Д.Гэрэл Боловсролын сайдын зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллана

A- A A+
Д.Гэрэл Боловсролын сайдын зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллана

Боловсролын сайд П.Наранбаяр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн дэд дарга Д.Гэрэл, “Хөгжлийн бүс” ТББ-ын зөвлөх З.Болдсайхан нарыг хүлээн авч уулзав.

Дондовдорж овогтой Гэрэл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн дэд даргаас гадна НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооны гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын ерөнхий зохицуулагчаар ажилладаг. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамран сургахтай холбоотой дүрэм журмууд хоорондоо уялдаагүй байгаа тул зохицуулалт хийх нэгдсэн баримт бичиг, журамтай болох, бүх бодлого шийдвэр, үйл ажиллагаанд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах шаардлагатай байгааг онцолж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын орчныг сайжруулах чухал байна гэв.

“Хөгжлийн бүс” ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд хамруулах, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр хүний нөөц бэлтгэх, цаашлаад бусад чиглэлээр сургах зэрэгт БНСУ-ын Дэжон хоттой хамтрахаар ажиллаж байна. Боловсролын яамнаас БНСУ-д албан бичиг илгээснээр яриа хэлэлцээ нь албажин, ажил хэрэг болох боломжтойг “Хөгжлийн бүс” ТББ-ын зөвлөх З.Болдсайхан хэлж, дэмжлэг хүслээ.

Боловсролын сайд П.Наранбаяр тэдний хүсэлтийг хүлээн авч, дэмжихээ илэрхийлэн, хэрэгжиж буй ажлуудад саналыг нь тусгана гэв. Мөн одоогийн журмуудад дүн шинжилгээ хийж, нэгдсэн баримт бичгийг боловсруулахаар шийдвэрлэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн дэд дарга Д.Гэрэл Боловсролын сайдын орон тооны бус зөвлөхөөр үргэлжүүлэн ажиллах боллоо.