Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хоол тэжээлийн тусгай хэрэгцээт суралцагчдын хооллолтын байдлыг үнэлэх аргачлалыг манай улсад анх удаа боловсруулж байна.
Энэхүү аргачлалын төслийн хэлэлцүүлгийг Боловсролын яамнаас Эрүүл мэндийн яам, АШУҮИС, ШУТИС, ЖАЙКА, КОЙКА байгууллагын төслийн багууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл зэрэг холбогдох талуудыг оролцуулан зохион байгуулав.
Аргачлалыг эцэслэн боловсруулсны дараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий ерөнхий боловсролын сургуулиудын хоол зүйч, тогооч, багш, эмч нарт зориулсан сургалтыг танхимаар, “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн зорилтот 45 сургуульд зориулсан сургалтыг цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг аргачлалыг боловсруулах ажлын хэсэгт Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, ШУТИС, АШУҮИС, Хүүхдийг ивээх сан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий ерөнхий боловсролын сургуулиудын багш, хоол зүйч, эрдэмтэн, докторууд багтаж буй.