Ерөнхий боловсролын багшийн хөдөлмөрийн зах зээлийн тойм шинжилгээний дүн, урьдчилсан тооцоолол хийх арга зүйг танилцуулав. Энэ зах зээлийн дунд хугацааны төлөв, хандлагыг тодорхойлсон тус шинжилгээнд суурилан цаашдын төсөв санхүүг тооцоолох, бодлого төлөвлөх, бэлтгэл хангах боломжтой юм.
Өнөөгийн байдлаар Монгол Улсад сургуулийн насны 825 мянга гаруй иргэн байна. Энэ тоо 2030 он хүртэл тогтмол өснө. Харин хөдөлмөрийн насны хүн амын ажиллах хүчний 2.88 хувь нь ЕБС-ийн багш нар байна. Олон улсын жишиг 3 хувь байдаг. Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл дэх ерөнхий боловсролын багш нар болон багш мэргэжлээр төгсөгчдийн тоо буурч байгаатай холбоотойгоор эрэлтийг ийнхүү урьдчилан тооцоолж, багш нарын хомсдолоос сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Аливаа асуудлын араас нөхөж бус урьдчилан тооцоолж, бэлтгэж ажиллах ёстойг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж, дээрх чиглэлээр хийж буй ажлуудыг эрчимжүүлэн, холбогдох журам, шийдвэрийг яаралтай батална хэмээв.
Тус тойм шинжилгээг Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр боловсруулсан бөгөөд хэвлэлийн эх бэлэн болмогц цахим орчинд байршуулж, олон нийтэд нээлттэй хүргэнэ. Энэ мэтчилэн судалгаа, шинжилгээний үр дүнг ил тод, хүртээмжтэй болгож, иргэд өгөгдөл мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлэх юм.