Боловсролын яам, харьяа газар, хэлтсийн удирдлагууд хувийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, сургуулийн өмнөх боловсролд баримталж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулан, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсов. Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд төрийн ачааллаас үүрэлцэж буй хувийн цэцэрлэгийн удирдлагуудад Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийллээ.
Өнөөдрийн уулзалтад Баянгол, Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүрэг дэх хувийн өмчийн 181 цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож, асуудал, санал дэвшүүлэн, холбогдох албанхан хариулт өгөв. Тухайлбал, элсэлтийг нэмэгдүүлэх, хувьсах зардлыг цаг алдалгүй олгох, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт сэтгэл хөдлөл, нийгэмшлийн тухай оруулах, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан сургалт, арга зүй болон нэмэлт хөтөлбөрийг бодлогоор дэмжих зэрэг хүсэлт гаргав.
Төр, хувийн хэвшил хоорондоо зохисгүй өрсөлдөх бус хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаа, онцлогоороо ялгаран, зах зээлийн зарчмаар өрсөлдөхөд төр саад учруулахгүй гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж, уулзалтыг тогтмол хугацаанд зохион байгуулан асуудал, шийдэл, үр дүнг ярилцана гэв. Мөн хувьсах зардлыг цаг алдалгүй, хүндрэлгүй олгох зохицуулалт хийхийг холбогдох албаныханд даалгалаа.
Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт нийгэмшихүй, амьдрах ухааны тухай агуулгыг тусгахаар шинэчилж байгаа бөгөөд хүүхдийг сургуулийн өмнөх насанд нь сэтгэл хөдлөл, нийгэмшлийн тухай мэдлэг, чадварт сургахад багшаас гадна гэр бүлийн оролцоо нэн чухал учраас бүх тал хамтран ажиллах нь зүйтэйг холбогдох албаныхан хэлж байлаа.
Цаашид хувийн цэцэрлэгүүд асуудал, саналаа бодлого шийдвэрт тусгуулахын тулд Мэргэжлийн нэгдсэн холбоотойгоо уялдаатай байж, хэлэлцэж нэгтгэсэн хүсэлтээ ирүүлснээр ойлгомжтой, цэгцтэй хамтран ажиллах боломжтойг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга онцлов.