Монгол Улс, БНСУ-ын Боловсролын яамд хоорондын Хамтарсан хорооны 4 дэх удаагийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, боловсролын салбарын хүний нөөц, цахим боловсролын чиглэлээр өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ажлуудыг хэлэлцлээ. Талууд цаашид хиймэл оюун ухааныг боловсролын салбарт ашиглах талаар туршлага хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Монгол Улсын Боловсролын яамны зүгээс Засгийн газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөрт орсон багшлах хүний нөөцийг чадавхжуулах, сургуулийн өмнөх, ерөнхий, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг богино хугацааны сургалтад хамруулахад хамтран ажиллах хүсэлтийг илэрхийллээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын сурагч солилцоог идэвхжүүлэн БНСУ-д үйлдвэрлэлийн дадлага хийлгэхэд хамтран ажиллах талаар ярилцав.
БНСУ-ын Боловсролын яамнаас дэлхий нийтэд солонгос хэлийг түгээн дэлгэрүүлж буй хөтөлбөрийг танилцуулж, солонгос хэлний хөтөлбөрт хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм.