"Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чадамжийн төв, салбар дундын дадлагын баазад тавих нийтлэг шаардлага"-ын төсөлд санал авч байна.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэгт заасны дагуу "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чадамжийн төв, салбар дундын дадлагын баазад тавих нийтлэг шаардлага"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн нийтлэг шаардлагын төсөлтэй танилцан саналаа bolormaa.p@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАМЖИЙН ТӨВ, САЛБАР ДУНДЫН ДАДЛАГЫН
БААЗАД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгийг баримтлан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чадамжийн төв (цаашид “чадамжийн төв” гэх), салбар дундын дадлагын бааз (цаашид “дадлагын бааз” гэх)-д энэхүү нийтлэг шаардлагыг мөрдөнө.
1.2.Чадамжийн төв, дадлагын бааз түншлэлийн оролцоотойгоор мэргэшлийн төрөлжсөн чиглэлээр ахисан түвшний сургалтын хөтөлбөр боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн багшийн мэргэшлийн хөгжлийг тодорхойлох, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, инженер, техникийн ажилтныг мэргэшүүлэх, үндэсний болон олон улсын уралдаан тэмцээнд багш, оролцогчийг бэлтгэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.3.Дадлагын бааз энэхүү нийтлэг шаардлагын 1.2-д заасан үндсэн чиг үүргийг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн зорилго, зорилтод нийцүүлэн сургалтын байгууллагын болон салбар дундын зохицуулалттайгаар хэрэгжүүлнэ.
4.2.Дадлагын баазыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн яам, томоохон аж ахуйн нэгж байгууллагатай хамтран байгуулж болно.
1.4.Чадамжийн төв, дадлагын бааз мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын харьяаллын гарааны компани, бизнес инкубатор төв, туслах аж ахуйтай хамтран инновац нэвтрүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагатай ур чадварын түвшнийг тогтоох, үнэлгээ, баталгаажуулалтын чиг үүргийг хамтран хэрэгжүүлж болно.
Хоёр. Чадамжийн төв, дадлагын баазад тавих
нийтлэг шаардлага
2.1.Чадамжийн төв, дадлагын бааз энэхүү нийтлэг шаардлагын 1.2, 1.4-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.
2.1.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төрөлжсөн мэргэжлийн чиглэл, хөтөлбөртэй уялдаа бүхий мэргэшлийн ахисан түвшний чадамжийг эзэмшүүлэх сургалтын баталгаажсан хөтөлбөртэй байх;
2.1.1.1.Мэргэшлийн ахисан түвшний чадамжийг эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр нь түншлэгч аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн байх;
2.1.2.Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэшсэн инженер, техникийн ажилтан, багш, хүний нөөцийг бүрдүүлсэн байх;
2.1.3.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 7.1-д заасан стандарт, MNS6055:2009 “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зайн орчин.Үндсэн шаардлага”, тухайн мэргэжлийн чиглэлийн холбогдох стандарт, нийтлэг шаардлага, эрх бүхий байгууллагаас баталсан бусад стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн байх;
2.1.4.Чадамжийн төв, дадлагын бааз Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн зорилго, зорилттой уялдсан дунд хугацааны болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх;
2.1.4.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлөөр чадамжийн төв дунд хугацааны болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.
2.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.12-д заасан чадамжийн төв, дадлагын бааз нь сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн чиглэлээр болон тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэл, хөтөлбөрөөр төрөлжсөн байж болно.
2.3.Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл, хөтөлбөрөөр төрөлжсөн чадамжийн төв, дадлагын бааз энэхүү нийтлэг шаардлагын 2-д заасан шаардлага болон дараах шалгуурыг хангасан тохиолдолд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “яам” гэх/-аас батламж олгоно.
2.3.1.Яам мэргэжлийн холбоод, түншлэгч аж ахуй нэгж байгууллага, тухайн төрөлжсөн мэргэжлийн чиглэлийн холбогдох төрийн захиргааны төв эсхүл төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, ажиллах удирдамжийг батална.
2.3.2.Ажлын хэсэг удирдамжийн дагуу ажиллаж холбогдох дүгнэлтийг гаргаж яаманд танилцуулна;
2.3.3.Дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл, хөтөлбөрөөр төрөлжсөн чадамжийн төв, дадлагын баазыг батламжилна.
Гурав. Хяналт, үнэлгээ хийх
3.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чадамжийн төв, дадлагын баазад хоёр жил тутамд хөндлөнгийн чанарын үнэлгээг хийнэ.
3.2.Энэхүү нийтлэг шаардлагад тусгагдсан шаардлага, шалгуурт нийцэж байгаа эсэх болон чанарын үнэлгээ хийх ажлын хэсэг, удирдамжийг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулан хэрэгжилтийг ханган ажиллана.
---о0о---
ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
МУЗГТХ-ийн 24.2.Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.
МбТБСТХ-ийн 9.12.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага харьяалалдаа чадамжийн төв, салбар дундын дадлагын бааз, гарааны компани, бизнес инкубатор төв, туслах аж ахуйтай байж болно.
МбТБСТХ-ийн 9.13.Энэ хуулийн 9.12-т заасан чадамжийн төв, дадлагын баазад тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
МбТБСТХ-ийн 9.14.Энэ хуулийн 9.12-т заасан чадамжийн төв, дадлагын бааз, туслах аж ахуй нь өөрийн үйл ажиллагаанаас орлого олж болно.