Дэлхийн хэмжээнд боловсролын салбарыг хамруулан баталсан анхны гэрээ болох “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдэн орлоо. ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаас 2019 онд баталсан тус конвенцод дэлхийн 33 улс нэгдсэн ба Монгол Улс 34 дэх нь болж байна.
Энэхүү конвенц нь нэгдэн орсон улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, боловсролын, зайн хэлбэрээр суралцаж, эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог.
Монгол Улс хөгжлийн баримт бичгүүддээ олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд дэлхийн улсуудтай боловсрол, сургалт, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх явдал чухал ач холбогдолтой.
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц” нь дараахь харилцааг зохицуулахад чиглэсэн. Үүнд:
- Дээд боловсролын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, бэхжүүлэх;
- Дээд боловсролын чиглэлээр бүс нутаг хоорондын санал санаачилга, бодлого, инновацыг дэмжих;
- Улс, орнуудын дээд боловсролын тогтолцооны ялгаатай байдлыг ойлгож, хүндлэхийн зэрэгцээ дээд боловсролын эрдмийн зэрэг эзэмшигчид, дээд боловсролын байгууллагууд, ажил олгогчид, бусад оролцогч талд харилцан ашигтай байлгах, дэлхий дахинд дээд боловсролын салбар дахь шилжилт хөдөлгөөн болон ололт амжилтыг дэмжих;
- Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг шударга, ил тод, тууштай, уялдаатай, цаг үеэ олсон, найдвартайгаар хүлээн зөвшөөрөх хүртээмжтэй тогтолцоог дэлхийн хэмжээнд бий болгох;
- Дээд боловсролын байгууллага болон тогтолцооны бие даасан, ялгаатай байдлыг хүндэтгэж, дэмжиж, хамгаалах;
- Шударга байдал, ёс зүйн хэм хэмжээг inter alia хөхиүлэн дэмжих замаар эрдмийн зэргийн чанар, найдвартай байдалд итгэх итгэл, үнэмшлийг дээшлүүлэх;
- Дээд боловсролын байгууллага, тогтолцоонд чанарын баталгаажуулалтын соёлыг хөхиүлэн дэмжиж, найдвартай, уялдаа холбоотой, харилцан нөхөхүйц байхад шаардлагатай чадавхыг хөгжүүлэх;
- Улс орон, бүс нутгийн хооронд хүртээмжтэй, орчин үеийн, найдвартай, ил тод мэдээлэл боловсруулах, цуглуулах, солилцох, мөн шилдэг туршлагыг түгээх үйл явцыг дэмжих;
- Чанартай дээд боловсролыг тэгш, хүртээмжтэй эзэмших боломжийг эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх замаар дэмжих, дүрвэгсэд ба шилжин суурьшсан этгээдийг оролцуулан бүх хүнд насан туршийн сургалтын боломжийг бүрдүүлэх;
- Тогтвортой хөгжлийн төлөө боловсролыг дэмжих үүднээс хүний нөөц болон боловсролын нөөцийг оновчтой ашиглахыг дэмжиж, бүх орны зохион байгуулалтын бүтэц, эдийн засаг, технологи, соёл, ардчилал, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг болно.
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-оор дор дурдсан зарчмыг баримтлахаар заасан. Үүнд:
- Хувь хүний дээд боловсрол эзэмших өргөдөл гаргах, эсхүл ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор өөрийн боловсролын зэрэгт үнэлгээ хийлгэх эрхтэй;
- Эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх үйл явц нь улс бүрийн дүрэм, журмын дагуу ил тод, шударга, цаг үеэ олсон, алагчлалаас ангид байхаас гадна хямд өртөгтэй байх;
- Хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр нь итгэлцэл, тодорхой шалгуур болон шударга, ил тод, алагчлалаас ангид байж, дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдал бол хөдөлмөр эрхлэх боломжийг нээсэн нийтийн сайн сайхны төлөө үйл хэрэг мөн болохын чухлыг онцолсон байх;
- Хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр нь дээд боловсролын тогтолцоо, байгууллага, хөтөлбөр, чанарын баталгаа олгох механизмын талаарх зохистой, найдвартай, хүртээмжтэй, орчин үеийн мэдээлэлд үндэслэж, эдгээр мэдээллийг улс орнуудын эрх бүхий байгууллага, үндэсний албан ёсны мэдээллийн төв, эсхүл тэдгээртэй ижил төстэй байгууллагаас хүлээн авсан байх;
- Хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг дэлхий дахины дээд боловсролын тогтолцооны ялгаатай байдлыг харгалзан үзсэн байх;
- Хүлээн зөвшөөрөх үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь шийдвэрийг шударгаар гаргаж, шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхой тайлбарлан, шийдвэрт гомдол гаргах зохицуулалтыг тогтоосон байх;
- Эрдмийн зэргээ хүлээн зөвшөөрүүлэхээр өргөдөл гаргагч нь эзэмшсэн эрдмийн зэргийнхээ талаар зохих ёсны, үнэн зөв мэдээлэл, бичиг баримтыг шударгаар бүрдүүлж өгч, холбогдох шийдвэрийн талаар гомдол гаргах эрхтэй байх;
- Оролцогч улс орнуудын хооронд орчин үеийн технологи болон мэдээлэл солилцох сүлжээг ашиглахыг дэмжиж, дээд боловсролын эрдмийн зэрэгтэй холбоотой бүх хэлбэрийн хууран мэхлэх үйлдлийг устгах арга хэмжээ авах үүрэг хүлээх зэрэг юм.