Япон-Монголын найрамдлын бүлгийн урилгаар хамтын ажиллагааны санал солилцов

A- A A+
Япон-Монголын найрамдлын бүлгийн урилгаар хамтын ажиллагааны санал солилцов

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн урилгаар Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд 2024 оны 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улсад албан айлчлал хийлээ. Энэ үеэр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч, хатагтай Имото Сачикотой уулзаж, Монгол Улсын Засгийн газрын газраас хэрэгжүүлж буй мега төслүүдийг танилцуулан, тус төслүүдэд ажиллах шаардлагатай инженер техникийн хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.

Урьдчилсан судалгаанаас үзэхэд инженер техникийн 38,000 гаруй ажилтныг үе шаттайгаар бэлтгэх хэрэгцээ шаардлага бий. Одоогоор хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд нийт 1000 оюутан, багш, судлаачийг Японд сургахаас 905-ыг Коосэн, бакалаврын хамтарсан, зэргийн, зэргийн бус хөтөлбөрт хамруулаад байна. Эдгээрээс 730 оюутан, багш, судлаач сургуулиа амжилттай төгсөж, үндэсний хэмжээний томоохон компаниудад ажиллаж байгаа юм. Түүнчлэн:

  • МУИС, ШУТИС-д багшлах хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан судалгааны агуулгыг сайжруулах, чадамжийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны их сургууль болгох суурийг тавих зорилгоор хамтарсан судалгааны 20 багийг байгуулж, судалгаа-хөгжүүлэлтийг гүйцэтгэсэн. Үүний дүнд 370 гаруй өгүүллийг олон улсын сэтгүүлд хэвлүүлж, 37 оюуны өмчийг бүртгүүлэн, гарааны гурван компанийг бойжууллаа.
  • ШУТИС-ийн сургалтын 20 гаруй хөтөлбөрт хэсэгчилсэн болон цогц хөгжүүлэлт хийж, тус сургуулийн 15 лабораторид 107 нэр төрлийн 1434 ширхэг орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжийг нийлүүлэн, туршилт, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлсэн.
  • МУИС, ШУТИС-ийн судалгааны лабораториудад олон улсын түвшинд нийцсэн 253 нэр төрлийн 409 ширхэг судалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлж, гадаадад өндөр үнээр хийгддэг туршилт, судалгааг эх орондоо хийх боломжийг бүрдүүлсэн.

Тэргүүн дэд Ерөнхийлөгч хатагтай Имото Сачико “Инженер технологийн төсөл II”-ийг эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, Монгол Улсын тэргүүн туршлагыг бусад улстай хуваалцах боломжтой гэлээ.

Мөн АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн өргөтгөлийн талаар ярилцаж, тус эмнэлгийн үйл ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал нэгдэв. Монгол-Японы эмнэлэг нь Монголд нэн шаардлагатай байгаа, өмнө нь хийгдэж байгаагүй 10 гаруй төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Түүнчлэн Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд хатагтай Тошико Абе, Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга, Японы Ерөнхий сайдын гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөх А.Нагашима, Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүд зэрэг албаныхантай хоёр талт уулзалт зохион байгуулж, боловсролын шинэчлэл, дээд боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх зэрэг чиглэлээр санал солилцов.

Монгол Улсад Коосен сургуулийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, шаардлагатай тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд нийлүүлэхээр болсноо Японы талаас дуулгаж, Монгол-Японы Парламентын найрамдлын бүлгийг идэвхжүүлэн, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар ярилцсан юм.

Мөн Монголын талаас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэлийг танилцуулж, япон хэлний багш, оюутан сурагчдыг үргэлжүүлэн сургах, инженер технологийн хүний нөөц бэлтгэх, Коосен сургуулийн үйл ажиллагааг бүсчилсэн байдлаар нэмэгдүүлэх тухай санал солилцлоо.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд гаргасан “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийг байгуулахад чиглэсэн хамтарсан мэдэгдэл”-д бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн” хэмээн санал нэгдсэн. Иймд Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Toшико Абэ хүний нөөцийг хөгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллаж, цаашид хоёр орны хооронд суралцагч солилцоог дэмжин, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд онцгой анхааран ажиллахаа илэрхийлэв.

Мөн Оберлин их сургуулийн ерөнхийлөгч Хироаки Хатаяма болон бусад албаныхантай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” хөтөлбөрийг танилцуулан, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцаж буй монголчуудын талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тус сургуулийн зүгээс үйл ажиллагаагаа танилцуулж, монгол суралцагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамруулж байгаа талаар мэдээлэв.