Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Б.Койшибаевыг хүлээн авч уулзан, боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хоёр улсын боловсролын яамд хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд жил бүр Монгол Улсын 25 оюутан Казахстаны тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцах боломжтой байдаг. Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа зөвхөн тэтгэлэг олголтоор хязгаарлагдахгүй, илүү өргөжин хөгжих боломжтойг талууд уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Монгол Улсаас Казахстан Улсад нисэхийн салбарын боловсон хүчин бэлтгэх боломжийг судлан, холбогдох байгууллагуудтай хэлэлцэж байгааг Элчин сайд Габит Б.Койшибаев мэдээллээ. Тэрбээр Казахстан Улсад монгол хэлний мэргэжилтэн дутмаг байгаа тул Казахстаны Үндэсний их сургууль, Монгол Улсын их сургууль хооронд санамж бичиг байгуулж, монгол, казах хэлний тэнхимийг харилцан бий болгох, боловсролын салбарт туршлага солилцох зэргээр хамтын ажиллагааг эрчимжүүлэн, шинэ түвшинд гаргахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Хамтын ажиллагааны ажил хэрэгч санал дэвшүүлсэнд Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлж, ажил хэрэг болгохоор дэмжин ажиллана гэв.