Иргэдэд ном унших соёл, дадлыг хэвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзлийг дэмжих зорилгоор зохион байгуулдаг Номын баярын нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр оролцлоо. “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилсан “Илүү их уншъя” уриатай тус арга хэмжээг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.
Өнөөдрөөс ням гараг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжлэх 36 дахь удаагийн Номын баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцож байна. Энэ үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд хүргэж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч-зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг жил бүрийн 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Хавар, намрын Номын баярыг дунджаар 240,000 гаруй хүн үзэж сонирхдог гэсэн судалгаа гарчээ.