Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 29.2-т заасны дагуу "Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа otgonmyagmar@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сан (цаашид "Сан" гэх) -гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Сан нь үйл ажиллагаандаа Төсвийн тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон энэхүү журмыг баримтална.
1.3.Сангийн хөрөнгөөр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг үр дүн, чанар, гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлнэ.
1.4.Сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 30.1-т заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын Их хурлаар батлуулна.
1.5.Сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 28.4-т заасны дагуу Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.6.Санд аж ахуйн нэгж, байгууллагаас үзүүлж болох санхүүгийн дэмжлэгийн хувь хэмжээг салбарын онцлогт нийцүүлэн нийгмийн түншлэгч байгууллага, холбооны саналыг үндэслэн тогтоох болон сангийн санхүүгийн дэмжлэг бүрдүүлэх ажлыг Зөвлөл зохион байгуулна.
1.7.Сангийн орлогоос мэргэжлийн болон техникийн боловсролын, сургалтын үйл ажиллагааг санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг боловсролын, асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн гүйцэтгэж үйл ажиллагааны тайланг Зөвлөлд тайлагнана.
Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт
2.1.Сангийн хөрөнгө нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 28.3, 29.3 -т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
2.2.Улсын төсвөөс Санд хуваарилсан хөрөнгийг санхүүгийн дэмжлэгийн хөрөнгөөр орлуулж үл болно.
2.3.Дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлж болно:
2.3.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан аж ахуйн нэгж;
2.3.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага.
2.4.Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн дэмжлэгийг тухай бүр Зөвлөлөөс тогтоосон хувь хэмжээгээр Сангийн дансанд шилжүүлнэ.
2.5.Санд оруулсан санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15.1.4, 15.1.6, 15.19, .9-д заасны дагуу тухайн аж ахуйн нэгж, байгууллагын албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.
2.6.Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх буюу бууруулах бол тодорхой үндэслэл бүхий хүсэлтээ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан Зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ. Хүсэлтийг Зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж, гарсан шийдвэрийг ажлын 14 хоногийн дотор холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэнэ.
2.7.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдон үүсэх маргааныг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
2.8.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.1-д заасны дагуу Төрийн сангийн нэгдсэн санд байршуулна.
2.9.Сангийн орлого, зарлагын батлагдсан төсөвт санхүүгийн жилийн явцад тодотгол хийх асуудлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
Гурав. Сангийн хөрөнгийн зарцуулалт
3.1.Сангийн хөрөнгийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 29.4-т зааснаас гадна дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
3.1.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтнаас гадна бусад ажилтныг сургах, мэргэшүүлэх;
3.1.2.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хичээлийн, дадлагын, дотуур байрны засвар үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулах, болон үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн нэгж байгууллагын дадлагын газрыг түшиглэсэн сургалт зохион байгуулах;
3.1.3.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төгсөгчийн ажлын байрны талаарх мөшгөх судалгаа хийх, хэрэглэгчийн хүртээл болгох ажлыг зохион байгуулах;
3.1.4.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологийн талаар судалгаа хийх;
3.1.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийг бэлтгэх, үйлдвэрлэл дээр сургах, дадлагажуулах, мэргэжлийн түвшнийг ахиулах, ур чадварыг нь дээшлүүлэх, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологитой танилцуулах гадаад, дотоодын сургалтад хамруулах;
3.1.6.тухайн бүс нутгийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн нийгмийн түншлэлийн үйл ажиллагааг хөгжүүлэх, салбар дундын сургалт зохион байгуулах, нийгмийн түншүүдийг чадавхжуулах;
3.1.7.хосмог сургалтыг зохион байгуулах, сурталчлах
3.1.8.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хууль, тогтоомжийг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээллийн сан бүрдүүлж,
3.2.Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага энэхүү журмын 2.5-д зааснаас гадна Сангаас санхүүжүүлэх дараах мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын арга хэмжээнд хамрагдаж болно:
3.2.1.өөрийн үйл ажиллагаанд шаардагдах мэргэшсэн ажилтныг бэлтгэх, давтан болон дагалдан сургах, ур чадвар дээшлүүлэх сургалтад ажилчдаа хамруулах;
3.2.2.ажилтныхаа мэргэжлийн ур чадварын түвшнийг тогтоолгох, үнэлүүлэх;
3.2.3.хосмог сургалтыг зохион байгуулсан тохиолдолд дадлагажуулагч бэлтгэх, давтан сургах, дэвшилтэт техник, технологи ашиглах асуудлаар гадаад, дотоодын туршлага судлах сургалтад хамрагдах;
3.3.Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.2-т заасан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын арга хэмжээнд хамрагдах хүсэлтээ Сангийн тухайн жилийн төсвийн төслийг төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхээс 1 сарын өмнө боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
3.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 29.4.5, 29.4.6, 29.4.8 болон энэхүү журмын 3.1, 3.2-т заасан арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр гүйцэтгэж болно.
3.5.Энэхүү журмын 3.4-т заасан сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээг бүртгэх, сонгон шалгаруулах, санхүүжилтийн гэрээ байгуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах үйл ажиллагааг цахим системээр гүйцэтгэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
Дөрөв. Сангийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнах, хяналт тавих
4.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 30.3.1. 30.3.2 дахь заалтад заасан хугацаанд тус тус ирүүлж, Зөвлөлөөр хянан хэлэлцүүлсэн байна..
4.2.Зөвлөл нь сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тайлантай холбогдуулан нэмэлт тайлбар, мэдээлэл, тодруулга авч болно.
4.3.Журмын хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
4.4.Сангийн бүртгэл, тайлан мэдээг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөтөлнө.
4.5.Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр тэдэнд санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаарх тайлан, мэдээг танилцуулж болно.
4.6.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжилт авсан арга хэмжээний мэдээллийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлж, тогтмол шинэчилнэ.
Тав. Бусад
5.1.Сангийн хөрөнгийг хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.
5.2.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.3.Сангийн хөрөнгөөс санхүүжилт авахаар баримт, материалыг хуурамчаар бүрдүүлж шийдвэр гаргуулсан этгээдээр олгосон төлбөрийг нөхөн төлүүлэх асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
---о0о---