Дотуур байрны сурагчдад зориулан хоол, шим тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр, гарын авлага боловсруулав

A- A A+
Дотуур байрны сурагчдад зориулан хоол, шим тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр, гарын авлага боловсруулав

Орон нутгийн болон алслагдсан бүсийн дотуур байрны сурагчдад зориулан тэдний хөгжлийг хоол, шим тэжээл, эрүүл ахуйгаар дамжуулан дэмжихэд чиглэн боловсруулсан хөтөлбөр, гарын авлагыг туршин, орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулиудад танилцуулж байна.

Боловсролын яам, Сангийн яам, Авсралийн Хүүхдийг ивээх сан хамтран Боловсролын дэлхийн түншлэл (GPE) олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 2022 оноос хойш хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл”-ийн хүрээнд уг хоол, шим тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр, гарын авлагуудыг боловсруулсан. Энэ хүрээнд тэдгээрийг турших, танилцуулах ажил 11 аймгийн ерөнхий боловсролын 24 сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдыг хамруулан хэрэгжиж байна.

Энэхүү ажилд орон нутгийн Боловсролын газрын мэргэжилтнүүд дэмжлэг үзүүлж, дотуур байрны багш нараас гадна дотуур байрны тогооч, сургуулийн удирдлага, хоол зүйч, эцэг эх, асран хамгаалагчид хамтран ажиллаж байгаа юм. Түүнчлэн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөл сурагч, багш, тогооч, эцэг эх, асран хамгаалагчидтай уулзаж, хоол шим тэжээл, эрүүл ахуйн мэдлэг, чадвар, хандлагыг дэмжихэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцан, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж байна.