Боловсролын сайд П.Наранбаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Каусси Комлан болон Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи нарыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд алслагдсан орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг СӨБ-ын чанартай үйлчилгээнд хамруулах, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, идэвхтэй иргэн байхад нь шаардагдах хөрвөх чадварыг олгох, хүүхэд хамгаалал, эрүүл, аюулгүй орчин, хоол тэжээл зэрэг чухал асуудлуудын талаар санал солилцсон юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сантай хамтран ерөнхий боловсролын сургуульд судлах эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн агуулгыг
- Нийгмийн хэрэгцээ, орон нутаг, сургуулийн онцлог, суралцагчдад тулгамдаж буй асуудалд суурилсан;
- Хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй;
- Хооллолт, хөдөлгөөн;
- Сэтгэцийн эрүүл мэнд;
- Хорт зуршил;
- Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд;
- Осол гэмтэл гэсэн зургаан агуулгын хүрээнд боловсруулан хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн хичээлийн багшид зориулсан арга зүйн зөвлөмж, багшийг давтан сургах, өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаа үр дүнтэй үргэлжилж буйд баяртай байгаагаа уулзалтад оролцогч талууд хэлж, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.