Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтын батламжаа гардлаа

A- A A+
Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтын батламжаа гардлаа

Боловсролын яам, “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн хүрээнд Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймаг, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 18 багшийг Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалт”-д хамруулж, батламж олголоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтаар багш нар гурван бүлэг сэдвийн хүрээнд 40 цагийн агуулгыг судалж, монгол дохионы хэлний үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн анхан шатны мэдлэг чадвартай болж байна. Мөн өөрийн сургууль болон хамран сургах тойргийнхоо сонсголын бэрхшээлтэй хүүхэд, иргэдтэй өдөр тутмын харилцааны сэдвүүдийн хүрээнд тэдний эх хэлээр харилцаж, боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх юм.

Энэ онд EQUAL төслийн хүрээнд БНТУ-д Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтад 40 багшийг хамруулсан ба МУБИС-ийн “Багш, тусгай хэрэгцээт боловсрол” мэргэжлийн хөрвөх сургалтад 18 багшийг тэтгэлгээр сургаж байна.