Австралийн Холбооны Улсын Жендерийн эрх тэгш байдлын асуудал эрхэлсэн сайд Стефан Кампбелл, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит, Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга А.Халиунаа тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 8-р сарын 21-ний өдөр Барилгын политехник коллежид зочлов. Энэ үеэр ХБНГУ болон Австралийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Монгол дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Боловсролын яамтай хамтран 2013 оноос хойш хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцахаас гадна жендерийн эрх тэгш байдлын талаар багш, суралцагчидтай хэлэлцлээ.
ХБНГУ, Австрали Улсын хамтарсан санхүүжилт бүхий “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн хүрээнд 2024 оноос 2026 оны 6 дугаар сар хүртэл мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, хосмог сургалтыг хэрэгжүүлэх, жендерийн мэдрэмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сургалтын хөтөлбөрүүд бий болгох зэрэг зорилт дэвшүүлэн ажиллахаар болов.
Барилгын салбарын ажилтан бэлтгэдэг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын нэг болох Барилгын политехник коллеж нь жендерийн тэгш байдлыг эрхэмлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулах тал дээр багагүй хүчин чармайлт гаргасан сургалтын байгууллага бөгөөд “Хүртээмжийг дэмжигч байгууллага” гэрчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодоос хүртсэн. Энэхүү гэрчилгээ нь тус сургалтын байгууллагын өнгөрсөн хугацаанд хийсэн дэд бүтцийн шинэчлэлийн үр дүнд хичээл, сургалтын барилга хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй болсныг илтгэж байна.