Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойн тохиож байна

A- A A+
Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойн тохиож байна

Боловсролын сайд П.Наранбаяр Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойн баярын хуралд мэндчилгээ дэвшүүлэн, ажил үйлсдээ амжилт үзүүлэн манлайлж буй алба хаагчдад салбарын болон яамны шагнал гардууллаа.

Үндэсний аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын болон онцгой байдлын байгууллагын мэргэшсэн алба хаагчдыг боловсролын бүх түвшинд шаталсан сургалтаар бэлтгэж, дээд боловсролын тогтолцоонд өвөрмөц байр суурь эзэлдэг, төрийн өмчийн ууган их сургуулиудын нэг  болох Дотоод хэргийн их сургууль нь 1934 онд үүсэн байгуулагдсан. Өдгөө бүрэлдэхүүн болон харьяа 12 сургууль, бусад албадын дэмжлэгтэйгээр ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын хэлбэрээр 50 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж, судалгааны тэргүүлэх 30 орчим чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж, Монгол Улсдаа нэгдсэн менежментийн тогтолцоотой анхны сургууль болсон байна.

Тус их сургууль нь олон улсад өрсөлдөх хөрвөх мэдлэг, ур чадвартай алба хаагчийг бэлтгэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадамжийг сайжруулж, хууль зүй, дотоод хэргийн болон онцгой байдлын салбарын инновацыг хөгжүүлэн Монгол Улсын дээд боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.

Цаашид төрөөс дээд боловсролын байгууллагын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор хийж буй их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох, олон улсын болон үндэсний хэмжээний хөндлөнгийн чанарын баталгаажуулалт, дээд боловсролын салбарт мөрдөгдөх нийтлэг дүрэм журмын хэрэгжилт, хамтарсан төсөл хөтөлбөр зэрэгт Дотоод хэргийн их сургуулийн өвөрмөц онцлогийг харгалзан дэмжлэг үзүүлэн ажиллах шаардлагатайг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов.