Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын дэлхийн түншлэл (GPE) олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн багтай уулзав. Уг төсөл нь тэгш хамруулан сургах боловсрол, сургуулийн үдийн хоол, хосолсон сургалт гэсэн тэргүүлэх гурван чиглэлээр 2022 оноос хойш хэрэгжиж байна.
Уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан сургуулийн үдийн хоолны чанарыг сайжруулах, шаардлага хангасан, стандартад нийцсэн үдийн хоолоор үйлчлэх хангалтын системтэй болох, амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Мөн GPE байгууллагын санхүүжилтэд боловсролын салбарын бүх талын оролцоог хангах зорилготой Боловсролын төлөөх бүх нийтийн бүлгийн хурлыг зохион байгуулах талаар ярилцав.
GPE буюу “Global Partnership for Education” олон улсын байгууллага нь хөгжиж буй улс орнуудын хүүхэд бүр чанартай боловсрол эзэмшихэд санхүүгийн тусламж үзүүлдэг бөгөөд Хүүхдийг ивээх сан дээрх төслийн санхүүжилтийг зохицуулагч байгууллагаар ажиллаж байна.