Боловсролын яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны III хурал болж, ажлын явц, үр дүнг хэлэлцэв.
Энэ удаагийн удирдах хорооны хуралд КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан оролцож, уг төсөл нь Монголын ирээдүйн иргэдийн эрүүл мэндийг дэмжих бодит хөрөнгө оруулалт гэдгийг онцолж, манай улсын боловсролын байгууллагуудтай хамтран 5 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буйг дурдлаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа, ойлголцол чухал гэдгийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд удирдах хорооны дарга Х.Батжаргал онцолж, гүйцэтгэгч аж ахуйн нэгж хугацаа алдаж буй тул цаашид байгуулах гэрээ, түүний хэрэгжилтэд анхаарч, боломжит дэмжлэгийг үзүүлэхээр болов.
“Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулахаас гадна хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах давтан сургалтыг зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагч, суралцагч, багш ажилтан, хүнс ханган нийлүүлэгч гэх мэт боловсролын үйлчилгээнд оролцогч талуудад хоол, шим тэжээлийн боловсрол олгох Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор ШУТИС-ийг түшиглэн байгуулж буй уг цогц төвийн үйл ажиллагааны дүрмийг батлуулах, 2024-2025 оны хичээлийн жилийн 1-р улирлын амралтаар ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах давтан сургалтыг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгав.