"МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН, ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ХИЙХ ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ

A- A A+

  Журмын төсөлтэй танилцаад, 2024.09.23-2024.10.13-ны өдрийн дотор саналаа Nomintsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН, ДЭЭД

БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ХИЙХ ЖУРАМ

                                                                                                                       

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)  болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Боловсролын ерөнхий хуулийн 3.1.22-д заасны дагуу магадлан итгэмжлэх  үйл ажиллагааг Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага зохион байгуулна.

1.3.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага Боловсролын ерөнхий хуулийн 16 дугаар зүйл, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 7 дугаар зүйл, Дээд боловсролын тухай хуулийн 6.5-д заасан стандарт, техникийн зохицуулалт, шаардлага болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан стандарт, шаардлагад нийцүүлэн  гаргасан шалгуур шаардлагыг хангасан сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ.

1.4.Магадлан итгэмжлэх эсэх шийдвэрийг Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагын орон тооны бус зөвлөл, комисс (цаашид “зөвлөл” гэх) гаргана.

1.5.Магадлан итгэмжлэл бүх шатандаа оролцогч болон сонирхогч талуудад тэгш, шударга, нээлттэй, ил тод, хариуцлагатай, үр өгөөжтэй, чанарын өсөлттэй байх зарчимд тулгуурлана.

 

Хоёр. Магадлан итгэмжлэлийн үе шат           

2.1 Хүсэлт гаргах, гэрээ байгуулах

2.1.1.Сургалтын байгууллага Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагад сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ өөрийн үнэлгээний тайлангийн хамт бичгээр болон цахимаар ирүүлнэ.

2.1.2.Дээд боловсролын сургалтын байгууллага эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны дараа, шинэ мэргэжлээр сургалт эрхлэхийн өмнө тухайн хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэх хүсэлтээ Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагад гаргана.

2.1.3.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага энэ журмын 2.1.1, болон 2.1.2-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан  хянаж, баримт бичгийн бүрдлийн шаардлагыг хангасан тохиолдолд сургалтын байгууллагатай гэрээ байгуулна.

2.1.4.Энэхүү журмын 2.1.3-д заасан гэрээнд оролцогч талуудын үүрэг хариуцлага, төлбөрийн нөхцөлийг тусгаж, магадлан итгэмжлэлийн шийдвэр гаргах хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран батална.   

2.2. Магадлан итгэмжлэх

2.2.1.Сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлангийн багт Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага сургалт, зөвлөмж өгнө:

2.2.2.Сургалтын байгууллагын өөрийн үнэлгээний тайланг Удирдах зөвлөл, хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг дээд боловсролын сургалтын байгууллагын хувьд хөтөлбөрийн хороо, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хувьд сургалтын алба болон холбогдох нэгжээр хэлэлцүүлж, албан бичгээр баталгаажуулж 3 сарын дотор Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагад ирүүлнэ:

2.2.3.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагын захирлын тушаалаар сургалтын байгууллага болон хөтөлбөрт дүгнэлт гаргах шинжээчийн багийг томилж, гэрээ байгуулна:

2.2.4.Гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлага, ажлын нөхцөл, хугацаа, ажлын хөлс, ёс зүйн хэм хэмжээ, бусад нөхцөлийг тодорхой тусгана:

2.2.5. Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага сургалтын байгууллага болон хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлан, холбогдох нэмэлт мэдээллийг шинжээчийн багт хүлээлгэн өгнө.

2.2.5.Шинжээчийн баг гэрээнд заасан хугацаанд сургалтын байгууллагад ажиллаж,  шинжээчийн үнэлгээний тайланг Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагад ирүүлнэ.

2.2.6.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага сургалтын байгууллага, хөтөлбөрт дүгнэлт гаргасан шинжээчийн багийн үнэлгээний тайланг нягтлан шаардлага хангасан бол зөвлөлд хүлээлгэн өгнө.

2.3. Магадлан итгэмжлэлийг шийдвэрлэх үе шат

2.3.1.Зөвлөлийн хуралдаанд шинжээчийн баг бүрэлдэхүүнээрээ оролцож санал, дүгнэлтээ танилцуулна.

2.3.2.Зөвлөл шинжээчийн багийн санал, дүгнэлтийг үндэслэн  дараах магадлан итгэмжлэлийн шийдвэр гаргана. Үүнд:

2.3.2.1.Нийт шаардлагын 85-100 хувь хангасан бол “магадлан итгэмжилнэ”.

2.3.2.2.Нийт шаардлагын 65-84 хувь хангасан бол “нөхцөлтэйгөөр  магадлан итгэмжилнэ”.

2.3.2.3.Нийт шаардлагын 51-64 хувь хангасан бол “магадлан итгэмжлэхийг  хойшлуулна”.

2.3.2.4.Нийт шаардлагын 50 хүртэлх хувийг хангасан бол “магадлан итгэмжлэхээс татгалзана”

              2.3.3.Магадлан итгэмжлэлийн хугацаа

2.3.3.1.“Магадлан итгэмжлэл”-ийн хугацаа 5 жил байна.

2.3.3.2.“Нөхцөлтэй магадлан итгэмжлэл”-ийн хугацаа 2 жил байна.

2.3.4.Зөвлөлийн хуралдаанд оролцогч нийт гишүүдээс илээр санал хурааж, ердийн олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

2.3.5.Зөвлөлийн тогтоолыг үндэслэн Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагын захирлын тушаалаар баталгаажуулж, гэрчилгээ олгоно.

 

Гурав. Магадлан итгэмжлэлийн шийдвэрийн

 дараах үйл ажиллагаа

3.1.Сургалтын байгууллага нь зөвлөлийн тогтоолд заасан хугацаанд чанарын ахиц дэвшлийн тайланг Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагад хүргүүлнэ.                   

3.2.Сургалтын байгууллага зөвлөлийн тогтоолд заасан хугацаанд ахиц дэвшлийн тайлан ирүүлээгүй, сургалтын байгууллага, хөтөлбөрт чанарын ахиц гараагүй бол магадлан итгэмжлэлийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болно.

Дөрөв. Магадлан итгэмжлэгдсэнийг бүртгэх

4.1.Магадлан итгэмжлэлийн шийдвэр гарсны дараа хүсэлт, гэрээ, шинжээч томилсон тушаал, шинжээчийн багийн тайлан, зөвлөлийн хуралдааны протокол, тогтоол, бусад холбогдох материалыг архивд нэгж болгон хадгална.

4.2.Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөрийг Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага мэдээллийн санд бүртгэж, цахим хуудсанд албан ёсоор ил тод, нээлттэй мэдээлнэ.

Тав. Магадлан итгэмжилсэн шийдвэрт

өөрчлөлт оруулах

 5.1.Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөрт өөрчлөлт орсон тухай бүрд мэдээллийг сургалтын байгууллага албан бичгээр баталгаажуулан Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагад ирүүлнэ.

5.2.Энэхүү журмын 5.1-д заасан мэдээлэлд үндэслэн Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага магадлан итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт гаргаж, шийдвэрлэнэ.      

5.3.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагад бүртгэлтэй олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дүйцүүлж болно.  

5.4.Дүйцүүлэхдээ Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагаас шинжээчийн баг томилж, дүгнэлтийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргана.

Зургаа. Гомдол гаргах

            6.1.Сургалтын байгууллага магадлан итгэмжлэлийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шийдвэртэй холбоотой гомдлыг Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагад гаргах эрхтэй.

                                      

Долоо. Дахин магадлан итгэмжлүүлэх

  хүсэлт гаргах

            7.1.Сургалтын байгууллага магадлан итгэмжлэлийн өмнөх шийдвэр дуусах хугацаанаас 12-оос доошгүй сарын өмнө дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ гаргана. 

            7.2.Дахин магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь өмнөх магадлан итгэмжлэлтэй адил үйл явц, үе шаттай хэрэгжинэ.

                                                  

---о0о---