"ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРНЫ ОРЧИНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ"-Ын төсөл

A- A A+

                                                                                  Боловсрол,  шинжлэх  ухааны сайдын

          2024 оны ........ дугаар сарын ........ -ны

                                                               өдрийн….... дугаар тушаалын хавсралт

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРНЫ ОРЧИНД

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Үндэслэл

1.1.Энэ журмаар ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, хүүхэдтэй зүй бус харилцах, үл хайхрах байдал, үе тэнгийн дээрэлхэлт болон эрсдэлт нөхцөл байдлаас хамгаалж, хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ /цаашид “хүүхэд хамгааллын үйлчилгээ” гэх/-нд шуурхай тусламжийн, хамгаалах нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг хамруулна.

1.3.Энэхүү журам нь өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, дотуур байрны багш, ажилтан, хоол зүйч, гэрээт ажилтан, сайн дурын ажилтан, дадлагажигчид тус тус хамаарна. 

                               Хоёр. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд

                  баримтлах зарчим

2.1.Хүүхдийн эрхийг дээдэлж, ялгаварлан гадуурхахгүй байх;

2.2.Хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах;

2.3.Үйлчилгээ нь шуурхай, хүртээмжтэй, үр дүнтэй, хүүхдэд ээлтэй, хор хөнөөл учруулахгүй байх;  

2.4.Сургалт, үйл ажиллагааны үед хүүхэд хүчирхийлэлд өртөж болзошгүй эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх;

2.5.Хүүхдийг тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд  оролцуулахгүй байх;

2.6.Журмыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын идэвхтэй оролцоог хангах, хамтын ажиллагаа, түншлэлд тулгуурлах.

Гурав. Хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1.Хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.1.1.Энэхүү журмын 4.1-д заасан хүүхэд хамгааллын багийн гишүүд болон тухайн сургуулийн бусад багш, ажилтан, гэрээт ажилтан, сайн дурын идэвхтэн, дадлагажигч нар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хүүхэд хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчилд өртсөн болон өртсөн байж болзошгүй, хүүхдийн аюулгүй байдал алдагдсан тухай мэдсэн, таамагласан, илрүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор сургуулийн захирал, нийгмийн ажилтанд мэдэгдэнэ.  

3.1.2.Захирал, нийгмийн ажилтан мэдээллийг хүлээн авч дараах арга хэмжээг авна:

3.1.2.1.харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд мэдэгдэж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол цагдаагийн байгууллагад холбон зуучлах;

3.1.2.2.эрсдэлийн үнэлгээг анги удирдсан багштай хамтран Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18.8-д заасан журмын дагуу хийж, гүйцэтгэх бөгөөд эрсдэлийн үнэлгээгээр дунд, өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд орон нутгийн хамтарсан баг эсхүл сум, хорооны хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтанд нэн даруй мэдээлж, хүүхдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага, мэргэжилтэнтэй холбож өгөх;  

3.1.2.2.шаардлагатай тохиолдолд нөхцөл байдлын үнэлгээг сургуулийн нийгмийн ажилтан тухайн сум, хорооны хамтарсан багтай хамтран хийж, хүүхэд хамгааллын кейс менежментийн төлөвлөгөөг гаргаж болно.  

3.1.2.3.эрсдэлийн түвшин дунд болон өндөр гэж үнэлэгдсэн хүүхдийн хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, энэ журмын 3.1.2.1-д заасан байгууллага, ажилтантай хамтран дахин эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн ажиллах;

3.1.2.4.эрсдэлийн түвшин бага гэж үнэлэгдсэн тохиолдолд сургуулийн хүүхэд хамгааллын багийн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамруулж ажиллах.

3.1.3.Хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд анги удирдсан багш нь гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон сургуулийн хүүхэд хамгааллын багт нэн даруй мэдээлнэ.

3.1.4.Сургууль нь багш, ажилтан, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдээс хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авах нээлттэй сувагтай байна:

         3.1.4.1.нийгмийн ажилтан нээлттэй сувгыг шалгаж, сургуулийн хүүхэд хамгааллын багийн ахлагчид танилцуулж, холбогдох арга хэмжээг авах;

3.1.4.2.нийгмийн ажилтан хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөх;

3.1.4.3.хохирогч хүүхдийг сэтгэл зүйчийн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулах;

3.1.4.4.эрсдэл өндөртэй гэж үзвэл энэхүү журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;

3.1.4.5.мэдээлэл өгөгчийн аюулгүй байдлыг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу нууцална.

3.1.5.Хүүхэд, түүний гэр бүлийн гишүүдийн хүний хувийн болон эмзэг мэдээллийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа этгээдэд мэдээлэх, задруулахгүй.

