"СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна.

A- A A+

ТӨСӨЛ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,

САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

журам БАТЛАХ ТУХАЙ

 

2024 оны ... дугаар                                                                                                                       Дугаар .../...                                                                                                                                                              Улаанбаатар хот

сарын ... -ны өдөр

 

Боловсролын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь :

1. Сургалтын байгууллагын "Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү үлгэрчилсэн журмыг баримтлан сургалтын байгууллагыг хөгжүүлэх сангийн журмыг боловсруулж, сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөлөөр баталгаажуулан мөрдөхийг захирал, эрхлэгч нарт даалгасугай.

3. Боловсролын ерөнхий хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 56/64 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

 

ТАНИЛЦУУЛГА 

 

2024 оны 01 дүгээр сарын 29

Боловсролын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийг үндэслэн “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн нийтлэг журам батлах тухай”  боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалын төслийг боловсруулан хүргүүлж байна. 

“Үлгэрчилсэн дүрэм батлах тухай” 2008 оны 56/64 дугаартай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын хавсралтаар “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг батлан хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Боловсролын салбарын төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлж улмаар түүнийг санхүүжилтийн механизмаар нь дамжуулж шийдвэрлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оноос эхлэн боловсролын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлж, үр дүн, чанар, гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэх төсвийн шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлж байна. 

Боловсролын багц хууль болон төсвийн шинэчлэлийг хагас бие даасан тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлэхдээ төсвийн уян хатан зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагын хүрээнд “Сургууль хөгжүүлэх сангийн журам”-ыг шинэчлэн боловсрууллаа.

Шинэчлэн боловсруулсан журамд дараах өөрчлөлтүүд хийгдсэн. Үүнд: 

  1. Боловсролын багц хуульд туссан нэр томьёо болон зохицуулалтуудыг тусгасан.
  2. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор төрийн сангийн нэгдсэн данстай холбоотой зохицуулалтыг тусгасан.
  3. Сангийн хөрөнгийн зарцуулах зориулалтыг сургууль, цэцэрлэгийн тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэмэгдүүлсэн.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ 

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны ...

дүгээр сарын .... өдрийн ... дугаар тушаалын хавсралт

 

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН

НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Өмчийн хэлбэр харгалзахгүй их, дээд сургууль, политехник коллеж, коллеж, мэргэжлийн боловсролын сургууль, ерөнхий боловсролын сургууль /цаашид сургууль гэх/, цэцэрлэгт дотоод, гадаадын хуулийн этгээд, иргэн, эцэг эх, асран хамгаалагч,  сайн дурын байгууллагаас /цаашид хандивлагч болон тусламж үзүүлэгч гэх/ санаачлан сайн дурын үндсэн дээр тухайн байгууллагын дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулан өгсөн хандив, буцалтгүй тусламжийн орлогыг "Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сан"-д бүртгэж авах, зарцуулах, хяналт тавих, мэдээ тайланд тусгах харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх, хэтийн зорилтыг биелүүлэх, суралцагчдыг хөгжүүлэх, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих зорилгоор хандивлагчаас санаачлан өгсөн хандив, буцалтгүй тусламжийн  орлогыг "Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сан" гэнэ.

1.3. Сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

            1.3.1. Гадаад, дотоодын байгууллага, иргэд, эцэг эх, асран хамгаалагч,  аж ахуйн нэгж, олон улсын болон сайн дурын байгууллагаас өгсөн мөнгөн хөрөнгө;

            1.3.2. Гадаад, дотоодын байгууллага, иргэд, эцэг эх, асран хамгаалагч,  аж ахуйн нэгж, олон улсын болон сайн дурын байгууллагаас өгсөн барилга, байгууламж, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйлс;

            1.3.3. Гадаад, дотоодын байгууллага, иргэд, эцэг эх, асран хамгаалагч,  аж ахуйн нэгж, олон улсын болон сайн дурын байгууллагаас суурилуулж өгсөн программ хангамж;

            1.3.4. Сангийн мөнгөн хөрөнгийн хадгаламжийн хүүгийн орлого;

1.4. Хандив, буцалтгүй тусламж цуглуулах нь хандивлагчийн болон тусламж үзүүлэгчийн хүсэл сонирхолд нийцсэн байх бөгөөд нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байна.

1.5. Санд хөрөнгө хүлээн авах, зарцуулах, тайлагнах журмыг сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн тогтооно.

1.6. Ашгийн төлөө бүртгэгдсэн сургалтын байгууллага хандив, буцалтгүй тусламжийн орлогоос хууль, тогтоомжийн дагуу татвар төлнө.

 

Хоёр. Санд хөрөнгө хүлээн авах

2.1. Сангийн хөрөнгийг хүлээн авах комиссыг сургалтын байгууллагын захирал, эрхлэгч томилох бөгөөд уг комисс нь сургууль цэцэрлэгийн нягтлан бодогч, сургалтын алба, эцэг эх, багш нарын төлөөллөөс бүрдэнэ.

2.2. Комиссын бүрэлдэхүүнийг 2 жилийн хугацаатай байгуулах бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, багш нарын төлөөллийг хамт олны хурлаас тус тус сонгоно.

2.3. Сангийн хөрөнгийг хариуцах хүнийг сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл болон сургууль, цэцэрлэгийн хамт олны саналыг үндэслэн тухайн төсвийн шууд захирагчийн тушаалаар томилно.

2.4. Сургууль, цэцэрлэгийн аж ахуй болон жижиг мөнгөн санг хариуцдаг нярав нь санг давхар хариуцан ажиллахыг хориглоно.

2.5. Санд хөрөнгийг сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилсон комисс хүлээн авч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бичиг баримтыг хөтлөн хандивлагч, санаачлагчид хүлээн авсан комиссын акт болон холбогдох санхүүгийн бичиг баримтын хуулбарын хамт гаргаж өгнө.

2.6. Санд их хэмжээний хандив оруулах санаачилга ирвэл сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл, сургуулийн хамт олны өргөтгөсөн хурлаар хэлэлцэн, тухайн хандивлах хөрөнгийн эх үүсвэрийн гарал үүсэл, хэмжээ нь Монгол улсын хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг судалсны үндсэн дээр саналыг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

2.7. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн тухайд сангийн хөрөнгийг төрийн сангийн үндсэн дансанд төвлөрүүлнэ. Төрийн бус өмчийн болон төрийн санд дансгүй сургууль, цэцэрлэг сангийн хөрөнгийг тусгай дансанд төвлөрүүлнэ.

2.8. Санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг бэлнээр сургууль, цэцэрлэг дээр хадгалахыг хориглоно.

2.9. Сангийн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтыг сан хариуцсан хүн болон сургуулийн нягтлан бодогч, төсвийн шууд захирагч хариуцна.

Гурав. Сангийн хөрөнгийг зарцуулах

3.1.  Сангийн хөрөнгийг дор дурдсан ерөнхий чиглэлээр зарцуулна:

3.1.1. Сургууль, цэцэрлэгийн номын санг баяжуулах;

3.1.2. Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин, нөхцөлийг  сайжруулах;

3.1.3 Сургууль, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах;

3.1.4 Багш, сурагчдыг хөгжүүлэх, чадавхжуулах;

3.1.5 Улсын шинж чанартай уралдаан, тэмцээн, олимпиадын шагнал, урамшууллын зардлыг олгох;

3.1.6 Багш, суралцагчийн нийгмийн баталгааг хангах;

3.2. Сангийн хөрөнгийг зарцуулах хөтөлбөр, төсөл, арга хэмжээ болон түүний төсвийг дээр дурдсан ерөнхий чиглэлийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөл батална.

3.3. Сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөлийн баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний дагуу төсвийн шууд захирагч сангийн хөрөнгийг зарцуулна.

3.4. Сургууль, цэцэрлэгийн удирдлага нь сангийн хөрөнгийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд саналыг сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулна.

3.5. Хандивлагчаас тодорхой нэр зааж хандивласан хөрөнгийг тухайн нэр заагдсан хамт олон, суралцагчдад зориулна. Хандивлагчаас тусгайлан тодорхой нэр заасан үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр хандивласан хөрөнгийг зориулсан арга хэмжээнд нь зарцуулна.

3.6. Сангийн хөрөнгөөс тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааны урсгал зардалд болон өр төлбөр барагдуулахад зарцуулахыг хориглоно.

Дөрөв. Сангийн хөрөнгийг тайлагнах

4.1. Сургалтын байгууллага нь хандив, буцалтгүй тусламжийн зарцуулалт, ашиглалтын талаарх мэдээлэл нь нээлттэй, олон нийтийн хяналт тавих нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна.

4.2. Сангийн хөрөнгийн зарцуулалтад сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл, эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөл, хамт олон хяналт тавина.

4.3. Сургууль, цэцэрлэгийн төсвийн шууд захирагч сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар эцэг эх, асран хамгаалагч болон сургуулийн хамт олонд улиралд нэг удаа мэдээлэл хийнэ.

4.4. Сангийн хөрөнгийг байгууллагын нягтлан бодох бүртгэлд тусган тайлагнаж мэдээллийн бодиттой, үнэн зөв эсэхийг сургууль, цэцэрлэгийн төсвийн шууд захирагч болон  нягтлан бодогч нар хариуцна.

4.5. Сангийн хөрөнгийн зарцуулалтын дэлгэрэнгүй тайланг хичээлийн жилийн болон санхүүгийн жилийн төгсгөлд гаргаж хандивлагчдад албан ёсоор хүргүүлнэ.

Тав. Хариуцлага

5.1. Энэхүү журмын 1.4-дэх заалтыг зөрчиж сургалтын байгууллага өөрөө санаачлан нийтийг хамарсан албадлагын шинжтэй хандив, хуримтлалыг цуглуулсан тохиолдолд буруутай албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

5.2. Сургалтын байгууллагад хандивласан хөрөнгийг санхүүгийн тайлан тэнцэлд үнэн, бодит тусгаж тайлагнах үүргийг төсвийн шууд захирагч болон нягтлан бодогч хүлээнэ. 

-----оОо-----