Монгол-Японы эмнэлэг, Инженер, технологийн дээд боловсролын төслийн талаар санал солилцов

A- A A+
Монгол-Японы эмнэлэг, Инженер, технологийн дээд боловсролын төслийн талаар санал солилцов

Боловсролын сайд П.Наранбаяр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга асан Танака Шиничи нутаг буцаж, шинэ даргаар Мияаги Кэнсүкэ томилогдож буйг тохиолдуулан хүлээн авч уулзлаа. Талууд ЖАЙКА-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл явцыг ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулан ажилласан ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга асан Танака Шиничид Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА-ийн хамтран багш, оюутан солилцоо, хүний нөөцийг чадавхжуулах, судалгааны лабораториудыг тоног төхөөрөмжөөр хангах, үдийн хоолны шим тэжээлийн тэнцвэрийг хангах зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг талууд онцлон ярилцав.

Түүнчлэн Монгол Улсын анхны их сургуулийн эмнэлэг болох АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг, Инженер, технологийн дээд боловсролын төслийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцон, харилцан дэмжиж хамтын ажиллагааг тэлнэ гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ нар илэрхийлэв.