"ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

A- A A+

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН

ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ (Төсөл)

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль /цаашид “сургууль” гэх/-ийн зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой нийтлэг харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Цэцэрлэг, сургуулийн зөвлөл /цаашид “зөвлөл” гэх/ нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 24.1-д заасан төлөөллөөс бүрдсэн орон тооны бус байна.

1.3. Зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 23.2-т заасан зорилго, чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

1.4. Зөвлөл нь үйл ажиллагаандаа суралцагчийн сурч боловсрох эрхийг дээдлэн, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааны бие даасан байдлыг хүндэтгэх, суралцагчийн хууль ёсны эрх ашиг, санал хүсэлтийг харгалзах, нээлттэй, ил тод байх, хамтын удирдлагын зарчим баримталж ажиллана.

1.5.Зөвлөл нь хуулийн этгээдийн эрхгүй байна.

1.6.Энэ журам нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 23.3-т заасны дагуу дундын хэлбэрээр байгуулсан зөвлөлд нэгэн адил  үйлчилнэ.

Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

2.1.Зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 24.7-д заасны дагуу өөрийн үйл ажиллагааны дүрмийг баталж мөрдөнө.

2.2.Энэ журмын 2.1-д заасан дүрэмд зөвлөлийн чиг үүрэг, бүрэлдэхүүний төлөөлөл болон дарга сонгох, чөлөөлөх, тэдэнд тавигдах шаардлага, дарга,  гишүүдийн ажил үүрэг, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгох, эгүүлэн татахтай холбоотой дагаж мөрдөх дотоод хэм хэмжээг тус тус тусгана.

2.3. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд нийт гишүүдийн 85-аас доошгүй хувийн ирцтэй байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.

2.4. Зөвлөлийн ээлжит хурлыг хичээлийн жилд гурваас доошгүй удаа зохион байгуулна. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хурлыг цахимаар хийж болно.

2.5. Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг үндэслэн ээлжит бус хурал зохион байгуулж болно.

2.6. Зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга зарлан хуралдуулна. Зөвлөлийн даргыг түр эзгүйд түүний санал болгосноор аль нэг гишүүн хурал удирдана.

2.7. Зөвлөлийн хурлыг хурал болохоос ажлын гурваас доошгүй хоногийн өмнө товлоно.

2.8. Зөвлөл нь хурлаараа Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 23.2-т заасан чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэх бөгөөд хэлэлцэх асуудлыг зөвлөлийн дарга батална.

2.8.1. Зөвлөл хурлын дэг, зохион байгуулалтыг өөрөө тогтооно.

2.8.2. Зөвлөлийн гишүүн хурлаар хэлэлцүүлэх асуудлын талаарх саналаа зөвлөлийн даргад албан бичгээр ирүүлнэ.

2.8.3. Зөвлөлийн хурлын шийдвэр /тогтоол/ нь санал, дүгнэлт, зөвлөмж хэлбэртэй байх бөгөөд зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана.

2.8.4. Хурлын шийдвэрт зөвлөлийн дарга гарын үсэг зурж, тухайн цэцэрлэг/ сургуулийн тамга/тэмдэг/ дарснаар баталгаажна.

2.8.5. Зөвлөл нь хурлын тэмдэглэлээр үүрэг даалгавар өгч болно.

2.8.6. Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг зөвлөлийн дарга, хуралд оролцсон гишүүд тус тус хянан гарын үсэг зурж баталгаажуулна.

2.8.6.1.хурлын тэмдэглэлд хурал эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг минут, ирцийн байдал/тоо, хувиар/, хуралд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан, хурлаар асуудал хэлэлцэхэд оролцсон хүмүүсийн албан тушаал, нэр, хэлэлцсэн асуудал, түүнтэй холбоотой гишүүдээс тавьсан асуулт, хариулт, гаргасан санал, шүүмж, хэлсэн үгийн товч утга, саналын зөрүүтэй асуудал, гарах шийдвэрийн төслийн талаарх санал хураалтын дүн, гарсан шийдвэрийн агуулга, гишүүний тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үг болон бичгээр өгсөн санал зэргийг тусгана.

2.8.6.2.зөвлөлийн дарга нь энэ журмын 2.8.6.1-д заасан тэмдэглэл хөтлөх албан тушаалтныг цэцэрлэгийн эрхлэгч/сургуулийн захиралтай зөвшилцөн томилон ажиллуулж болно.

