Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 135 захирал, 288 цэцэрлэгийн эрхлэгч, нийт 423 удирдах албан тушаалтнуудад “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтын талаар бодит кейс, жишээнд тулгуурлан таниулж, харилцан ярилцаж, авлигын эсрэг хуулийн мэдлэг олгон, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв.
Уг сургалтын эхэнд Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин Авлигатай тэмцэх газартай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон ажлуудыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч байгааг дурдаад “Өнөөдрийн энэ үйл ажиллагаа сургууль, цэцэрлэгийн ой олноор болж байгаатай холбогдуулан хандивтай авахтай холбогдсон хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаар бодит жишээнд тулгуурласан ойлгомжтой цаг үеэ олсон, захирал, эрхлэгч нарт эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан үр дүнтэй сургалт боллоо” гэж дүгнэв.
“Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг цаашид төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудад хамран зохион байгуулна.