Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүй, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор сургуулиудад хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг эрчимжүүлэх сургалт зохион байгуулав.
Дээрх сургуулиуд нь Бангладеш Улсын эцэг, эхийн зөвлөлийн сайн туршлагыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд өөрсдийн санаачилгаар 200 гаруй багш, ажилтанд “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдвээр сургалт зохион байгуулж, Ёс зүйн зөвлөлийн ажлын хэсгийг шинээр байгуулан, “Ёс зүйн зөрчилгүй хамт олон”, “Авлигагүй хамт олон” сэдвийн дор сургууль бүр 20 гаруй контент бүтээж сургуулийн цахим хуудсанд байршуулан давхардсан тоогоор 13.640 хүн үзсэн байна.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам “Төрийн үйлчилгээний байгууллагад олон нийтийн хяналтыг хэрэгжүүлж байгаа олон улсын сайн туршлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, чиг үүрэг, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, хүүхдийн шударга байдлын судалгаа, сайн туршлагыг өөрийн сургууль дээр хэрэгжүүлэхэд эцэг эхийн оролцоо нөлөөлөл хэр байх, хэрэгжүүлсний дараа ямар үр дүн гарч байгаа талаар танилцуулав. Мөн эцэг эхчүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа.