Төсөл
ИННОВАЦИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЗОРИУЛАН ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГӨӨР САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Инновацийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу инновацийн төсөл хэрэгжүүлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгох, олгосон хөрөнгийг эргэн төлүүлэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Зээлийн хүсэлт ирүүлсэн инновацийн төсөл хэрэгжүүлэгчийн инновацийн төсөл (цаашид “төсөл” гэх)-ийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах үүрэг бүхий “төсөл сонгон шалгаруулах хороо” (цаашид “хороо” гэх) ажиллана. Хороо үйл ажиллагаандаа энэ журмыг мөрдөнө.
1.3. Зээлийг инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд үйлдвэрлэн нэвтрүүлэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл худалдан авах, тээвэрлэх, суурилуулах, түүхий эд, материал, урвалж бодис, программ хангамж зэргийг худалдаж авах, тээвэрлэх, суурилуулахаар төлөвлөсөн байна.
Хоёр. Зээл хүсэгчид тавигдах шаардлага
2. Зээл хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1. Хэрэгжүүлэх төслөө Инновацийн тухай хуулийн 14.3-т заасны дагуу бүртгүүлсэн аж ахуй нэгж байх;
2.2. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан жижиг дунд үйлдвэрлэлийн ангилалд хамаарах аж ахуй нэгж байх;
2.3. Зээл хүсэгч нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
2.4. Зээлийг эргэн төлөх чадвартай байх.
Гурав. Сонгон шалгаруулалт
3.1. Төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргагч этгээд нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ. Үүнд:
3.1.1. Зээлийн хүсэлт
3.1.2. Инновацийн төсөл
3.1.3. Инновацийн төсөл бүртгүүлсэн тухай баримт бичиг
3.1.4. сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан (хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс);
3.1.5. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт:
3.1.6. нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
3.1.7. өр төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
3.1.8. төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
3.2. Зээлийн хороо зээлийн хүсэлтийг хянан үзэж, шалгуурт нийцсэн эсэх, зээл олгох тухай шийдвэр гаргана.
Дөрөв.Зээлийн хэмжээ болон хүү
4.1. Нэг төсөлд олгох зээлийн хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 80 хувиас ихгүй, 400.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд үлдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн эх үүсвэрээс бүрдүүлсэн байна.
4.2. Зээлийн хэмжээг төслийн цар хүрээ, санхүүгийн хэрэгцээг харгалзан хороо тогтооно.
4.3. Зээлийн хүүг Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зах зээлийн ханшид нийцүүлэн тогтооно.
4.4. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт төлнө.
4.5. Зээлийн хүү, эргэн төлөлтийн хуваарь зэрэг санхүүжилтийн нөхцөлийг тодорхойлох зорилгоор хороо болон төсөл хэрэгжүүлэгчдийн хооронд хэлэлцээр явагдана.
Тав. Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүн
5.1. Хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй байна.
5.2. Хорооны бүрэлдэхүүнд Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шинжлэх ухаан, технологийн сангийн ажлын албаны (цаашид “сан” гэх) холбогдох албан тушаалтан байна.
5.3. Төлөөлөл оролцуулах төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр 3 жил үйл ажиллагаа явуулсан байна.
5.4. Хороо хорооны бүрэлдэхүүнд 4 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оруулах бөгөөд төлөөлөл нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:
5.4.1. эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
5.4.2. шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай байх;
5.4.3. сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй байх;
5.4.4. Сантай бизнесийн холбоогүй байх;
5.4.5. зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; 5.4.6. шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.
5.5. Хороо хуралдааны зарчмаар шийдвэр гаргах ба хороо дарга, гишүүд нь хуралд тус бүр саналын нэг эрхтэй, нарийн бичгийн дарга саналын эрхгүй байна.
5.6. Хорооны гишүүдийн дийлэнх олонх ирснээр хурал хүчинтэйд тооцогдох ба хурлын явцыг дуу хураагуур, дүрс бичлэгт хуулах болон цаасан хэлбэрээр тэмдэглэл хөтөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар шийдвэр гаргана.
5.7. Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
5.8. Хорооны бүрэлдэхүүнийг Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална
5.9. Хорооны үйл ажиллагаатай холбоотой зардлыг сангаас санхүүжүүлж болно.
Зургаа. Гэрээ байгуулах, санхүүжилт олгох
6.1. Хорооны шийдвэрийг хүлээн авч Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.
6.2. Сан энэ журамд заасан заасан хороо, Засгийн газрын гишүүний шийдвэрийн үндэслэн аж ахуйн нэгжтэй Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, санхүүжилтийг олгоно.
Долоо. Зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаа
7.1. Сангийн ажлын алба байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, алдангийг тухай бүр төлүүлнэ.
7.2. Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацааны дотор эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь чанаргүй активын ангилалд оруулж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчийн ангилалд бүртгэнэ.
Найм. Зээлийн зарцуулалтад хяналт тавих
8.1. Сангийн ажлын алба нь сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1. зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн төслийн үр дүнгийн тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн талаарх тайланг зээлдэгчээс улирал бүр гаргуулан авах;
8.1.2. Сангийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дотоод аудитын хороогоор хэлэлцүүлэх.
8.2. Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага жилд нэгээс доошгүй удаа зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд иж бүрэн эсхүл түүвэрчилэн хяналт, шалгалт хийнэ. Хяналт, шалгалтын дүнг тухай бүр нэгтгэн Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
8.3. Сангаас шууд олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Сангийн хяналт, шалгалтаар тогтоогдсон бол зээлдэгчийн эх үүсвэрийг буцаан татаж, холбогдох байгууллагад шилжүүлнэ. Энэ зохицуулалтыг Сан, зээлдэгчтэй байгуулах гэрээгээр нарийвчлан зохицуулна.
8.4. Сангаас зээл авсан этгээд зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь тогтоогдсон, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Сангаас дахин зээл олгохгүй.
8.5. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй буюу энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт, шалгалтаар тогтоогдсон бол холбогдох албан тушаалтанд зохих хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.