2.8.7. Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантай бол хуралд цахимаар оролцож болно. Хуралд цахимаар оролцох бол зөвлөлийн нарийн бичигт нэг өдрийн өмнө урьдчилан мэдэгдсэн байна.

2.8.8. Зөвлөлийн хуралд цахимаар оролцсон гишүүнийг ирцэд оруулан тооцож, хурлын тэмдэглэлд энэ талаар бичнэ.

2.8.9. Хуралд танхимаар оролцох боломжгүй гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар санал, дүгнэлтээ цахим болон бичгээр ирүүлж болно.

2.8.10. Зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудалд холбогдох материалыг хурал болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө цахимаар, эсхүл хэвлэмэл хэлбэрээр гишүүдэд хүргүүлэх ажлыг энэ журмын 4-т заасан эрхлэгч, захиралтай хамтран зохион байгуулна. Хурлын материалыг гишүүдэд хүргүүлсэн талаар тухай бүр баталгаажуулсан байна.

2.8.11. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд оролцоогүй гишүүдэд хурлын материал, гарсан шийдвэрийн талаар нарийн бичиг танилцуулна.

2.9. Хэлэлцэж байгаа асуудлаар тухайн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн төлөөллийг зөвлөлийн хуралд урьж оролцуулан тэдний санал, хүсэлт, тайлбар, мэдээллийг сонсож болно.

            2.10. Зөвлөлөөс тухайн хичээлийн жилд хэрэгжүүлэх зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг зөвлөлийн хурлаар баталж хэрэгжүүлнэ.

2.11. Зөвлөл нь холбогдох хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх зорилгоор гишүүдийг багийн зохион байгуулалтаар ажиллуулж болно.

2.12. Зөвлөл тодорхой асуудлаар үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд ажлын хэсгийг зөвлөлийн гишүүн ахална.

2.13.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал дүгнэлтээ илэрхийлэх боломж зөвлөлийн бүх гишүүдэд эрх тэгш байна.

2.14. Зөвлөлийн гишүүн зөвлөлийн чиг үүрэг, хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд бичгээр тайлбар гаргаж, зөвлөлийн хурал, эсхүл санал хураалтад оролцохгүй байж болно.

2.15. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлын албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй ажиллана.

2.16. Зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 23.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захиралтай албан бичгээр харилцана.

Гурав.Зөвлөлийн үйл ажиллагааны тайлагналт, хяналт

3.1.Зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 23.5-д заасан тайланг багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид танилцуулна.

3.2. Хурлын тухай мэдээлэл, гарсан шийдвэрийн талаар цэцэрлэг/сургуулийн цахим хуудас эсхүл мэдээллийн самбарт ил тод, нээлттэй байршуулж суралцагч, багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд мэдээлнэ.

3.3. Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон зөвлөлийн хурлын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, хичээлийн жилийн эцэст зөвлөлийн хуралд тайлагнана.

3.4. Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан олон нийтэд нээлттэй байх бөгөөд тайланг цэцэрлэг/сургуулийн албан ёсны цахим хуудсанд байршуулна.

3.5. Зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээ зохион байгуулахад цэцэрлэг, сургуулийн холбогдох багш, ажилтантай хамтран ажиллана.

3.6. Зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны талаар суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн санаа бодлыг тандан судалж болно.

Дөрөв.Зөвлөлийн үйл ажиллагаанд цэцэрлэг,

ерөнхий боловсролын сургуулийн үзүүлэх дэмжлэг

4.1.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулах бөгөөд тушаалыг багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд нээлттэй, ил тод мэдээлнэ.

4.2.Энэ журмын 4.1-д заасан эрхлэгч, захирал нь хууль тогтоомж, бодлого, шийдвэр болон сургалтын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар чиглүүлэх сургалтыг зөвлөлийн бүрэлдэхүүнд зохион байгуулж болно.

4.3. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 24.4-т зааснаар зөвлөлийг үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангаж, мөн хуулийн 24.6-д заасан санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

            4.4.Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нь зөвлөлийн хурал зохион байгуулах бэлтгэл, зөвлөл үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай мэдээллээр хангах, мэдээлэл солилцох уулзалт болон суралцагч, багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зөвлөлийн хурлын шийдвэр, төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл түгээхэд хамтран ажиллана.

4.5. Зөвлөлийн дарга, гишүүдэд зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон ирц, оролцоонд тохирсон урамшууллыг олгож болно.

4.6. Зөвлөлийн шийдвэр, хурлын тэмдэглэл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу хадгална.

Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа Tsolmon@mecs.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.  

---000---