Тэгш хамран сургах боловсролын онол, арга зүйн чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтныг чадавхжуулах сургалтын үр дүнд хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ.
Үр дүнг үнэлэхдээ төсөл хэрэгжсэн Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг болон нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүргийн зорилтот сургуулиудын багш, удирдах ажилтнуудын мэдлэг, ойлголтыг асуулгын болон ярилцлага, ажиглалтын аргаар тандан судлав.
Сургалтад хамрагдсан багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээг судлан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоотойгоор ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж, сургалтыг үр дүнтэй зохион байгуулах боломжтой гэж үзсэн байна. Ялангуяа дунд, ахлах ангийн багш нарын хандлага, арга зүйд ахиц гарсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тасралтгүй суралцахад эерэг нөлөө үзүүлэх боломж нэмэгдсэнийг харуулжээ.
Багш нарын 93.6 хувь нь “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг ердийн сургууль, цэцэрлэгт хамруулах замаар тэдэнд боловсрол олгох бодлого, зарчмыг хэрэгжүүлэх”, 62.7 хувь нь “Хүүхдийг боловсролд тэгш хамруулан үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа суралцах, хөгжих, оролцох боломжийг бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зөв” гэж хариулсан байна.
Үнэлгээний баг нь “Цаашид тэгш хамруулах боловсролын орчин бүрдүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, хүүхдийн ахицыг үнэлэх талаар болон мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг сайжруулах хэрэгцээ байна” гэж үзжээ.