"ҮНДЭСНИЙ ИННОВАЦЫН ШАГНАЛ"-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих, олон нийтэд түгээх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2 жил тутам “Шилдэг инновацын бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” төрөлд олгодог Үндэсний инновацын шагналд нэр дэвшүүлэх хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Шилдэг инновацын бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ.
Үйлчилгээний салбарын шилдэг инновацын шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацыг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ.
Бүтээлд тавигдах шаардлага:
- Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;
- Импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх;
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх;
- Зах зээлд сүүлийн 2 жилд нэвтрүүлсэн байх;
- Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник, технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх;
- Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх;
- Олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх.
Шагналд нэр дэвшүүлэх хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
1. Нэр дэвшүүлсэн этгээд нь аж ахуйн нэгж, байгууллага бол уг бүтээлийг инновацын шагналд нэр дэвшүүлсэн тухай хамт олны хурлын тэмдэглэл;
2. Нэр дэвшүүлсэн этгээд нь эрдэм шинжилгээний байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллага бол эрдмийн зөвлөлийн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод бол тэдгээрийн удирдах зөвлөлийн шийдвэр;
3. Нэр дэвшсэн бүтээлийн өмчлөгч (эзэмшигч)-ийн иргэний үнэмлэх, эсхүл улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар;
4. Нэр дэвшүүлсэн этгээд нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн танилцуулга;
5. Нэр дэвшсэн бүтээлийн танилцуулга, шагналд дэвшүүлэх болсон үндэслэл/бүтээлийн үнэ цэнэ, нийгэм, эдийн засгийн үр ашиг, байгаль орчинд үзүүлэх нөлөө, үр дүнг түгээн дэлгэрүүлсэн байдал, цаашдын төлөв, технологийн горим, техник, эдийн засгийн үзүүлэлт/;
6. Бүтээлийн онцлогийн талаарх танилцуулга (тухайн бүтээлийн техник, технологийн шийдэл, материал, тоног төхөөрөмжийн ашиглалтын нөхцөлийн талаар болон эдгээр нөхцөлийг дотоод, гадаадын ижил төрлийн бүтээлтэй харьцуулсан судалгаа);
7. Бүтээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх танилцуулга (улсын захиалгатай төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бол энэ тухай дурдана);
8. Бүтээлийн техникийн зураг, загвар, бүдүүвч;
9. Бүтээлд холбогдох патент, ашигтай загварын гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
10. Нэр дэвшсэн бүтээлийг нийтэд нээлттэй танилцуулах, сурталчлах зорилгоор хэвлэн нийтлэх зөвшөөрлийн бичиг.
Жич: “Монгол Улсын Төрийн шагнал”, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”, “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал” авсан, нэр дэвшүүлсэн бүтээлийг шагналд давхардуулан нэр дэвшүүлэхгүй. Инновацын шагналд хамтын бүтээлийг нэр дэвшүүлсэн тохиолдолд уг бүтээлийг бий болгоход гишүүн тус бүрийн оруулсан бодит хувь нэмэр, оролцоог тодорхойлж, нэр дэвшигч бүр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Олон улсын төсөл, хөтөлбөр, гэрээний үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэсэн бүтээлийг инновацын шагналд нэр дэвшүүлсэн тохиолдолд зохиогчийн багийн бүрэлдэхүүнд гадаадын иргэнийг оролцуулж болно. Баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтийг хүлээн авахгүй.
Үндэсний инновацын шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг 2024 оны 08 дүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 507 тоот өрөөнд хүлээн авна.
Холбоо барих утас: 51-267131