Журмын төсөлтэй танилцаад, 2024.10.15-2024.11.16-ний өдрийн дотор саналаа battogtokhl@moe.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
ИХ СУРГУУЛЬ САЛБАР ДУНДЫН СУДАЛГААНЫ НЭЭЛТТЭЙ ЛАБОРАТОРИ БОЛОН ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭГ БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү журмын зорилго нь их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын дундын судалгааны нээлттэй лаборатори /цаашид “нээлттэй лаборатори” гэх/ байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшнийг олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэхэд чиглэсэн шинэ мэдлэг, бүтээгдэхүүнийг турших, үйлдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Нээлттэй лабораторийг байгуулах зорилго нь их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын дундын эрдэм шинжилгээ, судалгааны баазыг сайжруулах, туршилт эрдэм шинжилгээний ажил, судалгааны төсөл гүйцэтгэх тааламжтай орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.
1.3.Энэхүү журмыг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын нээлттэй цөм лабораторийн сүлжээнд бүртгэгдсэн судалгааны лабораториуд болон өмчийн хэлбэрээс үл хамааран эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээлт, хөгжүүлэлт хийдэг бусад лаборатори, бодлого зохицуулалт ба итгэмжлэлийн газар, бусад оролцогч, сонирхогч талууд дагаж мөрдөнө.
1.4.Нээлттэй лаборатори нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.4.1.хуулийн этгээдийн статустай байх
1.4.2.төрийн өмчийн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэсэн байх
1.4.3.нээлттэй лабораторийн судалгаа, туршилт, шинжилгээний үр дүн нь нийгэмд болон дотоод, гадаадын судалгаа, бизнесийн байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй байх;
1.5.Нээлттэй лабораторид хийгдэх судалгааны ажлын үр дүн Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, урт дунд хугацааны хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн байна. Үүнд:
1.5.1.нээлттэй лабораторийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулах;
1.5.2.судалгаа, шинжилгээ, сорилт, баталгаажуулалтын үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүргэх буюу үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийг бий болгох;
1.5.3.улсын төсвийн хөрөнгөөр болон олон улсын зээл тусламжаар худалдан авсан, өндөр нарийвчлалтай, дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх;
1.5.4.хувийн хэвшлийн судалгааны болон өндөр технологийн лабораториудын ашиглалтыг сайжруулах;
1.5.5.нээлттэй лабораторийн хөрөнгө оруулалт, урсгал зардлыг үр ашигтай байдлаар шийдвэрлэх;
1.5.6.мэргэшсэн техникийн ажилтан, лаборант, операторыг ажлуулах;
1.5.7.судалгааны болон сорилын лабораториуд хоорондын уялдаа холбоог сайжруулах, харилцааг зохицуулах;
1.5.8.үндэсний болон салбарын хэмжээний лабораторийн өгөгдлийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх
1.6.Нээлттэй лабораторийн үйл ажиллагааны зорилго нь өмчийн хэлбэрээс үл хамааран эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээлт, хөгжүүлэлтийн ажлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд гүйцэтгэх, шинэ мэдлэг, технологийг түгээн дэлгэрүүлэх үүднээс дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:
1.6.1.Нээлттэй лабораторийн шаардлагыг тогтоох, бүтэц зохион байгуулалтыг бий болгох, өндөр хүчин чадалтай хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, сорилтын лаборатори оролцох боломжийг нээх;
1.6.2.Нээлттэй лабораторид багтах лабораторийн техникийн чадавх, ур чадварын түвшин, ангилал, зэрэглэлийг тогтоох, шалгуурыг тодорхойлох;
1.6.3.Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль Судалгааны нээлттэй лабораторийг байгуулах эрх үүрэг, авах арга хэмжээ, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох;
1.7.Энэхүү журамд хамаарах лабораторийг дараах байдлаар ангилна. Үүнд:
1.7.1.Нээлттэй лаборатори нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хамаарах, энэхүү журам, холбогдох олон улсын ба үндэсний судалгааны лабораторийн магадлан итгэмжлэлийн стандартын шаардлага, шалгуурыг хангасан салбар дундын, нээлттэй үйл ажиллагаатай лаборатори эсвэл лабораториудын сүлжээ байна;
1.7.2.Цөм лаборатори нь энэхүү журмын 2.1-2.2-д заасан шаардлагыг хангасан, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль эсвэл тэдгээрийн дэргэдэх тэргүүлэх судалгааны төв хүрээлэн байх буюу хуулийн этгээд байна;
1.7.3.Лавлагаа лаборатори нь тухайн сорилтын чиглэлээр үндэсний ба олон улсын лавлагаа лабораторийн магадлан итгэмжлэл авсан лаборатори байна;
1.7.4.Ур чадварын сорилтын лаборатори нь Ур чадварын сорилтын МNS/ISO/IEC 17043:2010 стандартын шаардлагын хангасан лаборатори байна;
1.7.5.Сорилтын ба калибрацийн лаборатори нь Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих MNS/ISO/IEC Guide 17025:2018 стандартын шаардлагыг хангасан лаборатори байна;
ХОЁР. СУДАЛГААНЫ НЭЭЛТТЭЙ ЛАБОРАТОРИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1.Нийтлэг шаардлага:
2.1.1.Судалгааны нээлттэй лаборатори нь эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай байна.
2.1.2.Лабораторийн үйл ажиллагаа нээлттэй байх ба өөрийн нөөц бололцоог бүрэн ашиглах, судалгааны найдвартай үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэнэ.
2.1.3.Лаборатори нь шаардлагатай баримт мэдээлэл, чадамжийн талаар тодорхойлолт бүхий хүсэлт, мэдүүлэг гаргаж, үнэлгээнд орж зохих шаардлагыг хангаснаар Судалгааны нээлттэй лабораторийн статус, зөвшөөрөлийг авна.
2.1.4.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь лабораторийн магадлан итгэмжлэл, ур чадвар, менежментийн талаар хөндлөнгийн экспертийн үнэлгээнд үндэслэж Судалгааны нээлттэй лабораторийн зөвшөөрөл статусыг олгоно.
2.1.5.Судалгааны нээлттэй лаборатори нь энэхүү журамд нийцүүлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг тодорхойлж, баримтжуулсан байна.
2.1.6.Судалгааны нээлттэй лаборатори нь үйл ажиллагаагаа үр дүнтэй нээлттэй удирдах, гүйцэтгэх, шалгах зэргээр бүх ажилтны хариуцлага, эрх мэдэл ба дотоод харилцааг тогтоосон дүрэм журамтай байна.
2.1.7.Судалгааны нээлттэй лабораторид багтах лаборатори нь холбогдох сорилтын хүрээнд дотоод, гадаад лаборатори хоорондын харьцуулалт, ур чадварын сорилтод жилд 2-оос доошгүй оролцож хангалттай үнэлгээ авсан байна.
2.2.Техникийн болон ур чадварын шаардлага:
2.2.1.Судалгааны нээлттэй лабораторийн бүтэц, зохион байгуулалт, өмчлөл, засаглал, удирдлага, хөрөнгө санхүү, манлайлал, шударга байдал, мэдээллийн тогтолцоо, нууцын зэрэглэлийн талаар шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлсон эсвэл удирдлагын ба техникийн шаардлага нь лабораторийн зохистой дадал (GLP)-ын болон үндэсний ба олон улсын хэмжээнд MNS/ISO 17025:2018 стандартын дагуу итгэмжлэгдсэн байна. 5001664606
2.2.2.Лаборатори нь MNS ISO/IEC 17043:2010 стандартын дагуу үндэсний ба олон улсын ур чадвар сорилтын хөтөлбөр, дотоодын ба хөндлөнгийн харьцуулсан сорилтын үнэлгээнд оролцож баримтжуулсан байна.
2.2.3.Судалгааны нээлттэй лаборатори нь өөрийн үйл ажиллагааг зөв явуулахад шаардагдах тоног төхөөрөмж (үүнд: хэмжих хэрэгсэл, программ хангамж, хэмжлийн эталон, стандартчилсан загвар, урвалж бодис)-оор бүрэн хангагдсан байна.
2.2.4.Судалгааны нээлттэй лабораторийн гаднаас нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үйл ажиллагаанд тохиромжтой, шаардлага хангасан байх ба зохих шаардлагын дагуу бүртгэж баримтжуулдаг байна. Үүний дотор лабораторийн үйл ажиллагаа, аргачлал, техникийн бүртгэл тус бүрийг нарийвчлан хөтлөх ба үүнд анхдагч ажиглалт, тоо баримт, үр дүн, бусад шаардлагатай мэдээллийг багтаасан байвал зохино.
2.2.5.Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тухай мэдээллийн нууцын хадгалалт, хамгаалалт нь Төрийн болон албаны нууцын тухай хууль, Улсын нууц болон Оюуны өмчийн тухай хууль тогтоомжийн даган мөрдөж, холбогдох гэрээний дагуу баталгаажуулан хэрэгжүүлдэг байна.
ГУРАВ. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ҮҮРЭГ
3.1.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах чиг үүргийг хүлээнэ. Үүнд:
3.1.1.Судалгааны нээлттэй лаборатори байгуулах чиглэлийг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл, эдийн засаг, нийгмийн тулгамдаж буй асуудлын хүрээнд тодорхойлох;
3.1.2.Тухайн салбарын онцлог, эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагааны чиглэл, техникийн хүчин чадал, ур чадвартай уялдуулан, тухайн судалгааны нээлттэй лабораторийн үйл ажиллагааны статус зөвшөөрлийг 5 жил хүртэл хугацаанд олгох;
3.1.3.Судалгааны нээлттэй лабораторийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжүүлэх ажлын чиг үүргийг тодорхойлох;
3.1.4.Судалгааны нээлттэй лабораторийн статус, зөвшөөрөл авсан байдал нь үнэлэгддэг буюу улсын төсвөөс санхүүжих Шинжлэх ухаан, технологийн төслийн шалгаруулалтад нэг шалгуур үзүүлэлт болно;
3.1.5.Магадлан итгэмжлэгдсэн лабораторийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга хийх зардлыг бүрэн болон хэсэгчлэн хариуцах замаар Судалгааны нээлттэй лабораторийн үйл ажиллагааг дэмжих шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг төлөвлөх, улсын төсөвт тусгах, түүний зарцуулалтад хяналт тавих;
3.1.6.Судалгааны нээлттэй лабораторийн үйл ажиллагааны талаар тайлан дүгнэлт гаргуулах, үр дүнгийн талаар мониторинг үнэлгээ хийх, бодлогын дүгнэлт зөвлөмж гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах;
3.1.7.Судалгааны нээлттэй лабораторийг дэмжих бодлогыг боловсруулах, бодлогын баримт бичигт тусгуулах;
3.1.7a Судалгааны нээлттэй лабораторийн шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг захиалга, гэрээний үндсэн дээр гүйцэтгэх ба ажлын гүйцэтгэлийн төлбөрийг улсын төсвөөс олгох, шинжлэх ухааны үйл ажиллагааны зардлаас нөхөн олгох зарчмаар санхүүжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;
3.1.7б Лабораторийн магадлан итгэмжлэлийн стандартын бичиг баримтын төлбөр, зардлыг чөлөөлөх, хөнгөлөх эрхзүйг бий болгох;
3.1.7в Судалгааны нээлттэй лаборатори, цөм лабораторийн хүний нөөц ялангуяа инженер техникийн ажилтан, лаборантын орон тоог бий болгох, сургах бэлтгэх дэмжлэгийн бодлогыг тодорхойлох;
3.1.8.Шинээр байгуулах эсвэл хүчин чадлыг нэмэгдүүлэн өөрчлөх Судалгааны нээлттэй лабораторийг сонгон шалгаруулж, зохих шаардлагын дагуу бүртгэн баталгаажуулах;
3.1.9.Судалгааны нээлттэй лабораторийг байгуулах, үйл ажиллагаанд дараах санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ: Үүнд:
3.1.9а Судалгааны нээлттэй лабораторийн үйл ажиллагааг тогтвортой урт хугацаанд явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, улсын төсөвт тусгуулах;
3.1.9б Судалгаа, туршилт, сорилт, шалгалт тохируулга хийх Судалгааны нээлттэй лабораторид шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардал (урвалж бодис), хүний нөөцийн бэлтгэх, сургах үйл ажиллагааг санхүүжүүлэх, түүнд хяналт тавих зардлыг хариуцах;
3.1.9в Лабораторийн зохих стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн болон зохистой дадлыг нэвтрүүлсэн Судалгааны нээлттэй лабораторийн хийгдсэн судалгаа, хөгжүүлэлт, магадлан итгэмжлэлийн зардлыг бүрэн болон хэсэгчлэн байдлаар хариуцах;
3.1.9г Судалгааны нээлттэй лабораторийн болон судалгааны лабораториудын талаар нээлттэй хүртээмжтэй Үндэсний нэгдсэн мэдээллийн санг бий болгоход үндэсний болон цөм лабораторийн түвшинд техникийн зардал болон хүний нөөцийн орон тоо, цалин хөлсийг хариуцах;
ДӨРӨВ. СУДАЛГААНЫ НЭЭЛТТЭЙ ЛАБОРАТОРИЙН ЦӨМ ЛАБОРАТОРИЙН ЭРХ ҮҮРЭГ
4.1.Судалгааны нээлттэй лаборатори, цөм лаборатори нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага эсвэл тэдгээрийн дэргэдэх тэргүүлэх судалгааны төв хүрээлэн байх буюу хуулийн этгээд байна.