3.2.Хүүхэд хамгаалах болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.1.Нийгмийн ажилтан нь хамтарсан багийн нийгмийн ажилтантай хамтран энэ журмын 3.2-д заасан үйлчилгээг үзүүлэхдээ сургуулийн хүүхэд хамгааллын багийн оролцоог хангана.

3.2.2.Хүүхдийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хүүхэдтэй ганцаарчлан, гэр бүл, анги бүлэг, сургуулийн хамт олон буюу байгууллага, олон нийттэй ажиллах зэрэг хэлбэрээр хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлнэ.

3.2.3.Гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүүхдийн бүлгийг нөхөн сэргээх, дэмжих, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулахад чиглэсэн нийгмийн ажлын, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн дараах үйлчилгээг хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөний дагуу үзүүлнэ:

3.2.3.1.сэтгэл зүйн цочрол, хямрал, гэмтлээ даван туулахад нь туслах сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх;

3.2.3.2.хүүхдийн эсрэг хүчирхийллээс үүдэлтэй хүүхдийн зан авирын өөрчлөлтөд чиглэсэн нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх;

3.2.3.3.хүүхдийг суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохирсон сургалт, үйл ажиллагаанд хамруулах;

3.2.3.4.хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх;

3.2.3.5.хүүхэд, эцэг, эхийн харилцааг сайжруулах, харилцааны зөрчил, хямралыг шийдвэрлэх сургалтад хамруулах.

3.3.Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

3.3.1.Энэ журмын 3.3-д заасан үйл ажиллагаанд хүүхдийг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, согтуурах, мансуурах, донтох байдал болон цахим орчин дахь болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх, өртсөн суралцагчийг дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг хамруулна.

3.3.2.Сургуулийн багш, ажилтан, хүүхэд, гэр бүл, байгууллага зэрэг зорилтот бүлэг, олон нийтэд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс сэргийлэх, хамгаалахад чиглэсэн үйлчилгээ, сургалт, үйл ажиллагааг олон талт хэлбэрээр зохион байгуулна.

3.3.3.Урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны агуулга нь хүмүүжлийн эерэг арга, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, оролцоо, стресс менежмент, жендерт суурилсан хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэх, ёс суртахууныг төлөвшүүлэх, хүүхдэд ээлтэй нийгэм, сэтгэл зүй харилцааны орчныг бий болгох зэрэг суралцагч, сургууль, орон нутгийн онцлогт тохирсон байна.

3.3.4.Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс сэргийлэх, хамгаалах арга хэмжээг суралцагчдын оролцоонд тулгуурлан зохион байгуулна.

3.3.5.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хүүхдийн нас, хөгжлийн онцлог, зан төлөвийг таньж мэдэх, хүндэтгэн ойлгох, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмшүүлэх талаар сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх, эцэг эхийн зөвлөлтэй хамтран ажиллана.

3.3.6.Хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирсон болон холбогдсон хүүхдүүдийг дахин хохирч, холбогдохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээг гэрээр айлчлах, гэр бүл, асран хамгаалагч, харгалзан дэмжигчидтэй хийх тогтмол уулзалт, зөвлөгөөгөөр дамжуулан зохион байгуулна.

3.3.7.Хүүхэд хамгааллын үйлчилгээ авч буй хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалж, сургууль, дотуур байрны орчинд нууц нь задрах, бусад багш ажилтнууд болон хүүхдүүдийн зүгээс гадуурхагдах, доромжлуулах, шоолуулах зэргээр дахин хохирохоос хамгаалах, хүүхдийн талаар хувийн эмзэг мэдээлэл гарсан даруйд таслан зогсоох, нэр төрийг нь хамгаалах арга хэмжээ авна.

3.3.8.Сургууль, дотуур байрны орчинд үе тэнгийн дээрэлхэлт гарч болзошгүй “эрсдэлтэй газрууд”-д насанд хүрэгчийн хараа, хяналтыг сайжруулж, олон нийтийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлнэ.

3.3.9.Хүүхдийг амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй сургалт, үйл ажиллагаанд оролцуулахгүй.

3.4.Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

3.4.1.Сургууль, дотуур байрны зөвшөөрөгдсөн байршилд хуульд заасны дагуу стандартын шаардлага хангасан хяналтын камер байршуулж, өдөр тутам хяналт тавьж, мэдээлэх албан тушаалтан томилно.

3.4.2.Сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөрчлийг мэдээлэх, арилгуулах арга хэмжээг сургуулийн эцэг эхийн зөвлөл, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

3.4.3.Сургууль, дотуур байрны стандартын хэрэгжилтийг хангах, сургалтын орчны нөхцөл байдлын зураглал гарган эрсдэлийн үнэлгээг улирал тутам хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах арга хэмжээг эцэг эхийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлнэ.  

3.4.4.Хүүхдийг сургуульдаа ирэх, буцах замын аюулгүй байдлыг судлах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эцэг эхийн зөвлөл, орон нутгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Дөрөв.Хүүхэд хамгааллын үйлчилгээний

        бүтэц, зохион байгуулалт

4.1.Сургууль бүр хүүхэд хамгааллын багтай байна.

4.2.Хүүхэд хамгааллын багийг захирал ахлах бөгөөд багийн бүрэлдэхүүнд нийгмийн ажилтан, сургалтын менежер, багш, эмч, сэтгэл зүйч, дотуур байрны багшийн төлөөлөл багтана.

4.3.Хүүхэд хамгааллын багийн ахлагч, гишүүд нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.3.1.Захирал нь сургууль, дотуур байрны орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг удирдан зохион байгуулж, дараах арга хэмжээг авна:

4.3.1.1.сургуулийн хүүхэд хамгааллын багийн гишүүдтэй хамтран хүүхдийн эсрэг хүчирхийллийг таних, илрүүлэх, мэдээлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын байран дээрх сургалтыг шинээр ажилд орсон болон ажиллаж байгаа бүх багш, ажилтанд хагас жилд нэг удаа зохион байгуулах;

4.3.1.2.сургуулийн багш, ажилтныг шинээр ажилд томилоход хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчил, гэмт хэрэгт холбогдсон эсэхийг холбогдох бичиг баримтад үндэслэн нягтлан шалгах;

4.3.1.3.энэ журмын 4.3.1.2-д заасан зохицуулалтыг багш, ажилтан сонгон шалгаруулах журам, хөдөлмөрийн дотоод журамд тусгах;

4.3.1.4.хамтарсан баг, иргэний нийгэм, салбар, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийг аливаа хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдал, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх талаар хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

4.3.2.Сургалтын менежер нь хүүхдийн хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулалгүй зохион байгуулах зорилгоор ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулж, сургалтад хамруулах, суралцагчид үүссэн хичээлийн хоцрогдол нөхөх ганцаарчилсан болон бүлгээр нэмэлт давтлага өгөх ажлыг зохион байгуулж, хичээл сургалтын үйл ажиллагаанд холбогдох зохицуулалтыг танхимын сургалтад хэвийн хамрагдах хүртэл хугацаанд хийж, сургалтын баримт бичигт баталгаажуулах ажлыг нийгмийн ажилтан, анги удирдсан багш, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран зохион байгуулна:

4.3.2.1.орон нутгийн хамтарсан баг хүүхдийг сурч байгаа сургуульдаа үргэлжлүүлэн суралцахад эрсдэлтэй гэж үнэлсэн бол түр хамгаалах байранд хамгийн ойр байршилтай сургууль нь харьяалал харгалзахгүй түр шилжүүлэн суралцуулах;

4.3.2.2.хамтарсан багийн холбон зуучлах үйлчилгээгээр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, асрамж, халамжийн төв, асралт гэр бүл зэрэг гэр бүлээсээ тусдаа хамгааллын үйлчилгээ авч буй хүүхдэд энэ журмын 4.3.2-д заасан үйлчилгээ үзүүлэх;

4.3.2.3.хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй хэрэгцээ үүссэн, гачигдал тохиолдсон болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас танхимаар суралцах боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд энэ журмын 4.3.2-д заасан үйлчилгээ үзүүлэх.

4.3.3.Сургуулийн эмч нь хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад холбон зуучилна.

4.3.4.Сэтгэл зүйч нь хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх, хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, шаардлагатай тохиолдолд сэтгэл заслын үйлчилгээнд холбон зуучилна.

4.3.5.Дотуур байрны багш нь дотуур байрны орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс сэргийлэх, хамгаалах, үйл ажиллагааг зохион байгуулах, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар таамагласан бол энэ журмын 2.1.1-д заасны дагуу мэдээлэх, өртөх эрсдэлтэй хүүхдийг илрүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургуулийн хүүхэд хамгааллын багийн гишүүдтэй хамтран ажиллах;

4.3.6.Анги удирдсан багш нь хүүхдийн хичээл хоцролт, таслалт, сургууль завсардалт, зан үйлийн өөрчлөлтийг ажиглаж хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг тандан судлах, хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхдийг илрүүлэх, мэдээлэх, улмаар хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй хамтран зохион байгуулах;  

4.3.7.Нийгмийн ажилтан нь хүүхэд хамгааллын шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх мэргэжлийн үйлчилгээг хүргэх ажлыг чиглүүлж, зохион байгуулна:

4.3.7.1. хичээлийн жилийн турш хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, тандан судлах, эдгээрт үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөж, хэрэгжилтийн тайланг аймаг, нийслэлийн боловсролын газарт хичээлийн жилийн төгсгөлд хүргүүлэх;

    4.3.7.2.хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд шаардлагатай зардлыг энэ журмын 4.3.7.1-д заасан төлөвлөгөөнд үндэслэн, холбогдох аргачлалд заасан хувь хэмжээнд нийцүүлэн төлөвлөж, сургуулийн захирлаар баталгаажуулна.

Тав. Хяналт, үнэлгээ

5.1.Сургууль, дотуур байрын орчны эрсдэлийн үнэлгээг сургуулийн хүүхэд хамгааллын баг, суралцагчийн зөвлөлийн болон эцэг эхийн зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн баг хийх бөгөөд хүүхдийг эрсдэлд хүргэж болзошгүй үйл ажиллагааны жагсаалтыг гарган, эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттай авч, хэрэгжүүлнэ.

5.2.Энэ журмын хэрэгжилтэд сургууль бүр өөрийн үнэлгээг хавсралтад заасан шалгуур үзүүлэлтийн дагуу жилд нэг удаа хийнэ. 

5.2.Аймгийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс нь хүүхэд хамгааллын үйлчилгээний болон зардлын төсвийн хуваарилалт, зарцуулалтад хяналт тавьж, зөвлөн тусална:

5.2.1.энэ журмын 4.3.7.1-д заасан тайлантай танилцаж, дараагийн хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль бүрд холбогдох санал, зөвлөмжийг хүргүүлнэ.

5.2.2.журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хавсралтад заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хоёр жилд нэг удаа хийнэ. 

5.3.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сургууль болон дотуур байрны орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын хэрэгжилтийг хянаж, үнэлэх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, удирдлага, арга зүйгээр ханган, санхүүжүүлнэ.

 

--- о0о ---

                        ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРЫН ОРЧИНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН

                 ХЭРЭГЖИЛТИЙН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗАГВАР

Энэхүү өөрийн үнэлгээний загварыг нэг талаас сургуулийн хүүхэд хамгааллын баг сургуулийнхаа хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, тайлагнах үйл явцад  ашиглана. Нөгөө талаас  боловсролын газар, хэлтэс нь харьяа аймаг, дүүрэг, сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын орчинд үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөлт, хэрэгжилт, тайлагнах үйл явцад үнэлгээ, дүгнэлт өгч, зөвлөн туслахад ашиглана.

Аль ч тохиолдолд ашиглахаас үл хамааран өөрийн үнэлгээний энэхүү загвар нь ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд хүүхэд бүрийг бүх хэлбэрийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх замаар боловсролын үйлчилгээг хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинд үзүүлэхэд чиглэгдсэн.  

Шалгуур үзүүлэлтүүд

Өөрийн үнэлгээ нь дараах 4 чиглэлийн 28 шалгуур үзүүлэлтээс бүрдэнэ. Үүнд:

  1. Сургуулийн хүүхэд хамгааллын үйлчилгээний зохион байгуулалт
  2. Хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн үйлчилгээ
  3. Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ
  4. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ, хамтын ажиллагаа.

Шалгуур үзүүлэлт тус бүрийг дараах 3 түвшинд үнэлэх бөгөөд хариултаас зөвхөн нэг хариултыг сонгоно. Үүнд:

  • Бүрэн хэрэгжүүлсэн, тодорхой үр дүн гарсан бол 2  оноо
  • Үйл ажиллагаа нь дутуу хийгдсэн,  үр дүн гараагүй бол 1 оноо
  • Үйл ажиллагаа огт хийгдээгүй бол 0 оноо өгнө.

Чиглэл тус бүрийн шалгуур үзүүлэлтийн онооны нийлбэрийг үндэслэн журмын хэрэгжилтийн түвшинг

 

Шалгуур үзүүлэлтийн онооны нийлбэр

Чанарын үнэлгээ

Үнэлгээний хувь

1.

51-56 оноо

Маш сайн

91-100

2.

45-50 оноо

Сайн

80-90

3.

40-44 оноо

Дунд зэрэг

70-79

4.

35-39 оноо

Муу 

60-69

5.

34 хүртэл оноо

Маш муу

60 -аас доош

Үнэлгээ хийхдээ шалгуур үзүүлэлтэд тусгагдсан үйлчилгээ, үйл ажиллагааны биелэлтийг нотлон харуулах баримт материалтай танилцаж, шалгуур үзүүлэлт бүрийн онооны нийлбэрээр нэгдсэн дүнг гаргана.

 

1.Хүүхэд хамгааллын үйлчилгээний зохион байгуулалт

0

1

2

(хангалтгүй)

 

(зарим талаар хангагдсан)

(бүрэн хангагдсан)

1

Сургуулийн хүүхэд хамгааллын багтай.

2

Сургуулийн хүүхэд хамгааллын ахлагч, багийн гишүүн бүр журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлдэг.

3

Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх жилийн ажлын батлагдсан төлөвлөгөөтэй.

4

Хүүхэд хамгааллын үйлчилгээ хүргэх жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүр дээд шатны газар, хэлтэстээ илгээдэг.

5

Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилтийн тайланд дээд шатны газар, хэлтсийн өгсөн санал зөвлөмжийг дараа жилийн ажлын төлөвлөгөөнд тусгадаг

6

Сургууль, дотуур байрын багш, ажилтны жилийн ажлын үнэлгээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн ажлыг тооцдог

7

Хүүхэд хамгааллын үйлчилгээний журмыг бүх багш, ажилтанд жил бүр танилцуулж, гарын үсэг зуруулдаг

2.Хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн үйлчилгээ

0

1

2

1

Сургууль дээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлэх үйл явц /зураглал/ хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтнуудад ил тод нээлттэй байдаг

2

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдол бүрийг бүртгэж, стандартын дагуу хадгалдаг.

3

Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд эрсдэлийн үнэлгээг журмын дагуу хийж, кейс нээдэг.

4

Шаардлагатай тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах байгууллага, мэргэжилтнүүдийн жагсаалт, бүртгэл байдаг.

5

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдлыг харьяа хүүхэд хамгааллын байгууллагад мэдээлдэг.

6

Сургуулийн хүүхэд хамгааллын багаас үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэст мэдээлдэг.

3. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын орчинд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ

0

1

2

1

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд бүрт кейс файл нээж ажилладаг.

2

Хүүхэд хамгааллын багийн гишүүд өөрийн ажил үүргийн хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэдэг бөгөөд тэдгээр хүргэх үйлчилгээний хэлбэрүүд нь тодорхой байдаг.

3

Хүчирхийлэлд өртсөн ба өртөх эрсдэлтэй хүүхдэд чиглэсэн хамгааллын үйлчилгээний явцад хүүхдийг байнга хараа хяналтандаа байлгаж, хамгаалдаг эсэхийг тодорхойлох баримт нотолгоо, тэмдэглэлтэй.

4

Кейс менежментийн бүх үе шатанд хүүхэд хамгааллын багийн ахлагч, гишүүд, бусад оролцогч талууд оролцдог. (хурлын тэмдэглэл, кейс төлөвлөгөө, мэдээлэх хуудас гэх мэт) 

5

Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг (эмчийн үзлэгийн карт, тэмдэглэл, холбон зуучилсан хуудас, гэх мэт) 

6

Хүчирхийлэлд өртсөн, эрүүл мэндийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас танхимаар суралцах боломжгүй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тасралтгүй суралцах боломжоор хангаж, суралцагчийг сургууль завсардахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг.

7

Хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлдэг.

8

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг ойлгож, дэмжих талаар багш, ажилтанд сургалт, мэдээлэл өгдөг.

  1. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ, хамтын ажиллагаа

0

1

2

1

Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтан, хүүхдэд ил тод, нээлттэй байршуулж, сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

3

Хүүхдийн хичээл хоцролт, таслалт, сургууль завсардалт, зан үйлийн өөрчлөлтийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг тандан судалдаг.

4

Тусгай хэрэгцээт, дотуур байр, айлд амьдардаг, шилжин ирсэн, хүчирхийлэл дарамтад өртсөн хүүхдийг дэмжих, хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

5

Сургууль, дотуур байрын орчинд хүүхдэд учирч болзошгүй нөхцөл байдал, байгууллагын эрсдэлийн өөрийн үнэлгээ хийх ажлыг жилд нэг удаа зохион байгуулж, эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн шат дараалсан арга хэмжээ авч, хэрэгжүүлдэг.

6

Орон нутгийн болон сургуулийн онцлогт тохирсон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

7

Хүүхэд хамгааллын асуудлаар үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, мэргэжилтэнтэй хамтран сургалт, судалгаа, нөлөөллийн ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулдаг.

 

Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа Dulamsuren@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

 

--- о0о ---