Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоогоор зочлон, тус холбооны дэргэдэх Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэг нь 2016 оноос хойш харьяалал харгалзахгүйгээр хүүхдүүд элсүүлж байгаа бөгөөд одоогоор 14 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрол олгож буй цорын ганц байгууллага болох Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх МСҮТ нь анх 1997 онд Нөхөн сэргээх сургалтын төв хэлбэрээр байгуулагдаж, 2015 онд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага болж өргөжин, өдгөө 86 суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Харааны бэрхшээлтэй, ялгаатай хэрэгцээт хүүхэд, залуусыг боловсролд тэгш хамруулахад шаардлагатай орчин, ном сурах бичиг, тохирох хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллахын зэрэгцээ хүүхдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, дэмжих нийгмийн эерэг хандлагыг бий болгох, эцэг эх асран хамгаалагчдыг чадавхжуулахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо.
Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүдээс Боловсролын сайдын орон тооны бус зөвлөхийг томилох болов.
Ташрамд, жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, мөн 10-р сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг "Олон улсын хараа хамгаалах өдөр" болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг.