142,150 хүүхэд нийслэлд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна

A- A A+
142,150 хүүхэд нийслэлд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж харьяа байгууллагууд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан арга хэмжээ, үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, нийслэлд цэцэрлэгийн цахим бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэлсэн. Урьдчилсан судалгаагаар 142,150 хүүхэд нийслэлд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна. Мөн англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байгаа юм.

Шуурхай хуралдаанаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:
- Бага сургуулийн хэмжээнд дүрэмт хувцсыг поло цамц гэх мэт сонголттой болгохдоо стандарт, материал, үнийн судалгааг сайтар хийж, танилцуулах
- Сургалт эрхлэх энгийн болон тусгай зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж, хүнд сурталгүй ажиллах
- Шинээр баригдан дуусаж байгаа 11 сургуулийн барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, 9 дүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулахаар аж ахуйн нэгжүүдэд хандах
- Элсэлтийн ерөнхий шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжтой болгох судалгааг хийх, санал, шийдэл боловсруулах
- Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхэд бэлтгэх.

Мөн өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр Боловсролын сайдын зөвлөхөөр Доноровын Гантулгыг томилсныг танилцуулав.