Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чөлөөт бүсийн талаар тусгаж, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа дэргэд бага боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхээр заасан. Мал аж ахуй эрхэлж буй айл өрхийн хүүхэд гэр бүлийн орчноосоо холдолгүйгээр суралцах нөхцөлийг бүрдүүлэх шинэ менежмент буюу багийн бага сургууль бий болгох төлөвлөлтийн талаар Боловсролын сайдын Зүүн бүс хариуцсан зөвлөх Л.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн малчин, фермер Л.Лхагвасүрэн нь ХБНГУ-д Мартин Лютерын их сургууль, МУИС-д экологич, агнуур зүйч, биологич мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалж, Ой судлалын хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, олон улсын байгууллага, хувийн бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр “Монгол өрх үндэсний хөгжлийн загвар аж ахуй” хөтөлбөрийг боловсруулж, Дорнод аймгийн Матад сумын харьяа Мэнэн багийн бага сургуулийг санаачлан байгуулсан юм.
- “Багийн бага сургууль” гэж юу вэ? Ямар онцлогтой вэ?
- Манай гэр бүл АНУ-д амьдарч байгаад Монголд ирэн хөдөөг зорьж, 12 жил амьдарч байна. Энэ хугацаанд Зүүн хойд Азийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төвийг байгуулж, орон нутгийн нийгэм, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг хийсэн. Судалгааны явцад нийгмийн хөгжлийн гол түүчээ нь хүн, хүний хөгжлийн гол суурь нь боловсрол, боловсролд гэр бүлтэйгээ хамт суралцах нь чухал болохыг ойлгосон юм. Гэтэл хөдөө орон нутагт хүүхэд өрх, гэр бүлийн орчинд боловсрол эзэмших боломжгүй байдаг. Тиймээс сүүлийн найман жилийн хугацаанд “багийн бага сургууль” гэдэг концепцыг нийгэм, эдийн засгийн хүрээнд судалсан. Энэ бол сургууль гэрт ойр байх, гэрт ойр сургууль сайн сургууль байх, гэр бүл бүтэн байх, мал аж ахуй болон боловсрол хамт байх тухай ойлголт. Газар орноос үл шалтгаалан хэрэгцээтэй байдаг, хүн болон айл өрх бүрд хүргэх боломжтой ажил.
- Энэ төрлийн сургуулийг байгуулахын хэрэгцээ шаардлага, ач холбогдол нь юу вэ?
- Хөдөө орон нутагт, ялангуяа малчин өрхийн хувьд айлын эзэгтэй нь хүүхдээ сургуульд сургахын тулд сумын төв рүү хамт явчихдаг, эзэн буюу аав нь гэртээ үлддэг. Жилд хичээлийн 194, амралтын 60 өдөр буюу 250 гаруй хоног тэр гэр бүл хамт байж чаддаггүй гэсэн үг. Харин багт нь бага сургууль байгуулж өгснөөр малчдын хүүхэд гэр бүл болон мал ахуйгаасаа холдолгүйгээр суралцах, гэр бүл нь аж ахуйн ажил, өрхийн орлогоо орхилгүйгээр хүүхдээ сургах боломж бүрдэх юм.
Аймаг, сумын төвд сургууль бий. Тэд бол төвийн сургууль. Багийн бага сургууль бол хээр, алслагдмал хэсэгт байршина. Монголчууд нүүдлийн аж ахуйтай ч сар бүр нүүгээд байдаггүй. Өөрөөр хэлбэл, малчин өрхүүд 10-р сарын 1-нээс 4-р сарын 1-ний хооронд нүүдэггүй, аж ахуйгаа эрхлээд тогтвортой суурьшдаг. Малчдын өвөлжөө уулын энгэр, ам гээд байгалийн хамгийн тогтоц сайтай газар байршдаг. Тийм ч учраас сансраас харахаар малчин айлууд тэр тогтоц сайтай газартаа багахан зайтай бөөгнөрчихсөн байдаг юм.
- Мэнэн багийн бага сургуулийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа вэ? Монголд энэ хэлбэрийн сургууль хэр олноор байгуулах шаардлагатай вэ?
- Багийн бага сургуулийн талаар 10 орчим жил олон нийтэд мэдээ мэдээлэл, ойлголт түгээж ирсэн. Боловсролын сайдын зөвлөхөд томилогдсоноор хүмүүст мэдээлэл илүү их хүрчээ. Энэ чиглэлд хамтран ажиллах санал, тодорхой байршилд багийн бага сургууль байгуулах зэрэг хүсэлт олноор ирэх болсонд баяртай байна.
Дорнод аймгийнхаа Засаг даргатай ярилцаж, ажил хэрэг болгон байгуулсан Матад сумын харьяа Мэнэн багийн бага сургууль тав дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Өмнөх онуудад жилдээ 4, 5 хүүхэд л сурч байсан бол энэ хичээлийн жилд 15 хүүхэд суралцаж байна. Үүнээс хэрэгцээ, хөгжил нь харагдаж байгаа юм. Баян-Өлгий аймгийн Алтай суманд Улаанхад бага сургууль бас бий. Хөдөө орон нутгаар явж, малчин айл өрхүүдийн суурьшил, тухайн байршилд багийн бага сургуулийн хэрэгцээ хэр их байгаа зэргийг судалсны дараагаар сургууль байгуулах эсэхийг шийдэх зэрэг үе шаттайгаар энэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.
- Ярилцсанд баярлалаа.