Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзав

A- A A+
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Чех Улсад 13,569 монгол иргэн албан ёсоор бүртгэлтэй амьдарч байгаагаас 2178 нь аливаа нэг түвшний сургалтын байгууллагад суралцаж буй иргэд аж. Мөн 2024 оны “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр 29 оюутан Чехэд суралцаж байна.

Монгол, Чехийн Боловсролын яам хоорондын 2019 оны хэлэлцээрийн хүрээнд багш, бакалавр, магистр, докторын оюутан, судлаач солилцооны богино хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр МУИС-ийн Слав судлалын тэнхимд Чех хэлний багш ажиллаж эхэлсэн бөгөөд тус улсын Менделийн их сургууль ХААИС-тай ойн аж ахуй, ойн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллаж байгаа юм.

Элчин сайд Ян Вытопилийн зүгээс илэрхийлсэн багш, оюутан солилцооны хөтөлбөрийн квот болон чех хэл сурч буй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, чех оюутнууд суралцах боломжтой Монголын их сургуулиудын мэдээлэл, зөвлөмжийг шинэчилж авах зэрэг саналыг Боловсролын сайд П.Наранбаяр дэмжиж, хамтран ажиллана хэмээлээ. Талууд цаашид хамтын ажиллагааг улам эрчимжүүлэн, идэвхтэй өрнүүлнэ гэдгээ харилцан илэрхийлэв.