Монгол Улсын Боловсролын яам болон Люксембургийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Адина-тэгш боломж” ТББ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулсан тус сургалтад хамрагдсан мэргэжилтэн, арга зүйч, багш нар тэгш хамруулах боловсролын орчин болон арга зүйн тохируулга, хандлагын өөрчлөлт, сургалтын хөтөлбөрийг хүртээмжтэй, чанартай болгоход хувь нэмрээ оруулж, цааш түгээн дэлгэрүүлэх юм. Төслийн нэгж “Мэдлэ” цахим сургуультай хамтран цахим платформд байршуулах бэлтгэл хангаж байна.
Сургалтын хүрээнд дараах агуулгаар мэдээлэл солилцож, хамтран ажиллаж нэгдсэн ойлголттой боллоо. Үүнд:
- Монгол Улсын бодлогын баримт бичиг, хууль эрх зүйд тусгасан тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголт, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс;
- Тэгш хамран сургах боловсролын талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэгч талуудын оролцоо, анхаарах асуудал;
- Тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хамран сургах боловсрол, суралцахуйн түгээмэл загвар;
- Тэгш хамран сургах боловсролыг чанартай үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай сургалтын орчин, танхим тохируулга, анги зохион байгуулалт;
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, сургалтын хөтөлбөрт суралцахуйн түгээмэл загвар ашиглан хийх тохируулга, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй;
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол эзэмшихэд шаардлагатай дэвшилтэт технологи болон туслах хэрэгсэл;
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын гарааны үнэлгээ болон ахицыг үнэлэх аргачлал гэх мэт.
Дээрх агуулгыг тэгш хамруулах боловсролын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, ерөнхий боловсролын сургуулийн багш, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн төслийн ажлын хэсэг боловсруулж, онол 40 хувь, дадлага 60 хувь байхаар төлөвлөн, танхимаар зохион байгуулав.