4.2.Судалгааны нээлттэй лабораторийн цөм лаборатори нь дараах эрх үүргийг хүлээнэ. Үүнд:
4.2.1.Сүлжээнд нэгдсэн лабораториудын ажиллах дүрэм журам боловсруулах, үйл ажиллагааны зарчим, судалгаа, сорил, туршилтын үнэ тарифыг тогтоох;
4.2.2.Сүлжээ лабораториудын зохион байгуулалт, удирдлагын бүтэц, цөм лабораторийн эзлэх байр суурь ба менежмент, орон тоо, техникийн үйл ажиллагаа, нэмэлт үйлчилгээний талаар Судалгааны нээлттэй лабораторийн сүлжээ лабораториудын ажиллах дүрэм журамд тусгах;
4.2.3.Судалгааны нээлттэй лаборатори, цөм лабораторийн үйл ажиллагааны санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
4.2.3а Эрдэм шинжилгээний төслийн шууд ба шууд бус зардлын хуримтлалаас;
4.2.3б Нээлттэй лабораторийн тарифын дагуу хийгдсэн туршилт шинжилгээний өөрийн үйл ажиллагааны орлогоос;
4.2.3в Олон улсын хамтын ажиллагаанаас олох орлогоос;
4.2.3г Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны нөхөн олговор, дэмжлэг;
4.2.3д Туршилт, сорилын гэрээт болон захиалгат ажил;
4.2.3е Хуульд харшлаагүй бол бусад эх үүсвэр (сургалт зөвлөх үйлчилгээ гэх мэт)
4.2.4.Судалгааны нээлттэй лабораторийн сүлжээ лабораториудад болон салбарын судалгааны лабораториудад чиглэсэн туршлага солилцуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах;
4.2.5.Судалгааны нээлттэй лабораторийн сүлжээ лабораториудын магадлан итгэмжлэгдээгүй эсвэл дахин магадлан итгэмжлэгдэх, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хангуулах;
4.2.6.Судалгааны нээлттэй лабораторийн сүлжээ лабораториудад зориулж бүх шатны хүний нөөцийг байнга чадавхжуулах, сургах, давтан сургах, зайн сургалтыг зохион байгуулах;
4.2.7.Салбарын мэргэшсэн лаборант, лабораторийн техникийн ажилтнуудыг мэргэжлийн хувьд магадлах, үнэлэх аргачлалыг бий болгох, аргачлалын дагуу үнэлэх ажлыг зохион байгуулах;
4.2.8.Салбарын судалгааны лабораториудын мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, үйлчилгээг хариуцан ажиллах;
4.3.Судалгааны нээлттэй лаборатори, цөм лаборатори нь үйл ажиллагааг хэвийн ажиллагааг явуулахад шаардлагатай дараах орон тооны ажилтантай байна. Үүнд:
4.3.1.Лабораторийн менежер;
4.3.2.Лабораторийн аюулгүйн үйл ажиллагаа, стандартчилал хариуцсан мэргэжилтэн;
4.3.3.Лабораторийн техникийн ажилтан болон лаборант;
Мэдээлэл, бүртгэл хариуцсан ажилтан;
ТАВ. СУДАЛГААНЫ НЭЭЛТТЭЙ ЛАБОРАТОРИЙН ЭРХ ҮҮРЭГ
5.1.Судалгааны нээлттэй лаборатори нь лавлагаа лаборатори, ур чадварын сорилтын лаборатори, сорилтын ба шалгалт тохируулгын лабораторийн зохих стандартын шаардлага хангасан буюу үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн дэргэдэх лаборатори, төв эсвэл хуулийн этгээд байж болно.
5.2.Судалгааны нээлттэй лаборатори нь энэхүү журамд нийцүүлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг тодорхойлж, баримтжуулсан байна.
5.3.Судалгааны нээлттэй лабораторийн үйл ажиллагааны үр дүнд нөлөөтэй удирдах, гүйцэтгэх, шалгах бүх ажилтны хариуцлага, эрх мэдэл ба дотоод харилцааг дотоод дүрэм журамдаа тусгасан байна.
5.4.Судалгааны нээлттэй лаборатори нь бусад чиг үүргээс нь хамааралгүйгээр менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, хадгалах, боловсронгуй болгох эрх мэдэл бүхий менежер ажилтантай байна.
5.5.Менежментийн тогтолцоог үр нөлөөтэй байлгах, хэрэглэгчийн болон бусад шаардлагыг хангах тохиромжтой орчин, нөхцөлийг бий болгосон байна.
5.6.Судалгааны нээлттэй лабораторийн эрдэм шинжилгээ, туршилт судалгаа, зохион бүтээх үйл ажиллагааны арга, аргачлал нь олон улсын шинжлэх ухааны түвшинд хүрсэн, батлагдсан стандарт арга зүйгээр гүйцэтгэнэ.
5.7.Эрдэм шинжилгээ, туршилт судалгаа, зохион бүтээх үйл ажиллагааны тухай мэдээлэл, хадгалалт, хамгаалалт нь Төрийн болон албаны нууцын тухай хууль, Улсын нууц болон Oюуны өмчийн тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Түүнчлэн эрдэм шинжилгээ, туршилт судалгаа, зохион бүтээх үйл ажиллагааны нууцлалыг хангаж, захиалагчийн оюуны өмчийн эрхийг хадгалж хамгаална.
5.8.Судалгааны нээлттэй лаборатори олон улсын хэмжээнд гарсан шинэ технологийн дэвшлийг нэвтрүүлэх, мэдлэгт суурилсан туршилт судалгааны төв байна.
5.9.Судалгааны нээлттэй лаборатори нь үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байр, багаж, тоног төхөөрөмж, хэрэгсэл, урвалж, оношлуур болон мэргэшсэн хүний нөөцөөр хангагдсан байна:
5.9.1.Лабораторийн байгууламж, ажлын байрны орчин нөхцөл нь лабораторийн үйл ажиллагаанд тохиромжтой, үр дүнгийн үнэн бодит байдалд сөрөг нөлөө үзүүлэхээргүй зохистой дадлын шаардлагыг хангасан эсвэл MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан байна.
5.9.2.Лаборатори нь стандарт биш арга, өөрийн боловсруулсан арга, стандарт аргыг өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчилсөн бол заавал шалгаж нотолно. Аргыг нотлох ажиллагааг MNS/ISO17025:2018 стандартад заасны дагуу хэрэгжүүлнэ.
5.9.3.Лабораторийн ажил тус бүрийн техникийн бүртгэлийг нарийвчлан хөтлөх ба анхдагч ажиглалт, тоо баримт, үр дүн, бусад шаардлагатай мэдээллийг багтаасан байвал зохино.
5.9.4.Тоног төхөөрөмжийн хадгалалт, ажиллах нөхцөлийг хангах, хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг бүрдүүлнэ.
5.9.5.Хөдөлмөр хамгаалал, шинжилгээ, судалгааны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн техникийн аюулгүй ажиллагаа, хэрэглэх зааврын шаардлагыг бүрэн хангаж ажиллана.
5.9.6.Ахисан түвшний туршилт, судалгааны ажилд гэрээний үндсэн дээр тэтгэлэг, хөнгөлөлтийг үзүүлж дэмжиж ажиллана.
