Боловсрол Шинжлэх Ухааны сайдын
2023 оны..... сарын ....-ны өдрийн
..... тоот тушаалын … хавсралт
ДЭД ПРОФЕССОР, ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХОД
БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Их сургуулийн “Дэд профессор”, “Профессор” цолыг багш, судлаач нарт олгоход энэхүү нийтлэг шаардлагыг баримтална.
1.2. Эрдэм шинжилгээний бүтээл туурвисан болон энэхүү нийтлэг шаардлагыг хангасан багш, судлаачдад тухайн их сургуулийн дэд профессор, профессор цолыг олгоно.
1.3. Дэд профессор, профессор цолыг их сургуулийн Эрдмийн зөвлөлөөс олгох бөгөөд албан ёсны болон бусад ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хэрэглэнэ.
Хоёр. Нийтлэг шаардлага
2.1.Профессор цол олгоход дараах нийтлэг шаардлага хангасан байвал зохино:
2.1.1. Хоёроос доошгүй докторын судалгааны ажил удирдаж хамгаалуулсан байх, үүнээс нэгийг дэд профессор цол хүртснээс хойш хамгаалуулсан байх;
2.1.2. Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх;
2.1.3. Байгалийн ухаан, анагаах ухаан, техник, технологийн ухаан, хөдөө аж ахуйн чиглэлийн багш, судлаачид “Web of Science”, “Scopus”, “Pubmed” зэрэг мэдээллийн санд бүртгэлтэй, хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг эрдэм шинжилгээний сэтгүүлд нэгдүгээр эсвэл холбоо баригч зохиогчоор нийт таваас доошгүй өгүүлэл, үүний хоёроос доошгүй өгүүллийг Дэд профессор цол хүртсэнээс хойш хэвлүүлсэн байх;
2.1.4. Нийгмийн ухаан, урлаг хүмүүнлэгийн чиглэлийн багш, судлаач нар дараах шаардлагын аль нэгийг хангасан байх:
2.1.4.1. олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд (Web of Science, Scopus) бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр эсвэл холбоо баригч зохиогчоор эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байх;
2.1.4.1. олон улсын бусад мэдээллийн санд бүртгэлтэй хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүллийг нэгдүгээр зохиогчоор, үүнээс нэг өгүүллийг Дэд профессор цол хүртснээс хойш хэвлүүлсэн байх;
2.1.5. Их сургуулийн суралцагчдад зориулсан сурах бичгийн зохиогчоор ажиллаж хэвлүүлсэн байх;
2.1.6. Дэд профессор цол хүртснээс хойш үндэсний болон олон улсын хоёроос доошгүй судалгааны төсөлт ажлын удирдагчаар ажиллаж тайланг хүлээлгэн өгсөн байх;
2.1.7. Дэд профессор цол хүртснээс хойш гурваас доошгүй магистр удирдан хамгаалуулсан, нэг доктор эсвэл гурваас доошгүй магистрын бүтээлд зөвлөх эсвэл шүүмж хийсэн байх;
2.1.8. Дэд профессор цол хүртснээс хойш эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр авсан патент, зохиогчийн эрх, ашигтай загварын гэрчилгээний аль нэгийг авсан байх;
2.1.9. Дэд профессор цол хүртснээс хойш, хянан магадлагаа хийгддэг дотоодын сэтгүүлд таваас доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байх;
2.1.10.Байгалийн шинжлэх ухааны чиглэлийн багш судлаачид нэг доктор, зургаан магистрын ажил удирдаж хамгаалуулсан байх тохиолдолд энэхүү шаардлагын 2.1.1-т заасныг дүйцүүлэн тооцож болно;
2.2. Дэд профессор цол олгоход дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.
2.2.1. Танхимын сургалтын гурваас доошгүй магистр эсвэл нэг докторын судалгааны ажил удирдаж хамгаалуулсан байх;
2.2.2. Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад наймаас доошгүй жил ажилласан байх;
2.2.3. Байгалийн ухаан, анагаах ухаан, техникийн ухаан, хөдөө аж ахуйн чиглэлийн багш,судлаачид “Web of Science”, “Scopus”, “Pubmed” зэрэг мэдээллийн санд бүртгэлтэй, хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг эрдэм шинжилгээний сэтгүүлд нэгдүгээр эсвэл холбоо баригч зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн байх;
2.2.4. Нийгмийн ухаан, урлаг хүмүүнлэгийн чиглэлийн багш, судлаач нар дараах шаардлагын аль нэгийг хангасан байх:
2.2.4.1. олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд (Web of Science, Scopus)- бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр эсвэл холбоо баригч зохиогчоор эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байх;
2.2.4.1. олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүллийг нэгдүгээр эсвэл холбоо баригч зохиогчоор хэвлүүлсэн байх;
2.2.5. Их сургуулийн суралцагчдад зориулсан сурах бичгийн зохиогч, хамтран зохиогчоор хэвлүүлсэн, мөн нэг судалгааны сэдэвт бүтээл дангаар болон хамтран туурваж хэвлүүлсэн байх;
2.2.6. Үндэсний болон олон улсын судалгааны төсөлт ажлын удирдагчаар ажиллаж тайланг хүлээлгэн өгсөн байх;
2.2.7. Магистрын судалгааны ажлын зөвлөх, шүүмжлэгчээр эсвэл докторын судалгааны ажилд зөвлөхөөр ажиллаж, шүүмж хийсэн байх;
2.2.8. Докторын зэрэг хамгаалснаас хойш хянан магадлагаа хийгддэг олон улсын болон дотоодын сэтгүүлд гурваас доошгүй өгүүлэл нийтлүүлсэн байх;
2.2.9. Эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр патент, зохиогчийн эрх эсвэл ашигтай загварын гэрчилгээ авсан байх;
2.2.10. Докторын зэрэг хамгаалснаас хойш эрдэм шинжилгээний хуралд наймаас доошгүй, үүнээс олон улсын эрдэм шинжилгээний хуралд гурваас доошгүй илтгэл хэлэлцүүлсэн байх;
Гурав. Дэд профессор, профессор цолны олгох
3.1. Тухайн их сургуулийн эрдмийн зөвлөл нь дэд профессор, профессор цолны шаардлага хангасан тухай хүсэлт, материалыг хүлээн авч, үнэлэн, эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ил санал хураалтаар Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн саналаар шийдвэрлэнэ.
3.2.Тухайн их сургуулийн эрдмийн цол олгох журамд шаардлага хангаагүй, хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд материалыг буцаах, бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцох зохицуулалтыг тусгасан байна.
3.3. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй эрдэмтдийн мэдээлэлийн санд үндэслэн тухайн их сургуулийн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга багш, судлаач нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээлийн жагсаалтыг хянан баталгаажуулж, сургуулийн архивт хадгална.
Дөрөв. Бусад
4.1. Энэхүү нийтлэг шаардлагын хэрэгжилтэд боловролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж жил бүр хяналт тавьж ажиллана.
4.2. Энэхүү шаардлагыг зөрчиж дэд профессор, профессор цол олгосон этгээдэд зөрчлийн хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---