тавих хяналт, баталгаажуулалт тодорхой болно.
- Хөндлөнгийн үнэлгээний тогтолцоог цаашид хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
---о0о---
Төсөл
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧИЙН ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЭХ, БАТАЛГААЖУУЛАХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн сургалтын байгууллага (цаашид “сургалтын төв” гэх)-ын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Сургалтын төвийн төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хэрэгжүүлнэ.
1.3.Энэ журмын 1.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 251 дүгээр тогтоолоор өөрчлөн байгуулсан “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт (цаашид “Институт” гэх)” байна.
1.4.Сургалтын төв дүгнэлт гарч баталгаажуулсан хөтөлбөрөөр сургалт зохион байгуулна.
1.5.Төгсөгчийн чадамжийн үнэлгээ (цаашид “үнэлгээ” гэх) нь сургалтын хөтөлбөр, агуулга, орчин, сургалтын төвийн үйл ажиллагааг үнэлж, чанарыг сайжруулах үндэслэл болно.
ХОЁР.ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ТӨРӨЛ, ШАЛГУУР
2.1.Төгсөгчийн чадамжийг үнэлж, баталгаажуулахад дараах зарчмыг баримтална:
2.1.1.үндэслэлтэй, хүчин төгөлдөр байх;
2.1.2.баримт нотолгоонд тулгуурласан байх;
2.1.3.тохирцтой, найдвартай байх;
2.1.4.шударга, хүртээмжтэй байх;
2.1.5.уян хатан байх;
2.1.6.хөндлөнгийн байх.
2.2.Үнэлгээ нь онолын болон ур чадварын гэсэн төрөлтэй байна. Онолын мэдлэгийг амаар эсхүл бичгээр, ур чадварыг бодит ажлын байр, түүнтэй дүйцүүлсэн дадлагын орчинд ажилбар гүйцэтгүүлж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
2.3.Төгсөгчийн чадамжийг дараах шалгуураар үнэлнэ:
2.3.1.ярих, илэрхийлэх, дүрслэх, бичих;
2.3.2.хэрэглэх, бүтээх, шийдвэр гаргах;
2.3.3.нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх;
2.3.4.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах;
2.3.5.бие дааж ажиллах;
2.3.6.багаар ажиллах;
2.3.7.хариуцлагатай байх;
2.3.8.танин мэдэх, санаачилгатай байх, шинийг эрэлхийлэх.
ГУРАВ.ҮНЭЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.1.Институт сургалтын төвөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан нийгмийн түншлэлийн байгууллагуудаас үнэлгээ, баталгаажуулалтын баг (цаашид “үнэлгээний баг” гэх)-ийг бүрдүүлж, үнэлгээг зохион байгуулна.
3.2.Үнэлгээг ажиглалт, ярилцлага, асуулт, сорил, судалгаа, бүтээлийн сан, эцсийн бүтээгдэхүүн зэрэг аргаар хийж болно.
3.3.Үнэлгээг чадамжийн төвийг түшиглэн зохион байгуулж болно.
3.4.Институт нийгмийн түншлэлийн байгууллагатай хамтран үнэлгээний ажилтныг сонгох, даалгаврын сан бүрдүүлэх, зөвлөмж гаргах, үнэлгээний материалд дүн шинжилгээ хийх зэрэг ажлуудыг хийнэ.
3.5.Үнэлгээний баг төгсөгчдийн мэргэшлийн түвшинд тохирсон багц төлөвлөгөөг боловсруулж, сургалтын төвтэй хамтран үнэлгээний орчныг бэлтгэнэ.
3.6.Үнэлгээний баг сондгой тооны үнэлгээний ажилтантай байх бөгөөд үнэлгээний багц төлөвлөгөө, зарчмын дагуу зохион байгуулж, үр дүнг нэгтгэж тайлагнана.
3.7.Үнэлгээний шийдвэр гаргахад дараах нотолгоог үндэслэнэ:
3.7.1.ирцийн бүртгэл;
3.7.2.тест, даалгаврын ажлын хуудас;
3.7.3.төгсөгчийн даалгавар гүйцэтгэж буй фото зураг;
3.7.4.шаардлагатай бол үнэлгээний явцын дүрс бичлэг;
3.7.5.ур чадварын ажиглалтын хуудас;
3.7.6.эцсийн бүтээгдэхүүн;
3.7.7.хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааны хуудас;
3.7.8.бусад.
3.8.Сургалтын төв институтийн зөвлөмжийн дагуу үнэлгээг дотооддоо зохион байгуулж болно.
