Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна

A- A A+
Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна

Боловсролын үйлчилгээг цахимаар үзүүлдэг 30 орчим систем нь хоорондоо уялдаагүй, замбараагүй байгаа нь хэрэглэгч буюу багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад цахим дарангуйлал, төвөгшил учруулж байна. Иймд эдгээр системийг цэгцлэх, хоорондын уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулах, мэдээлэл технологийн нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэллээ. Тус ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь төрийн болон хувийн байгууллагуудын 40 гаруй төлөөлөл багтаж байна.

Энэхүү ажлын хэсэг нь боловсролын салбарын үйлчилгээг задлан шинжилж, үр дүнд нь нэгдсэн ойлголтод хүрч, төр болон хувийн хэвшлийн хариуцах үйлчилгээ, ажиллах зарчмыг зааглаж, тодорхой болгоно. Ингэхдээ зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжиж, монгол инженерүүд шинийг санаачлах, дэлхийн технологийг нутагшуулах, сэтгэн бодох, бүтээх  эрх чөлөөг хангах юм. Хамгийн гол нь компаниуд төсөл хэрэгжүүлэхийн тулд яамыг зорьдог биш, сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлддөг зах зээлийн зарчмыг бий болгохыг зорьж байна.