Боловсролын сайдын шуурхай хуралдаан боллоо

A- A A+
Боловсролын сайдын шуурхай хуралдаан боллоо

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн үйл явдал, арга хэмжээ болон харьяа байгууллагуудын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулав.

Өнгөрсөн долоо хоногт Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны өвлийн Элсэлтийн шалгалтыг улс даяар зохион байгуулж, нийт 6141 шалгуулагч хамрагдлаа. Монгол Улс 2022 онд сурлагын амжилтын олон улсын PISA үнэлгээгээр сурагчдын бүтээлч сэтгэлгээг үнэлүүлсэн бол ирэх онд цахим орчинд суралцахуйн чиглэлээр үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байгааг тус төвөөс мэдээлэв.

Их, дээд сургуулийн хөрөнгийн менежментийн төвөөс  ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийн хөгжлийн концепцыг судалгааны их сургуулиас инновацын их сургууль болгох, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж багш, оюутан, ажилчдын сурах, ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх үзэл санааг тусгасан байдлаар төслийн эхний хувилбарыг боловсруулсан байна.

Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөнд боловсролын салбарт хэрэгжүүлэхээр тусгасан нийт ажил, арга хэмжээний гүйцэтгэл 98 хувьтай байна. Энэ оны есдүгээр сард гурван ээлжээр хичээллэж буй арван сургууль байсан бол шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлсний дүнд наймыг нь хоёр ээлжид шилжүүлж, үлдсэн хоёр сургуульд холбогдох арга хэмжээг авч, товлосон хугацаанд багтаан шийдвэрлэхээр ажиллаж буй. Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц сургуулиудад сурах бичгийн тохирцыг судалж эхэлсэн байна.