3.9.Сургалтын төвийн зохион байгуулсан үнэлгээнд институт баримт бичгийн баталгаажуулалт хийхдээ энэхүү журмын 3.7-д заасан нотолгооноос гадна үнэлгээний багийг томилсон тушаал, үнэлгээний ажилтны гэрчилгээний хуулбар, батлагдсан үнэлгээний багц төлөвлөгөө, үнэлгээний нэгдсэн хуудас, үнэлгээний багийн тайланг үндэслэнэ.
3.10.Онолын үнэлгээ 80 хувь ба түүнээс дээш, ур чадварын үнэлгээ 90 хувь ба түүнээс дээш үнэлэгдсэн бол “Чадамжтай” түүнээс доош бол “Хараахан чадамж эзэмшээгүй” гэж үнэлнэ.
3.11. Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан журмаар Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага чадамжийн гэрчилгээг баталгаажуулна.
3.12.“Чадамжтай” гэж үнэлэгдсэн төгсөгчид Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад заасан баримт бичгийг Институт олгоно.
3.13.Суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч үнэлгээний багц төлөвлөгөөнд тохируулга хийж болно.
3.14.“Хараахан чадамж эзэмшээгүй” гэж үнэлэгдсэн төгсөгч дахин үнэлгээнд хамрагдаж болно.
3.15.Тухайн мэргэжил, чадамжийн чиглэлээр оюуны өмчийн эрх авсан, олон улсын болон үндэсний мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн бол үнэлгээнээс чөлөөлөгдөж болно.
ДӨРӨВ.ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН, БАТАЛГААЖУУЛАГЧИД
ТАВИХ ШААРДЛАГА
4.1.Үнэлгээний ажилтан дараах шаардлагыг хангасан байна:
4.1.1.тухайн мэргэжлээр мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан (улсын болон олон улсын чанартай ур чадварын уралдааны оролцогч, эксперт, шүүгч бол ажилласан жил харгалзахгүй) мэргэжлийн багш, эсхүл дадлага туршлагатай инженер, техникийн ажилтан байх;
4.1.2.үнэлгээний ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаж, онол, арга зүйн чадвар эзэмшсэн, гэрчилгээтэй байх;
4.1.3.ашиг сонирхлын зөрчилгүй байх;
4.1.4.үнэлгээний ажилтан, баталгаажуулагчийн ёс зүйн дүрмийг баримтлах.
4.2.Баталгаажуулагч дараах шаардлагыг хангасан байна:
4.2.1.баталгаажуулалтын ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх;
4.2.2.тухайн мэргэжлийн чиглэлээр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, нэгж хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний багц төлөвлөгөө боловсруулах туршлагатай байх;
4.2.3.Үнэлгээний ажилтан, баталгаажуулагчийн ёс зүйн дүрмийг баримтлах.
ТАВ.ҮНЭЛГЭЭНД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРЭГ
5.1.Институт дараах чиг үүрэгтэй:
5.1.1.үнэлгээний багц төлөвлөгөөний загварыг боловсруулж, батлах;
5.1.2.Үнэлгээний ажилтан, баталгаажуулагчийн ёс зүйн дүрмийг боловсруулж, батлах;
5.1.3.үнэлгээний ажилтан болон баталгаажуулалтын ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулж, гэрчилгээний загварыг батлах, гэрчилгээжүүлэх;
5.1.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох мэдээллийг бүрдүүлэх;
5.1.5.Чадамжийн гэрчилгээний бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах;
5.1.6.мэргэжлийн чиглэл, мэргэшлийн түвшин бүрээр чадамжийн нэгж, онолын мэдлэг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх;
5.1.7.үнэлгээ, баталгаажуулалтад дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж гаргах;
5.1.8.үнэлгээтэй холбоотой мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах, мэдээллээр хангах.
5.2.Сургалтын төв дараах чиг үүрэгтэй:
5.2.1.сургалтын явцад ахиц дэвшлийн үнэлгээг зохион байгуулах;
5.2.2.үнэлгээ, баталгаажуулалт хийлгэх албан хүсэлтийг төлөвлөсөн өдрөөс ажлын 10 хоногийн өмнө Институтэд хүргүүлж, бэлтгэх хангах;
5.2.3.энэ журмын 3.7, 3.9-д заасан нотолгоо, бичиг баримтыг бүрдүүлэх;
5.2.4.үнэлгээтэй холбоотой материалыг архивлаж бүртгэл хөтөлсөн байх;
5.2.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын стандартад үндэслэн боловсруулсан сургалтын хөтөлбөрт заасан орчныг бүрдүүлэх;
5.2.6.үнэлгээнд шаардагдах түүхий эд, материалыг төгсөгчийн тоогоор бэлтгэсэн байх;
5.2.7.түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг түшиглэн үнэлгээнд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бэлтгэж болно.
