АШУҮИС-ийн зүүн хотхонд Эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сан ашиглалтад орж, уншигчдад үүдээ нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан зөвлөх О.Цэцэгбал нар оролцов.
АШУҮИС-иас өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан уг номын сангийн барилга нь орчин үеийн интерьерийн шийдэлтэй, дөрвөн давхар, 3000 м.кв талбайтай бөгөөд нэг дор 480 уншигч хүлээн авах хүчин чадалтай, 24 цагаар ажиллах хоёр уншлагын танхимтай. Үүнд гадаад номын уншлагын танхим байгаа нь багш, оюутнууд бие даан суралцах боломжийг бүрдүүлжээ. Мөн хурлын танхим, мультмедиа өрөө, цахим номын сан, кофе шоп, ном сэлбэн засах өрөө зэргийг цогцоор нь байгуулж, оюутнууд чөлөөт цагаа өнгөрөөх, эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийх таатай орчин бий болсон байна.