5.9.7.Шаардагдах тоног төхөөрөмж, урвалж бодисын худалдан авалтын төсвийг жил бүр батлуулсан байна;
5.9.8.Лабораторийн мэргэшсэн ажилтан, лаборант нь (лабораторийн удирдлага, лаборант, инженер техникийн ажилтан) харьяалагдах эрдэм шинжилгээний байгууллага болон их дээд сургуулийн үндсэн орон тоонд багтана. Ажлын цагийн хуваарь нь Хөдөлмөрийн хуульд нийцсэн байна.
5.9.9.Ажлын байрны тодорхойлолт нь харьяалагдах эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн удирдлагатай зөвшилцсөнөөр НДСЛ-ийн удирдлага баталгаажуулсан байна. Үүнд, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтын дагуу ажлын байрны нөхцөл, түүнд холбогдох нэмэгдэл хөлсний тухай тусгасан байна.
5.9.10.Лабораторийн ажилтнууд эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил гүйцэтгэхдээ лабораторийн зорилго чиглэл, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зааврыг баримтална.
5.9.11.Лабораторийн аюулгүй үйл ажиллагаа алдагдсан, тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл саатал гарсан тохиолдолд шалтаг шалтгаан, хохирлын хэмжээг бүртгэж, тоног төхөөрөмжийг засах, шинээр солих, үйл ажиллагааг хэвийн болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5.9.12.Лаборатори нь өөрийн үйл ажиллагааг зөв явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, урвалж бодисоор бүрэн хангагдсан байх ба шаардлагатай тохиолдолд төрөөс дэмжлэг нөхөн олговор хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
5.10.Судалгааны нээлттэй лабораторийн үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг төрийн захиргааны төв байгууллага болон цөм лабораторид тогтмол хүргүүлдэг байна.
5.11.Судалгааны нээлттэй лабораторийн үйл ажиллагааны зардал, байр, тоног төхөөрөмж, материалын зардал, захиргааны болон үйлчилгээний ажилтны цалин хөлс, ур чадварын нэмэгдэл нь харьяалагдаж байгаа эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн суурь санхүүжилтэд багтана (их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын төсөвт тусгайлан тусгагдана).
5.12.Судалгааны нээлттэй лаборатори нь дараах эрхийг эдэлнэ:
5.12.1.Судалгааны нээлттэй лабораторийн судалгааны салбар чиглэлийг өргөжүүлэх, хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаа, дараагийн шатны стратеги боловсруулах, батлуулах ажилд оролцох;
5.12.2.Тогтвортой хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Цөм лабораториос тогтоосон үнэ тарифын дагуу төлбөрт, захиалгат үйлчилгээ явуулах;
5.12.3.Гадаадын болон дотоодын байгууллагатай нээлттэй хамтын судалгаа, туршилтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах;
5.12.4.Лабораторийн хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хүлээгдсэн үр дүнд хүрэхгүй тохиолдолд шалтгааныг тодруулж, асуудлыг холбогдох байгууллага болон судалгааны баг бүрэлдэхүүнтэй хамтран шийдвэрлүүлэх;
ЗУРГАА. БУСАД ЗҮЙЛ
6.1.Шинжлэх ухааны туршилт, судалгаа, зохион бүтээлт, хөгжүүлэлтийг олон улсын жишигт хүргэх зорилгоор өмчийн хэлбэрээс үл хамааран тухайн байгууллага нь өөрийн хөрөнгө, санхүүжилт үйл ажиллагаагаар нээлттэй лаборатори байгуулан ажиллах, боломж нөхцөлийг энэхүү журмаар зохицуулаагүй буюу эрх зүйн хувьд хаагаагүй болно.
- Нээлттэй – Ялангуяа академик суурь судалгааны ажлын нээлттэй хийх боломж, судалгааны өгөгдөл мэдээлэл харилцан солилцох, арга технологи, үр дүнг нээлттэй ашиглах тогтолцоог бүрдүүлэхийг хэлнэ.
- Дундын (shared) – судалгааны ялангуяа технологи инновацийн чиглэлийн лаборатори (орон зай), тоног төхөөрөмжийг тогтоосон тарифф, дундын хүний нөөцийг (техникийн ажилтан, лаб менежер) ашиглах замаар судалгааны үр ашиг, ашиглалтыг нэмэгдүүлэх арга хэмжээний цогцыг хэлнэ.