"ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ"-ын төсөлд санал авч байна

A- A A+

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

20.... оны .... дугаар сарын .....ны

өдрийн ...... дугаар тушаалын хавсралт

    ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН

ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ (төсөл)

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулахад энэхүү үлгэрчилсэн дүрмийг баримтална.

1.2.Ерөнхий боловсролын сургууль /цаашид “сургууль” гэх/ нь холбогдох хуульд заасны дагуу боловсролын зорилго болон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжсэн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий боловсролын сургалтын байгууллага, бие даасан хуулийн этгээд мөн.

1.3.Сургууль нь хуулийн этгээдийн өөрийн нэртэй байна.

1.4.Сургууль нь үйл ажиллагаандаа Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Багшийн хөгжлийг дэмжих тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрэмд нийцүүлэн баталсан сургуулийн дүрмийг мөрдөнө.

1.5.Сургууль нь энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн сургуулийн дүрмийг боловсруулж батална.

1.6.Сургуулийн дүрэм нь сургалтын байгууллагын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн баримт бичгийн үндэс болох бөгөөд байгууллагын дотоод харилцааг зохицуулах хэм хэмжээний бусад акт нь сургуулийн дүрэмтэй нийцсэн байна.

1.6.1.Сургуулийн дүрэмд эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг, сургуулийн албан ёсны нэр, эрх зүйн хэлбэр (ашгийн бус, ашгийн төлөө), нэрийн англи орчуулгыг тусгана.

1.7.Сургууль нь өөрийн бэлгэдэл (туг, лого, уриатай)-тэй байж болох бөгөөд бэлгэдлийн загварыг сургуулийн зөвлөлөөр хэлэлцэж захирлын тушаалаар батална.

1.8.Сургууль нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, албан ёсны цахим хаяг, хуудас хэрэглэнэ.

1.9.Сургууль нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлах, мэдээлэл шуурхай хүргэх зорилгоор өөрийн сургуулийн албан ёсны нийгмийн сүлжээ ашиглаж болно.

Хоёр. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны

зарчим, үндсэн чиглэл

 

2.1.Сургууль нь үйл ажиллагаандаа дараах зарчим баримтална:

2.1.1. хууль дээдлэх;

2.1.2. хүүхдийн сурч хөгжих, хамгаалагдах, оролцох эрх болон хувь хүний онцлог, ялгаатай байдлыг хүндэтгэх;

2.1.3. хүн бүрд хүртээмжтэй, тэгш боломж олгосон чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх;

2.1.4.ил тод, нээлттэй, хамтын хариуцлагатай, тэгш байдал, шударга ёсыг эрхэмлэх;

2.1.5.талуудын оролцоо, хамтын ажиллагаанд суурилсан, ялгаварлан гадуурхалтаас ангид байх.

2.2.Сургууль нь Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна энэ дүрмийн 1.2-т заасан чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна:

2.2.1.суралцагчдад бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтыг чанартай зохион байгуулах;

2.2.2.сурах, сургах үйл ажиллагаанд суралцагч бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэж, тэдний хөгжил, сурах үйлд тохирсон уян хатан арга хэлбэрээр суралцах тэгш боломж олгох;

2.2.3. сургалтын хөтөлбөрөөр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшин, үнэлгээ, түүний үр дүн, суралцагчдын нийтлэг анхаарах гол асуудлын талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар мэдээлэх (хоёр хуудаснаас ихгүй) ажлыг тодорхой давтамжтай зохион байгуулах;

2.2.4.хамран сургах тойргийн хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах, суралцахуйн түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий хүртээмжтэй, аюулгүй, хамтран суралцах сургалтын орчин бүрдүүлэх;

2.2.5.монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалаа дээдэлсэн, шударга монгол иргэн төлөвшүүлэх;

2.2.6.суралцагчийн ялгаатай байдал, хувийн онцлог, хэрэгцээг хүндэтгэн авьяас, чадвар, сонирхлыг хөгжүүлэх болон тэдэнд туслах, дэмжих үйлчилгээ үзүүлэх (хүүхэд бүрийн хөгжил, хамтын оролцоог дэмжсэн клуб, секц, дугуйлан, хувь хүний хөгжил, олон хэл, соёлын орчинд ажиллах, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ, сурлагын хоцрогдол нөхөх, бага ангиас дунд ангид шилжин суралцахад  үүсэх хүндрэл, бэрхшээлийг даван туулахад чиглэсэн нэмэлт дэмжлэг зэрэг);

2.2.7.сургууль, дотуур байрны орчинд хүүхэд хамгааллын үйлчилгээг суралцагчдад тэгш хүртээмжтэй үзүүлэх;

2.2.8.хүүхдийн эрхийн зөрчил, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалт, гэмт хэрэг, хорт зуршил, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, цахим орчны зохистой хэрэглээ, аюулгүй байдлын талаар соён гэгээрүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулах;

2.2.9.боловсролын технологийн шийдэл, хувь хүн бүрд тохирсон суралцахуйг дэмжих сургалтын платформ, ухаалаг төхөөрөмж, дижитал хэрэгслийг сургалт, үйл ажиллагаанд ашиглах, зайн, цахим сургалт зохион байгуулах техникийн болон сүлжээний дэд бүтцийн бэлэн байдлыг хангах;

2.2.10.сургуулийн номын сангийн үйлчилгээг сурах, сургах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сурч хөгжих, төлөвших, хамтран ажиллах, мэдээлэл авахад туслах орчин болгон хөгжүүлж, үйлчилгээний нээлттэй байдлыг хангах;

2.2.11.суралцагч, багш, ажилтан сургуулийн орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах тохируулга бүхий орчин бүрдүүлж, шаардлагатай дэмжлэг үзүүлэх;

2.2.12. суралцагчдад эрүүл, шим тэжээллэг, аюулгүй, хоол, хүнсээр үйлчлэх;

2.2.13.боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, төр, төрийн бус байгууллага, гадаад улс болон олон улсын байгууллагатай холбогдох хууль тогтоомжид заасан хэм хэмжээний хүрээнд хамтран ажиллах;

2.2.14.сургуулийн үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох.

Гурав. Удирдлага, зохион байгуулалтын бүтэц

3.1.Сургуулийн удирдлага нь өөрийн удирдлага, гүйцэтгэх удирдлага, мэргэжил, арга зүйн удирдлагаас бүрдэнэ.

3.2. Сургуулийн өөрийн удирдлага:

3.2.1.Сургууль нь Боловсролын ерөнхий хуулийн 34.2-т заасан сургуулийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-тэй байна.

3.2.2.Зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 23.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.2.3.Зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 24.7-д заасан өөрийн үйл ажиллагааны дүрэм болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг баримтлан ажиллана.

3.3. Гүйцэтгэх удирдлага:

3.3.1.сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хуулийн 33.1-д заасны дагуу захирал удирдана.

3.3.2.захирал нь хууль тогтоомж, энэ дүрмийн 1.5-д заасан дүрэм, албан тушаалын тодорхойлолт, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу сургуулийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

3.3.3.захирал нь Боловсролын ерөнхий хуулийн 33.3 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17.1-д заасан чиг үүргээс гадна дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.3.3.1.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

3.3.3.2.хамтын оролцоо, түншлэл, хяналтад суурилсан менежмент, засаглалыг сайжруулах, сургууль хөгжүүлэх дунд, богино хугацааны төлөвлөгөө[1] батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах,тайлагнах;

3.3.3.3.багш ажлын байрандаа мэргэжлийн хамт олонтойгоо хөгжих орчныг бий болгох, багш, ажилтан авлига, ёс зүйн зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн арга хэмжээг тодорхой давтамжтай зохион байгуулах, хяналт тавих;

3.3.3.4. албан үүргээ гүйцэтгэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрмийг мөрдөж ажиллах;

3.3.3.5.хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийн хэмжээнд мөрдөх шаардлагатай техникийн болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны найдвартай байдлыг хангах, технологийн горим, хүүхэд хамгааллын бодлого, хөдөлмөрийн дотоод журам болон бусад журмыг батлан мөрдүүлэх;

3.3.3.6. өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд тавих дотоод хяналтыг зохион байгуулж, үр дүнг хариуцах;

3.3.3.7.хүний нөөц, сургуулийн барилга байгууламж, харилцаа холбоо, сүлжээ, цахим үйлчилгээ, тоног төхөөрөмж, цэвэрлэгээ үйлчилгээ болон харуул хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

3.3.3.8. багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь хөндөгдөх шийдвэр гаргахын өмнө тэдний саналыг заавал авч, багш нарын зөвлөлөөр хэлэлцэх, баталгаажсан шийдвэрийг мэдээлэх;

3.3.3.9.Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж, нийтэд нээлттэй байхаар заасан мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах.

3.3.4.Захиралд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий захиргааны зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирлын тушаалаар батална.

            3.4.Мэргэжил, арга зүйн удирдлага:

                 3.4.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.1-д заасны дагуу сургууль нь мэргэжил, арга зүйн хамтын удирдлагыг хэрэгжүүлэх багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэгтэй байна.

