Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт заасны дагуу "Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа tvets@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 6.15 дахь заалт “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан. Энэ хүрээнд “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам”-ын төслийг боловсруулан танилцуулж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.10, 8.4.21 дэх заалтуудыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/197 дугаар тушаалаар “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар”, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтран баталсан “Журам шинэчлэн батлах тухай” А/97, А/231 дугаар тушаалын журмын 3.2.2, 4.6.3-ын хэрэгжилтийг тус тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт хэрэгжилтийг ханган ажиллаж байсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2020-2023 онуудад хөдөлмөрт бэлтгэх богино хугацааны сургалтаар 1177 мэргэжлийн сургалтын байгууллагын, 16 салбарын 2852 мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт арга зүйн зөвлөгөө өгч, 2595 хөтөлбөрт дүгнэлт гарган, баталгаажуулж ажилласан.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/150 дугаар тушаалын 4.2.7 дахь заалтуудыг үндэслэн боловсруулсан.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажил мэргэжлийн лавлах, мэргэжлийн стандартад уялдуулан боловсруулсан сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулахад энэхүү журмын зорилго оршино.
Мэргэжлийн сургалт нь хөдөлмөр эрхлэлтийн сургалт бөгөөд тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадварыг богино хугацаанд олгох, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёлыг төлөвшүүлэх үйл ажиллагаа юм. Журмын төсөлд сургалтын хөтөлбөрийг суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, төлөвшил, зорилго, зорилт, үнэлгээ, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүнийг тусгасан цогц баримт бичиг гэж тусгасан.
Мөн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах ажлыг зохион байгуулахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, үнэлгээний байгууллага сургалтын хөтөлбөрийг хүлээн авч арга зүйн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах, баталгаажуулах ажлыг зохион байгуулахаар журамд тусгаж өгсөн.
Журам батлагдсанаар дараах гарах үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Үүнд:
- Мэргэжлийн сургалтын төв нь мэргэжлийн стандарт, сургалтын орчинд тавих шаардлагыг хангасан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр чанартай, үр дүнтэй сургалтыг зохион байгуулна;
- Мэргэжлийн сургалтын төвүүд зах зээлд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг олгоно;
- Мэргэжлийн сургалтын төв нь богино хугацаанд мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг ажил олгогч, аж ахуй нэгжтэй хамтран тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулна;
- Иргэд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшиж, хөдөлмөр эрхэлнэ;
- Аж ахуй нэгж байгууллага ажилтнаа мэргэшүүлэх сургалтад хамруулснаар тухайн ажилтны мэргэшлийн түвшин ахина;
- Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт нэмэгдэнэ;
- Үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ;
---о0о---
Боловсрол, шинжлэх ухааны сайд,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын
2023 оны ... дугаар сарын . . .-ны өдрийн
. . . дугаар хамтарсан тушаалын хавсралт
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ,
БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн сургалтын байгууллага (цаашид “сургалтын төв” гэх)-ын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр (цаашид “сургалтын хөтөлбөр” гэх)-т дүгнэлт гаргах, баталгаажуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү журмын дагуу хэрэгжүүлнэ.
1.3.Энэ журмын 1.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага нь Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 251 дүгээр тогтоолоор өөрчлөн байгуулсан “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт (цаашид “Институт” гэх)” байна.
1.4.Сургалтын төв нь Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.13 дахь хэсэгт заасны дагуу Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагаас удирдлага, арга зүйгээр хангаж, институтээс баталгаажуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.
1.5.Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт нь төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх, тасралтгүй хөгжүүлэх үндэслэл болно.
ХОЁР.СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИХ ШААРДЛАГА
2.1.Сургалтын хөтөлбөр нь Мэргэжлийн болон техникийн боловсролын мэргэжлийн чиглэл, индекс, ажил мэргэжлийн стандартад нийцсэн байна.
2.2.Сургалтын хөтөлбөрийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасан шаардлага, загварын дагуу боловсруулна.
2.3.Сургалтын агуулгыг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.
2.4.Сургалтын хөтөлбөр боловсруулахад Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан нийгмийн түншлэлийн байгууллагын оролцоог хангана.
2.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын стандартад нийцсэн сургалтын орчин, багшлах хүний нөөцийг бүрдүүлсэн байна.
2.6.Сургалтын агуулгад дараах чадамжийн нэгжийг заавал тусгана:
2.6.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага;
2.6.2.харилцааны ур чадвар.
2.7.Сургалтын хөтөлбөрийн агуулга нь мэргэжлийн боловсрол, техникийн боловсролын агуулгатай залгамж холбоотой байна.
2.8.Сургалтын хөтөлбөр, суралцах хугацааг хувь хүний ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн уян хатан, тохируулгатай зохион байгуулж болно.
ГУРАВ.СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ,
БАТАЛГААЖУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.1.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийж, хяналт тавина.
3.2.Институт энэ журмын хэрэгжилтийг ханган ажиллана.
3.3.Сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах шалгуур үзүүлэлтийг Институт боловсруулж, Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтран батална.
3.4.Сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргуулах, баталгаажуулах хүсэлтээ Институтэд цахимаар ирүүлнэ.
3.5.Институт сургалтын хөтөлбөрт ажлын 15 хоногт багтаан дүгнэлт гаргана.
3.6.Шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан сургалтын хөтөлбөрийн дүгнэлтийг хоёр жилийн хугацаатай гаргаж, баталгаажуулна.
3.7.Сургалтын төв энэ журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргахгүй.
3.8.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасны дагуу мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж нь сургалт эрхлэх зөвшөөрлийн хүрээнд мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг шууд эрхэлнэ.
ДӨРӨВ.ТАЛУУДЫН ЧИГ, ҮҮРЭГ
4.1.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангана.
4.2.Институт дараах чиг, үүрэгтэй:
4.2.1.сургалтын хөтөлбөр боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх;
4.2.2.энэ журмын 3.4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу баталгаажуулалт хийх;
4.2.2.сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцад зөвлөн туслах;
4.2.3.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын мэдээллийн санд баталгаажсан сургалтын хөтөлбөрийг бүртгэх.
4.3.Сургалтын төв дараах чиг үүрэгтэй:
4.3.1.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт заасан түншлэлийн оролцоог хангаж ажил мэргэжлийн стандарт, мэргэжлийн боловсрол, техникийн боловсролын агуулгатай нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах;
4.3.2.Институтэд сургалтын хөтөлбөртэй холбогдох материалыг бүрдүүлж өгөх;
4.3.3.сургалтын хөтөлбөрийг хувь хүний хэрэгцээ, мэргэжлийн чиг хандлага, технологийн шинэчлэл, ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн тасралтгүй сайжруулалт хийх;
4.3.4.дүгнэлт гаргаж, баталгаажуулсан сургалтын хөтөлбөрийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын мэдээллийн санд бүртгүүлэх.
ТАВ.БУСАД
5.1.Институт ирсэн өргөдөл, гомдлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
5.2.Сургалтын төв сургалтын хөтөлбөрт заасан орчныг бүрдүүлээгүй, хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулаагүй нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол Институт сургалтын хөтөлбөрийн баталгаажилтыг түр түдгэлзүүлж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгож болно.
5.3.Сургалтын хөтөлбөрийн дүгнэлт гаргах, баталгаажуулахтай холбоотой аливаа төлбөр авахыг хориглоно.
---о0о---