Өнөөдөр "Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл" үндэсний чуулган зохион байгуулагдлаа. Тус чуулганд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн тавьсан илтгэлийн эхний хэсгийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан юм. Энэ ажлын хүрээнд:
- БШУЯ, СЯ, ЦХХХЯ болон холбогдох төрийн, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 3 дэд ажлын хэсгийг байгуулав.
- Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг 2021 онд анх удаа авч, төрийн 150 мянга орчим албан хаагчийг хамруулан, үр дүнг нэгтгэв.
- Албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн эсэх судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.6 хувь нь “Тийм” гэсэн бол үлдсэн 46.4 хувь нь “Үгүй” гэж хариулсан байна.
- Улсын дундаж болон бусад аймагтай харьцуулахад Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын 74.7 хувь нь албан хэргээ “бэлэн” гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
- Мөн төрийн 200 мянган албан хаагчаас авсан судалгаагаар 69,400 албан хаагч буюу 53,6% нь 1 дүгээр ангиасаа Монгол бичгээ эзэмшсэн байна.
- Дэд ажлын хэсэг “Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн Хэлний бодлогын зөвлөл баталлаа.
- Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрөөр 2023 оны байдлаар 21 аймгийн 48582 албан хаагчийг анхан болон дунд шатны сургаад байна. Төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн цуврал хичээл болон бие даан монгол бичиг сурахад зориулсан гар утасны программ хангамж бэлэн болоод байна.
- Төрийн жинхэнэ албан хаагчийн тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн сургалт, богино болон дунд хугацааны сургалтад Монгол бичгийн хичээлийг судалж байхаар нэмж тусгалаа.
- Төрийн албан хаагчийн анкет шинэчлэгдэн батлагдлаа. Төрийн албан хаагчийн анкетад монгол бичгийн унших, бичих, компьютерт бичих чадварыг асуусан бүлэг нэмэгдсэн.
- Монгол бичгийн юникод стандарт 3.0 болон олон улсын ISO/IEC 10646-1”-ыг боловсронгуй болгох чиглэлээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Юникод стандартын монгол бичгийн үсгийн хэлбэр хувирлын сонголтын дүрмийн төсөл”-ийг хүлээн авч холбогдох байгууллагаас санал авч, монгол бичгийн кодчиллын олон улсын стандартад оруулах саналыг боловсруулав.
- “Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэгтийн байршил” MNS стандартын төсөл боловсруулж, Стандарт, хэмжилзүйн газрын даргын тушаалаар батлаад байна.
- Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдлийн байрлалд тавих үндсэн шаардлага, “Төрийн албан хаагчийн нэрийн хуудсанд тавих ерөнхий шаардлага” “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага” стандартыг тус тус баталлаа.
- Оюуны өмчийн газраас ирүүлсэн 2021 онд 42 аж ахуйн нэгжийн 42 барааны тэмдэг, 5 аж ахуйн нэгжийн 18 барааны загвар нь Монгол бичигт суурилж улсын бүртгэлийн гэрчилгээ авч, эрхийн хамгаалалтын хугацаа нь 2023-2030 он хүртэл хүчин төгөлдөр байна. Монгол бичигт суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд 2023 онд 7 аж ахуйн нэгжийн 7 барааны тэмдэг бүртгүүлсэн байна.