Энэ хичээлийн жилийн I улирлын бие даалтын долоо хоногт нийслэл дэх 1-р ангийн сурагчдыг нүд, шүд, зүрх судасны үзлэгт хамруулна. Энэ хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 50 сургуульд холын, ойрын, стерео хараа шалгах багцыг хүлээлгэн өгөв. Мөн сургуулийн удирдлага, эмч нарт хараа шалгах үзлэгийн зохион байгуулалт болон үзлэгийн бүртгэлийг eruulhuuhed.mn вэбэд суурилсан цахим программд оруулах талаар мэдээлэл өгч, үзлэг зохион байгуулсан сургуулийн эмч туршлагаа хуваалцлаа.
Одоогийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын 21, 14, 163, 75-р сургуулиуд нүдний үзлэгийг зохион байгуулж эхэлсэн ба харааны үзлэгийн багц хүлээн авсан сургуулиудад Эрүүл мэндийн яам, “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын бэлтгэсэн мэргэжлийн нүдний эмч нар ажиллаж, илрүүлэг, үзлэгийг чиглүүлэх юм.
Орон нутагт II улирлын бие даалтын долоо хоногт уг үзлэг, эрт илрүүлгийг зохион байгуулна.