ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЖУРМЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

A- A A+
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЖУРМЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЖУРМЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль 2023 онд ёсчлон батлагдсанаар “багшийг төвлөрсөн сургалтаар мэргэжлийг нь дээшлүүлдэг тогтолцоо”-ноос “багш, ажилтан ажлын байрандаа мэргэжлээрээ тасралтгүй хөгжих, хамтран суралцах, бусдад мэдлэг, чадвар, арга туршлагаа хуваалцах тэгш, хүртээмжтэй, уян хатан, нээлттэй, тогтвортой, оролцоо түншлэлд суурилсан тогтолцоо”-нд шилжүүлэн, багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцоог шинэчлэх эрх зүйн нөхцөл бүрдсэн. 

Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааны журам батлах, 26 дугаар зүйлийн 26.1.2-т цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан нь энэхүү журмыг боловсруулах эрх зүйн үндэслэл болно.

               Журмаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

                Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт буюу 5,10,15,20 дахь жилдээ ажиллаж буй багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй /ерөнхий эрдмийн/ багш нар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын адил хамрагдахаар зохицуулсан. 

               Журмыг боловсруулахад дараах хуулийн заалтуудыг үндэслэж, зохион байгуулалтад тусгасан болно. Үүнд:

  1.  Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.11. Багшийн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд тухайн түвшний боловсролын сургалтын байгууллага болон багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн боловсролын харилцаанд оролцогч талуудтай хамтран зохион байгуулна.
  2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4. ”Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, орон нутаг, үндэсний түвшинд зохион байгуулна”
  3. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1. Багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо нь багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, ажлын байран дээр тасралтгүй хөгжих үйл явцын нэгдэл байх бөгөөд багшид үндэсний, орон нутгийн, байгууллагын, сонирхлын бүлгийн, багшийн түвшинд дэмжлэг үзүүлнэ гэж тус тус заасан.

Журмын төсөл нь 6 үндсэн бүлэг, 36 заалт, 57 дэд заалттай.

 

Журмын бүтэц:

 

  1. Нийтлэг үндэслэл
  2. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааны төрөл, хэлбэр
  3. Мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааны зорилго, зохион байгуулалт
  4. Мэргэжил дээшлүүлэх сургалтын зорилго, зохион байгуулалт
  5. Талуудын оролцоо
  6. Сургалт, үйл ажиллагааны санхүүжилт
  7. Бусад.

               Энэ журмын төсөлд davaasuren@moe.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.

 

-- оОо--

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1.Энэхүү журмаар Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгон  Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан мэргэжлийн хөгжлийг дэмжих, мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулна.

            1.2. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааны зарчим нь:

  • боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн;
  • мэргэжлээрээ тасралтгүй хөгжих хэрэгцээнд үндэслэсэн;
  • тэгш, хүртээмжтэй;
  • сонголттой, нээлттэй, уян хатан арга хэлбэртэй;
  • оролцоо, хамтын ажиллагаа, түншлэлд тулгуурласан байна.

1.3. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хуулийн 16.4-т заасны дагуу  цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, орон нутаг, үндэсний түвшинд зохион байгуулна.

1.4. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг  үндэсний түвшинд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “Боловсролын ерөнхий газар” гэх), багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын дэргэдэх Багшийн хөгжлийн үндэсний төв, орон нутгийн түвшинд боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн захиргааны байгууллага, (цаашид “аймаг, нийслэлийн боловсролын газар” гэх) зохион байгуулна.

1.5.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд зохион байгуулах багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хуулийн 12.13-т заасан нэгж  (цаашид “Багшийн хөгжлийн төв” гэх) зохион байгуулна.

1.6.Мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаанд дараах багш, ажилтнууд хамрагдана:

1.6.1.Цэцэрлэгийн бүлгийн багш, ерөнхий боловсролын сургуулийн багш (цаашид “багш” гэх);

1.6.2.Цэцэрлэгийн арга зүйч, эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, захирал (цаашид “удирдах ажилтан” гэх);

1.6.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмч, хоол зүйч, тэгш хамруулах боловсролын багш, дотуур байрны багш, номын санч (цаашид “ажилтан” гэх).

            1.7.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй /ерөнхий эрдмийн/ багш нь энэхүү журамд зааcан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдана.

Хоёр. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааны

 төрөл, хэлбэр

 

2.1.Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх сургалт гэсэн үндсэн хоёр хэлбэрээр зохион байгуулна.

2.2. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна.

2.2.1.Шинэ багшийг дадлагажуулах үйл ажиллагаа;

2.2.2.Мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаа

2.3. Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт нь дараах төрөлтэй байна.

2.3.1.“Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт” (цаашид “үндсэн сургалт” гэх);

2.3.2.“Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт” (цаашид “дэмжих сургалт” гэх).

2.4. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа нь ажлын байранд, ментор багш болон мэргэжлийн хөгжлийг хэрэгцээгээрээ нэгдсэн багш ажилтнуудын мэргэжлийн хөгжлийн бүлгийн тасралтгүй үйл ажиллагаа байна.

2.5.Шинэ багшийг дадлагажуулах үйл ажиллагаа нь сургалтын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багшийг дагалдуулан сургах, менторлох үйл ажиллагаа байна.

2.6.Мэргэжил дээшлүүлэх үндсэн болон дэмжих сургалтыг танхим, цахим, хосолсон уян хатан хэлбэрээр зохион байгуулна.

Гурав. Мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааны

зорилго, зохион байгуулалт

 

3.1.Энэхүү журмын 2.2-т заасан мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа нь багш, ажилтанд ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой хэлэлцүүлэг, ярилцлага, семинар, онол практикийн хурал, туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн, хамтарсан судалгаа, өөрийн үнэлгээ, чиглүүлэгч (ментор) багшийн хамтын ажиллагаа, багш, ажилтан солилцооны хөтөлбөр, тэтгэлэгт хөтөлбөр, мэргэжлийн судалгаа, шинжилгээ,  дасгалжуулалт (көүчинг), дадлага, туршилт зэрэг төрөл, хэлбэр, агуулгын хувьд уян хатан, нээлттэй, бүтээлч үйл ажиллагаа байна.

3.2. Мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төв нь багш нарын хөгжих хэрэгцээ, санал хүсэлтэд тулгуурлан жилээр төлөвлөн хэрэгжүүлнэ.

3.3.Журмын 2.2.1-т заасан шинэ багшийг дадлагажуулах үйл ажиллагааг сургалтын байгууллагын зөвлөх, тэргүүлэх, шилдэг арга зүй туршлагатай ментор багш нар хэрэгжүүлж, сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төв удирдлага, зохицуулалтаар хангах бөгөөд орон нутгийн боловсролын газрын мэргэжилтэн хянаж, нэгдсэн удирдлагаар хангана.

3.4.Журмын 2.2.2-т заасан мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг сургалтын байгууллагын Багшийн хөгжлийн төвтэй зөвшилцөн, сургалтын байгууллагын удирдах ажилтны баталсан хөтөлбөрийн дагуу зөвлөх, тэргүүлэх, ментор багш нар арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

3.5.Мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаа нь багш, ажилтан ажлын байранд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, сургалтын чанар, арга зүй, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тулгамдсан асуудлыг илрүүлж, хамтран шийдвэрлэх, тэгш оролцох, ажлын байрандаа багаар хамтран хөгжихөд чиглэнэ.

3.6.Мэргэжлийн бүлгийн зохион байгуулалт, хамрах хүрээ нь багш, ажилтан өөрийн мэргэжил, чиг үүрэг, хэрэгцээ, сонирхлоороо нэгдэх, байгууллага хоорондын, орон нутгийн, үндэсний түвшинд мэргэжлийн бүлэг бүрдүүлэх боломжтой уян хатан, нээлттэй байна.

3.7.Цэцэрлэг, сургуулийн багш бүр хичээлийн жил тутамд орон нутгийн түвшний нэг, сургуулийн түвшний нэг мэргэжлийн хөгжлийн бүлэг тус бүрт заавал хамрагдана.

3.7.1.Орон нутгийн мэргэжлийн хөгжлийн бүлэг нь заадаг хичээл, мэргэжил, судлагдахууны чиглэл, орон нутгийн түвшний асуудалд суурилсан судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр нэгдсэн багш, ажилтнуудыг нэгдэл байна.

3.7.2.Байгууллагын түвшний мэргэжлийн хөгжлийн бүлэг мэргэжил судлагдахууны чиглэлээр болон сургуулийн түвшний шийдвэрлэх асуудал, судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр нэгдсэн багш, ажилтнуудын нэгдэл байна. 

3.8.Энэ журмын 3.7-д заасан мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны хөтөлбөр тус бүр нь 1 кр.цагаас багагүй агуулгын багтаамж бүхий байна.

3.9.Энэ журмын 2.2.1-д заасан шинэ багшийг дадлагажуулах үйл ажиллагааны хөтөлбөр нь 5 кр.цагийн агуулгын багтаамжтай байна.

3.10.Энэ журмын 3.8, 3.9-д заасан хөтөлбөрийн загвар, зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлийг Багшийн хөгжлийн үндэсний төв баталж, сургалтын байгууллага тус бүрд жил бүр хүргүүлнэ.

3.11.Энэ журмын 3.7.1-д заасан орон нутгийн түвшний мэргэжлийн хөгжлийн бүлгийн хөтөлбөрийг холбогдох мэргэжилтний санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга батална.

3.12.Энэ журмын 3.7.2, 3.9-д заасан хөтөлбөрийг сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төв хариуцсан ажилтны санал, дүгнэлтэд үндэслэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч батална.

3.13.Сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төв нь сургуулийн түвшний мэргэжлийн хөгжлийн бүлэг, шинэ багшийг дадлагажуулах үйл ажиллагааг байгууллагын хэмжээнд нэгтгэн хянаж, үр дүнг баталгаажуулж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэн хөтөлнө.

3.14.Аймаг, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн нь орон нутгийн түвшний мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг баталгаажуулах нэгдсэн мэдээллийн санг үүсгэн хөтөлнө.

3.15.Багшийн хөгжлийн үндэсний төв нь энэ журмын 3.13, 3.14-д заасан нэгдсэн мэдээллийн санд үндэслэн багш тус бүрд мэргэжлийн хөгжлийг бүлгийн үр дүнг баталгаажуулсан цахим батламж олгоно.

Дөрөв. Мэргэжил дээшлүүлэх сургалтын зорилго, зохион байгуулалт

4.1. Энэ журмын 2.3.1-д заасан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын зорилго нь багш, ажилтнуудад албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ мэргэжлийн онол,  боловсролын хөгжлийн чиг хандлага, бодлого, хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. 

4.2.Үндсэн сургалтад энэ журмын 1.6, 1.7-д заасан багш, ажилтан бүр тухайн мэргэжил, албан тушаалын ангилалд ажиллаж эхэлснээс тооцон 5, 10, 15, 20 дахь жил тутамд хамрагдана.

4.2.1.Үндсэн сургалтыг 5, 10, 15, 20 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтнуудын холимог бүлгээр зохион байгуулж болно. 

4.2.2.Үндсэн сургалт нь 3 кредит/багц цагийн агуулгын багтаамжтай бөгөөд багш ажилтан бүр мэргэжлийн онолын заавал судлах-1 кр.ц, сонгон судлах-1 кр,ц, боловсролын бодлого эрх зүй, хөгжлийн чиг хандлагын чиглэлийн заавал судлах -1 кр.цагийн агуулгыг тус тус судална.

4.2.3.Үндсэн сургалт зохион байгуулах удирдамж, хөтөлбөрийг жил бүр Боловсролын ерөнхий газрын дарга батлан, багш, ажилтан байгууллагын хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий нэгж нь эрдэмтэн судлаач, багш бэлтгэх их дээд сургуультай хамтран хэрэгжүүлнэ.

4.2.4.Боловсролын ерөнхий газар нь үндсэн сургалтад хамрагдсан багш, ажилтны тухайн сургалтаар судалсан агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэгийг үнэлж, гэрчилгээ олгоно.

4.3.Энэ журмын 2.3.2-т заасан дэмжих сургалтын зорилго нь тухайн жилийн багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, багш, удирдах ажилтны хөгжих хэрэгцээнд үндэслэн мэргэжлийн онол, арга зүйн чадварыг дэмжихэд оршино. 

4.4.Дэмжих сургалтыг дараах түвшин бүрд харгалзах байгууллага, нэгж хариуцан зохион байгуулна.

4.4.1.Үндэсний түвшний сургалтыг Багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын дэргэдэх “Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв” (үндэсний болон бүсийн төв);

4.4.2.Орон нутгийн түвшний сургалт (цаашид “орон нутгийн сургалт” гэх)-ыг аймаг, нийслэлийн боловсролын газар;

4.4.3.Сургуулийн түвшний сургалтыг сургалтын байгууллага дахь Багшийн хөгжлийн төв тус тус зохион байгуулна.

4.5.Цэцэрлэгийн багш, сургалтын байгууллагын удирдах ажилтан нь энэ журмын 4.4.1, 4.4.2-т заасан сургалтад жил бүр хамрагдана.

4.6. Ерөнхий боловсролын сургуулийн багш нь энэ журмын 4.4.1, 4.4.2, 4.4.3-т заасан сургалтад жил бүр хамрагдана.

4.7. Энэ журмын 4.4-т заасан түвшин тус бүрийн сургалт нь 1 кр.цагийн агуулгын багтаамжтай байх бөгөөд дараах зорилтод чиглүүлэн хөтөлбөрийг байгууллагын удирдах ажилтан баталж, холбогдох нэгж, ажилтнууд хэрэгжүүлнэ.

4.7.1.Үндэсний түвшний дэмжих сургалтаар боловсролын болон суралцагчийн үнэлгээний үр дүн, судалгаанд үндэслэн багш, удирдах ажилтны мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, ур чадвар, боловсролын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг дэмжих;

4.7.2.Орон нутгийн түвшний дэмжих сургалтаар багш, удирдах ажилтнуудын боловсролын бодлого, хууль, эрх  зүй, зорилго, зорилтыг орон нутгийн хэмжээнд дэвшүүлсэн зорилтот түвшинд чиглүүлэн хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг дэмжих;

4.7.3.Сургуулийн түвшний дэмжих сургалтаар тухайн байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, сургалтын байгууллагын зорилго, тухайн жилд дэвшүүлсэн зорилт, багшийн хөгжих  хэрэгцээнд үндэслэн багшийн мэргэжлийн нийтлэг ур чадвар /хүүхэд хөгжил хамгаалал, эцэг эх, олон нийтийн оролцоо, цахим ур чадвар, идэвхтэй сургалтын арга зүй, үнэлгээ гэх мэт/  болон хувь хүний хөгжлийг дэмжих.

4.8.Үндэсний түвшний дэмжих сургалтыг багш, ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний  үр дүн, мэдлэг, ур чадварын түвшнээс хамаарсан дараах түвшний агуулгаар, багш, ажилтан бүрийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн сонголтой, уян хатан хэлбэрээр зохион байгуулна.

4.8.1. Заавал судлах-1кр /багц цаг

4.8.2. Сонгон судлах -1 кр /багц цаг 

4.8.3.  Ахисан түвшний-1 кр /багц цаг

4.11.Тухайн жилд мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан багш нь энэ журмын 2.2.2-т заасан дэмжих сургалтад хамрагдахгүй.

4.12.Үндсэн болон дэмжих сургалтад хамрагдсан нь багш, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, мэргэшлийн зэрэг олгох, ахиулах шалгуур үзүүлэлтэд тооцогдож болно.

4.5.Үндсэн болон дэмжих сургалтад багш, ажилтнуудаа хамруулсан нь сургалтын байгууллагын гүйцэтгэлийг үнэлэх, удирдах ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, мэргэшлийн зэрэг олгох, ахиулах үзүүлэлтэд тооцогдож болно.

Тав. Талуудын оролцоо

5.1. Боловсролын ерөнхий газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

            5.1.1. Гүйцэтгэлийн үнэлгээний дүнд шинжилгээ хийх, багш, ажилтны хөгжлийг дэмжих хэрэгцээг үндэсний түвшинд тодорхойлох ажлыг боловсролын үнэлгээ арга зүйн байгууллага, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагатай хамтран зохион байгуулах;

            5.1.2.Энэ журмын 2.3.1-д заасан сургалтыг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаач, зөвлөх багш нарын оролцоотой зохион байгуулах;

            5.1.3.Энэ журмын 4.4.2-т заасан орон нутгийн сургалтыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, аймаг, нийслэлийн боловсролын газруудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

            5.1.4.Энэ журмын 5.1.2-д заасан төлөвлөгөө, сургалт зохион байгуулах товыг тухайн оны 9 дүгээр сард багтаан багшийн хөгжлийн цахим системд байршуулж зарлах;

            5.1.5.Багшийн хөгжлийн цахим системийг хөгжүүлж, тус системд энэхүү журамд заасан сургалт, үйл ажиллагааны нэгдсэн мэдээлийн санг сургалт, үйл ажиллагааг зохион байгуулагч талуудтай хамтран үүсгэж, хөгжүүлэх;

            5.1.6.Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр заавар, аргачлал, чиглэл, удирдамж, загвар, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх;

            5.1.7.Журмын 2.2.1-д заасан сургалтын хөтөлбөрийн үр нөлөө, багшийн гүйцэтгэлийн дүнд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, сургалтын хөтөлбөрт зөвлөмж, шаардлагыг тусган хэрэгжүүлэх;

            5.1.8.Энэхүү журмын 2.1.1-т заасан сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд Боловсролын газруудад зөвлөмж, чиглэл өгөх. 

5.2. Багшийн хөгжлийн үндэсний төв нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.2.1.Багшийн хөгжлийн үндэсний төв нь сургалтын байгууллагын багш хөгжлийн төвүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, сургагч, ментор багш бэлтгэх, зөвлөн туслах сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах;

5.2.2.Багшийн хөгжлийн хэрэгцээ, олон улсын чиг хандлага, арга зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээ, мониторинг, зөвлөн туслах үйл ажиллагааг мэрэгжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран зохион байгуулах;

5.3. Аймаг, нийслэлийн боловсролын газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.3.1.Орон нутгийн түвшинд багшийн гүйцэтгэлийн үнэлгээний дүнд шинжилгээ хийх, багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох;

5.3.2.Энэ журмын 4.4.2-т заасан сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;

5.3.3.Багшийн хөгжлийг дэмжих зардлын төлөвлөлтөд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих;

5.3.5.Багшийн хөгжлийн чиглэлээр төсөл, хөтөлбөр, зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгах, батлуулах, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх;

            5.4. Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багшийн хөгжлийн төв нь  дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.4.1.Захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, багшийн хөгжлийн төв хариуцсан ажилтан нь тухайн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний дүнд шинжилгээ хийх,  сургалтын байгууллагын хэмжээнд багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох;

5.4.2.Мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг сургалтын байгууллагын хэмжээнд нэгтгэн төлөвлөх, багш нарыг хамруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, дэмжлэг үзүүлэх;

5.4.3.Багшийн хөгжлийн төв хариуцсан ажилтан, сургалтын менежер, арга зүйч нь мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад багш, ажилтан, мэргэжлийн хөгжлийн бүлэгт дэмжлэг үзүүлэх;

5.4.4.Сургалтын байгууллагын хувьсах зардлын бүрэлдэхүүн дэх “Багшийн хөгжлийн зардал”-ыг тухайн хичээлийн жилийн албан ёсны статистикийн мэдээлэлд үндэслэн багш, ажилтны оролцоотой төлөвлөж, гүйцэтгэлд хяналт тавих;

5.4.5.Сургалт, үйл ажиллагааны хуваарийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагийн дээд хязгаар, эрх бүхий байгууллагаас тогтоосон багш, ажилтны хөдөлмөрийн норм норматив, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хуваарьт нийцүүлэн сургалтын менежер, арга зүйч баталж мөрдүүлэх;

5.4.6.Багш, ажилтныг сургалт, үйл ажиллагаанд хамрагдахад сургалтын орчин, (багшийн хөгжлийн төв, цахим сургалтын танхим, бусад) нөхцөл боломжоор хангах, хичээл зохицуулалтыг хийж дэмжлэг үзүүлэх;

5.4.7.Багшийн хөгжлийн цахим системд сургалт, үйл ажиллагаанд хамрагдах багш, ажилтны бүртгэл, баталгаажуулалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, цахим батламжийг бүртгэж, боловсролын салбарын мэдээллийн системд мэдээллийн сан бүрдүүлэх;

5.4.8.Сургалтын байгууллагын төсвийн шууд захирагч нь багш, ажилтны сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан баримтыг үндэслэн журмын 5.2, 5.3-т заасны дагуу зардлыг шийдвэрлэнэ.

5.4.10.Энэхүү журамд заасан сургалт, үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийн дагуу энэхүү журмын 4.9.1-д заасан этгээдтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулна.

5.5. Багш, ажилтан нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.5.1.Багш өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний дүн, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээнд үндэслэн мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.

5.5.2.Багш, ажилтан нь “Багшийн хөгжлийн зардал”-ын хүрээнд энэхүү журмын 2.1, 2.2-т заасан сургалт, үйл ажиллагаанд заавал хамрагдах;

5.5.3.Энэхүү журамд заасан мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны үр дүнг ажилдаа тусган сайжруулах;

5.5.4.Хүндэтгэн үзэх шалтгаан /хүндээр өвдсөн, өвчтөн асарсан, томилолтоор ажилласан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, байгалийн давагдашгүй хүчин зүйл, технологийн эвдрэл, саатал, тухайн багц цагийн анги дүүргэлт бүрдсэн/-аар сургалтад хамрагдаагүй бол сургалтын байгууллагатай зөвшилцөн мэргэжлийн дагуу бусад багц цагийн сургалтаас сонгон суралцаж болно.

5.5.5.Багш, ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургалтад хамрагдаагүй тохиолдолд төлбөрийг хувиасаа төлж, тухайн хичээлийн жилд багтаан журамд заасан сургалтад заавал хамрагдана.

Зургаа. Сургалт, үйл ажиллагааны санхүүжилт

6.1.Сургалт, үйл ажиллагааг улсын төсөв, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, бусад санхүүжилт болон хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

6.2.Энэхүү журмын 2.2.1-д заасан үндсэн сургалтын зардлыг улсын төсвөөс, 2.2.2, 2.1-т заасан сургалт, үйл ажиллагааны зардлыг сургалтын байгууллагын тухайн жилийн төсвийн багшийн хөгжлийн зардлаас эрх бүхий байгууллагаас тогтоосон хувь хэмжээгээр санхүүжүүлнэ.

6.3.Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын зардалд дараах зардлууд багтана. Үүнд:

  • Сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүй боловсруулах зардал;
  • Сургалтын систем, анги, танхим, кабинет, лаборатори, заал ашиглалтын зардал;
  • Сургалтын хэрэглэгдэхүүний зардал;
  • Сургагч багш нарын ажлын хөлс;
  • Сургалтад оролцогчдын томилолт, өдрийн хоол, унааны зардал.

6.4.Сургалтын байгууллага нь хувьсах зардлын бүрэлдэхүүний багшийн хөгжлийн зардлын 60 хүртэлх хувийг энэхүү журмын 2.2.1-д заасан сургалтад, 40-өөс доошгүй хувийг журмын 2.1-т заасан мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаанд зарцуулна. Багшийн хөгжлийн зардлаас хэмнэгдсэн тохиолдолд мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулж болно. 

6.5.Энэ журмын 6.4-т заасан мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааны зардал нь ментор, зөвлөх багшийн урамшуулал, мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны зардал (бичиг хэрэг, сорил, туршилт, судалгаат хичээлийн хэрэглэгдэхүүн, ном гарын авлага, брошур хэвлүүлэх, цахим систем ашиглалт, цахим хэрэглэгдэхүүн боловсруулах)-д зарцуулах бөгөөд энэ журамд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

6.6.Энэхүү журмын 2.1-д заасан сургалт, үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсвөөс нэмж санхүүжүүлж болно.

6.7.Сургалт, үйл ажиллагааны санхүүжилтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, тайлагнах, аудит хийх үйл ажиллагааг төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулна.

6.8.Цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлын бүрэлдэхүүний багшийн хөгжлийн дэмжих зардлаас энэ журамд заасан сургалтын хөтөлбөрт шинжээчийн дүгнэлт гаргах, сургалтын үр нөлөөний судалгаа хийхийг хориглоно.

Долоо. Бусад

7.1.Тухайн хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагаанд хуваарийн дагуу хамрагдаж буй багш, ажилтны идэвх оролцоо, гүйцэтгэлд сургалтын байгууллагын арга зүйч, сургалтын менежер, захирал, эрхлэгч, аймаг, нийслэлийн боловсролын газрын холбогдох албан хаагч хяналт тавьж, шинжилгээ хийж ажиллана.

7.2. Энэ журамд зааснаас бусад, сургалтын хөтөлбөр, боловсролын бодлого, эрх зүйн шинэчлэлийг таниулах сургалт, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, хэлэлцүүлэг, туршлага судлах, хуваалцах үйл ажиллагааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулж болно.

7.2.Багш, ажилтан мэргэжлийн чиглэлээр үндэсний түвшний хөтөлбөр, туршилт, төсөлд оролцох, гадаад улсын сургалт, хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд тухайн жилийн мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааны багц цагийг дүйцүүлэн тооцох аргачлалыг Боловсролын ерөнхий газрын дарга батална.

7.3.Боловсролын ерөнхий газар нь энэхүү журмын хэрэгжилтийн үндэсний тайланг нэгтгэн боловсруулж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, санал, зөвлөмж, үр нөлөөний судалгааны дүнгийн хамт тухайн оны 6, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

---о0о---