                 3.4.2.багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.2-т заасан үйл ажиллагааг явуулна.

                 3.4.3.багш нарын зөвлөл нь байгууллагын хөгжил тодорхойлох, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон хичээлийн жилийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх, сургалтын зохион байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн үр дүн, боловсролын инноваци, технологийг сургалтад ашиглах, суралцагчийн зан үйл, төлөвшил, сургуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орох багшийн төлөөлөл сонгох зэрэг асуудлаар түүнтэй холбогдсон байгууллагын дотоод харилцааг зохицуулахад мэргэжлийн санал дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.4.4.мэргэжлийн багш нарын бүлэг нь багш ажлын байрандаа мэргэжлийн хамт олонтойгоо хөгжих, хамтын ажиллагааны соёл төлөвшүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.4.5.энэ дүрмийн 3.4.5. заасан бүлэг нь сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих болон 21 дүгээр зууны иргэний эзэмших ур чадварыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замаа хамтран эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, хамтын шийдэлд хүрэх замаар хамтран хөгжих, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна.

3.4.6.багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг нь үйл ажиллагаандаа Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.3-д заасны дагуу захирлын баталсан журмыг мөрдөнө.

3.5.Захирал нь мэргэжлийн багш нарын бүлэг нь сургалтын хөтөлбөрөөр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшин, үнэлгээ, түүний үр дүн, суралцагчдын нийтлэг анхаарах гол асуудлын талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд ойлгомжтой байдлаар ил тод, нээлттэй мэдээлэх (хоёр хуудаснаас ихгүй) ажлыг тодорхой давтамжтай зохион байгуулна.

3.6.Сургууль нь сургалтын үйл ажиллагаа, суралцагчийн мөрдөх ёс суртахууны хэм хэмжээ, санал, гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх, цахим орчны хэрэглээ зэрэг харилцааг тусгайлан зохицуулсан  дүрэм, журамтай байна.

3.7.Сургууль нь хэвийн, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангасан, өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийн нэгж (сургалтын үйл ажиллагаа хариуцсан, мэргэжлийн бүлэг, багшийн хөгжлийн төв, суралцагчдад зөвлөгөө өгөх, дэмжин туслах, захиргаа-нийтлэг үйлчилгээний нэгж, багш, ажилтны ёс зүйн асуудал хариуцсан дэд хороо, дотоод-хяналт, хүүхэд хамгааллын баг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих, сурах эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх дэмжлэгийн баг гэх мэт)-тэй байна.

3.8.Сургууль нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зориулсан гарын авлагатай байж болно.

3.8.1.энэ дүрмийн 3.8-д заасан гарын авлагад сургуулийн ерөнхий мэдээлэл, үндсэн зорилго, хүний нөөц, хичээлийн жилийн хугацаанд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, хичээл эхлэх, тарах цаг, хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, үнэлгээ, сургалтад хэрэглэх сурах бичиг, гэрийн даалгавар, сургуулийн орчинд суралцагчийн мөрдөх журам, дүрэмт хувцас, секц, дугуйлан болон суралцагчдад туслах, дэмжих үйлчилгээ, шилжилт хөдөлгөөний зохицуулалт, сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоо, хамтын ажиллагаа, холбоо барих утас, цахим хаяг гэх зэрэг асуудлаар мэдээлэл багтсан байна.

3.9.Хөдөлмөрийн тухай хуулийн 96.1-д заасан долоо хоног бүрийн нийтээр амрах өдрүүдэд багш, ажилтан, суралцагч,тэдний эцэг, эх, асран хамгаалагчийг хамарсан урлаг, спортын болон бусад арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно. 

Дөрөв. Багш, ажилтан

4.1.Сургуулийн багш, ажилтан үндэс угсаа, хэл, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, гэр бүлийн байдал зэрэг ямар нэгэн ялгаварлан гадуурхалтаас ангид байна.

4.2.Багш, ажилтан нь Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, ажил мэргэжлийн стандарт, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг эрх бүхий этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

4.3.Багш нь Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан ажил үүргийг хэрэгжүүлж, холбогдох хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдана.

4.4.Ахлах ангийн сонгон судлах хичээлийг удирдах багш нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 16.6-д заасны дагуу магистр зэрэгтэй байна.

4.5.Багш, ажилтан нь багаар хамтран ажиллах, бүтээлч үйл ажиллагаа, ёс суртахуун, ёс зүй, эв нэгдэл, эвсэг харилцаа, итгэл үнэмшил, хүнлэг чанар, үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлж, шударга ёсыг эрхэмлэн ажиллана.

4.6.Багш, ажилтан нь хууль тогтоомж, сургуулийн дүрэм, ёс зүйн дүрэм болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад дүрэм, журмыг мөрдөнө.

4.7.Сургууль нь багш, ажилтны эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.

Тав. Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч

5.1.Сургууль нь Монгол Улсын болон гадаадын харьяат иргэнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, соёл, шашин шүтлэг, гэр бүлийн байдлыг нь харгалзахгүйгээр элсэн суралцах тэгш боломжоор хангана. 

5.2.Суралцагч нь Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан эрх, үүрэг, сургуулийн хэмжээнд мөрдөх энэ дүрмийн 1.5, 3.6-д заасан дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

5.3.Суралцагч нь ёс зүй, эерэг зан үйлийг чанд сахина.

5.4.Сургуулийн дүрэм, журмыг зөрчсөн нь тогтоогдсон суралцагчийг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 13.2, 17.6-д заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамруулна.

5.5.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

5.6. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр-сургууль, сургууль-гэр хоорондын аюулгүй байдал болон хичээлийн бус цагаар хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хариуцах, цахим хэрэгсэл, сүлжээг зөв зохистой хэрэглээний талаар үлгэрлэх, хүүхдийн нас, хөгжлийн онцлог, зан төлөв, сурлага, эрүүл мэндийн талаар багш, холбогдох ажилтантай мэдээлэл солилцож, хамтран ажиллана.

5.7.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40.3-т заасны дагуу сургуультай гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.

5.8.Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь сургууль, багш, ажилтны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц худал мэдээлэл түгээхгүй байна.

Зургаа. Багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран

хамгаалагч, харгалзан дэмжигчийн байгууллага

6.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 18.8-д заасны дагуу багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, сургуулийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах зорилго бүхий сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байгууллага өөрийн удирдлагын зарчимд тулгуурлан ажиллана.

6.2.Багш, ажилтны сайн дурын байгууллага нь гишүүнчлэлтэй байх бөгөөд тэдний үйл ажиллагааг журмаар зохицуулна.

6.3.Суралцагч болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн төлөөллийн байгууллага/цаашид “зөвлөл” гэх/ нь үйл ажиллагаандаа Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 18.8-д заасны дагуу баталсан дүрмийг баримтална.

6.3.1.зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 3.2-т заасан боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд сургуультай хамтран ажиллах бөгөөд хүүхдийн хөгжил, төлөвшил, сурах үйлийг дэмжих, хүүхдийн сэтгэл зүй, хүүхэддээ туслах зөвлөгөө, мэдээлэл өгөх,  түүх, соёл, ёс заншил, уламжлалаа танин мэдэхэд чиглэсэн үзвэр, аялал, экскурсийг сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулах үндсэн чиг үүрэг хүлээнэ.

6.3.2. зөвлөл нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хамарсан урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив, хуримтлал албадан цуглуулах зэргээр орлогын тэгш бус байдал үүсгэх аливаа хэлбэрийн үйл ажиллагаа санаачлан зохион байгуулахыг хориглоно.

6.4.Багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн байгууллагын ажиллах хэм хэмжээний акт нь сургуулийн дүрэм, журам болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

6.5.Сургууль нь 6.1-д заасан байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажиллана.

6.6.Багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн байгууллага нь сургуулийн бодлого, үйл ажиллагааг төлөөлөх хуулийн этгээд болохгүй.

Долоо. Санхүү, төсөв

7.1.Сургуулийн санхүү, төсвийн өдөр тутмын үйл ажиллагааг төсвийн шууд захирагч, бүртгэл, санхүүгийн ажилтан хариуцан гүйцэтгэнэ.

7.2.Сургууль нь Боловсролын ерөнхий хуулийн 37.6-д заасны дагуу сургууль хөгжүүлэх сантай байж болно.

7.3.Сургуулийн батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, сургууль хөгжүүлэх сангийн орлого, зарлага, санхүүгийн тайлан, түүнд хийсэн эдийн засгийн шинжилгээ, аудитын дүгнэлтийг холбогдох хуульд заасан хугацаанд сургуулийн цахим хуудсанд байршуулна.

7.4.Хуульд заасан хугацаанд санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитыг эрх бүхий байгууллагаар хийлгэж, дүнг ил тод, нээлттэй мэдээлнэ.

 

Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа Dulamsuren@mecs.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.  

 

---000---