5.3.Үнэлгээний баг дараах чиг үүрэгтэй:
5.3.1.үнэлгээг зохион байгуулахаас 3 хоногийн өмнө үнэлгээний багц төлөвлөгөөг боловсруулж, батлуулах;
5.3.2.сургалтын төвтэй хамтран үнэлгээний орчныг бүрдүүлэх, заавар зөвлөмж өгөх;
5.3.3.төгсөгчид үнэлгээний орчин, үнэлгээний удирдамжийг танилцуулах, зөвлөмж өгөх;
5.3.4.үнэлгээний зохион байгуулалт, явцын талаар баталгаажуулагчид санал гаргах;
5.3.5.Үнэлгээний ажилтан, баталгаажуулагчийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллах;
5.3.6.үнэлгээний даалгаврын сангийн нууцлалыг чандлан хадгалах;
5.3.7.төгсөгчдийг тэгш оролцох боломжоор хангаж, шударга үнэлэх;
5.3.8.үнэлгээний тайлан, нотлох баримтыг бүрдүүлж, Институтэд хүлээлгэн өгөх.
5.4 Баталгаажуулагч дараах чиг үүрэгтэй:
5.4.1.үнэлгээний хуваарь гаргаж, багийг бүрдүүлэх;
5.4.2.үнэлгээний орчныг баталгаажуулах;
5.4.3.орчны баталгаажуулалт бүрдээгүй тохиолдолд үнэлгээний хугацааг хойшлуулах санал гаргах;
5.4.4.үнэлгээний зарчим алдагдсан эсэхийг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;
5.4.5.Үнэлгээний ажилтан, баталгаажуулагчийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллах;
5.4.6.үнэлгээний ажилтан ёс зүйн зөрчил гаргасан, үнэлгээний зарчмыг баримтлаагүй тохиолдолд үнэлгээг түр зогсоож, тухайн ажилтныг үнэлгээний багаас хасах, үнэлгээ хийх эрхийг түдгэлзүүлэх санал гаргах.
5.5.Төгсөгч дараах чиг үүрэгтэй:
5.5.1.төгсөгч тухайн хөтөлбөрийн агуулгыг бүрэн судлах;
5.5.2.үнэлгээнд орохоос 3 хоногийн өмнө үнэлгээний орчин, удирдамжтай танилцах;
5.5.3.үнэлгээний ажилтан, баталгаажуулагчийг төгсөгч эсхүл сургалтын төвтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл татгалзах саналыг үнэлгээний багт гаргах;
5.5.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдөх;
5.5.5.үнэлгээний явцад ёс зүйн хэм хэмжээг сахих.
ЗУРГАА.САНХҮҮЖИЛТ
6.1.Үнэлгээний үйл ажиллагаатай холбогдох зардлыг сургалтын төв хариуцна.
6.2.Үнэлгээнд “Хараахан чадамж эзэмшээгүй” гэж үнэлэгдсэн төгсөгчийн дахин үнэлгээтэй холбогдон гарах зардлыг сургалтын төв, төгсөгч харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
6.3.Тухайн мэргэжил бүрийн үнэлгээнд шаардагдах жишиг зардлыг нийгмийн түншлэлийн байгууллагын саналыг үндэслэн Институт баталж, мөрдөнө.
ДОЛОО. ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ
7.1.Төгсөгч үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бол үндэслэлийг тодорхой бичиж, үнэлгээ хийсэн тухайн өдрийн ажлын цагт багтааж үнэлгээний багт өргөдөл, гомдол гаргаж болно.
7.2.Үнэлгээний баг өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх арга, хэлбэр, хугацааг төгсөгчид тодорхой мэдэгдэнэ.
7.3.Үнэлгээний багийн шийдвэрлэх боломжгүй өргөдөл, гомдлыг Институт холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
НАЙМ.БУСАД
8.1.Энэхүү журмыг зөрчсөн үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч холбогдох дүрэм, журмын хүрээнд хариуцлага хүлээнэ.
8.2.Үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч талууд бие даан үнэлгээг зохион байгуулах, баталгаажуулалт хийхийг хориглоно.
8.3.Энэ журамд тусгаагүй зохион байгуулалтын бусад асуудлыг үнэлгээний удирдамжаар зохицуулж болно.
8.4.Институт мэргэжлийн сургалтын чанарт дүн шинжилгээ хийж, сайжруулах саналыг боловсруулан бодлогын баримт бичигт тусгуулахаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
---о0о---